Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/001001

 

В.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

В.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч В.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж, надад 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Би 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Тэс, Хяргас, Малчин сумын 0.4 кв-н шугамын шинэчлэлийн ажлыг хүлээн авах техникийн комисст ажилласан. Ажил хүлээн авах комисс хуралдаж, дүгнэлтээ гаргахад би зарим ажлууд зөрчил дутагдалтай байгаа талаар санал авах хуудсаар бичиж, зөрчил арилсны дараа ажлыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Тэгтэл маргааш өглөө нь захирал Ц.Эрдэнэбаатар намайг өрөөндөө дуудаж уулзаад Чи юу яриад яваад байгаа юм гэх мэтээр загнасан. Би ажлын хэсэгт ажилласан талаараа тайлбарлах гэсэн боловч чамаас тайлбар сонсохгүй гэж загнаад өрөөнөөс гаргасан. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Б.Батзоригийг авч яваагүй гэж намайг буруутгасан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсан гэдгийг надад танилцуулсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6-д заасныг баримталсан ба би эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Миний хувьд байгууллагын ажлын хэсэгт ажиллахдаа ажлыг шууд хүлээж авах үүрэг аваагүй болно.

Иймд Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, тасралтгүй явуулах, ялангуяа яаралтай ажил үйлчилгээг иргэд байгууллагад аль болох түргэн шуурхай үзүүлэхэд нэг хүний санал бодлоос үл шалтгаалах ёстой. Байгууллагын удирдлагаас өгсөн цаг хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэхээсээ өмнө эсэргүүцэж тайлбар тавьж хамгаалах нь ажилтны эрх, үүрэгт хамаарахгүй. Манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас аймаг орон нутагт нөхөгдөшгүй хүнд гарз хохирол үүсдэг онцлогтой, онцгой байгууллага. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 318 тоот тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Г.Адьяахүү, зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, төсвийн хяналтын албаны дарга Б.Октябрь, захиалагч хяналтын хэлтсийн инженер Ч.Оюунболд, ахлах мэргэжилтэн Б.Энхнасан, цахилгаан тоноглол, хяналтын инженер А.Бадрал, Шугам Увс ХХК-ийн ерөнхий инженер Б.Чойжил, Увс Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн ерөнхий инженер Н.Басанхүү, ашиглалтын инженер Б.Нямзаяа, техник хяналтын инженер Б.Батзориг нарыг шугамын шинэчлэлийн ажил хүлээн авах техникийн комисст томилсон боловч манай компанийн эрчим хүч хэмнэлтийн менежер В.Ч- дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, комиссын гишүүн, техник хяналтын инженер Б.Батзоригийг орхиж явсан. Энэ нь хамт ажиллаж байгаа ажилтнаа үл хүндэтгэн нэр хүндийг нь гутаасан үйлдэл ба энэ нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б\161 дүгээр тушаал нь ажилдаа хувийн ашиг сонирхлоор хандаж, ажилтны нэр хүндийг гутаах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцэж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн В.Ч-т сахилгын хариуцлага тооцсон, захирлын эрх хэмжээний хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. В.Ч-ийн нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээ гэж үзэж байна. Иймд В.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Ч- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн сангийн 150000957 тоот данснаас 70,200 / далан мянга хоёр зуу/ төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч В.Ч-т олгосугай гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 сарын 19-ны өдрийн 147 дугаар шийдвэр, давж заалдах гомдлоор 2019 оны 03 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 05 тоот “Магадпал”-ыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч нь В.Ч-т сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн ажилтнаас ажлын байранд гаргахыг хориглосон үйлдлийг зохицуулсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь хэсгийг үндэслэж гаргасан “Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ий захирлын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн Б\161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаараа нотолж байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь ажилтны гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа тодорхой зохицуулсан заалтыг тусгасан, энэхүү заалтыг үндэслэж гаргасан Б\161 тоот тушаалаар В.Ч-ийн гаргасан зөрчил тогтоогдсон талаарх хууль зүйн үндэслэл нь тодорхойлогдсон гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. В.Ч-ийн эрхэлж байгаа ажил үүрэгтэйн холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн болон өгч байгаа үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй, эсэргүүцэж татгалзсан, үл хүндэтгэж харьцсан л баримт, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болсон байна. Түүний гаргасан дээрх үг, үйлдэл нь Б\161 тушаалын үндэслэл болсон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь хэсэгт хамаарагдаж байна гэж үзэж байгууллагын удирдлага сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар хэргийн нотлох баримтад тооцогдох ба Б\161 тоот тушаал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтаар давхар нотлогдоно гэж үзэж байна. В.Ч- нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд захирагдан түүнийг ямар нэгэн үг, үйлдлээр зөрчихгүй ажиллана гэдгээ илэрхийлэн тухайн ажил албан тушаалд томилогдсон ба хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалт зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл болсон.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 19-ны өдрийн 77 дугаар “Шийдвэр", давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27- ны өдрийн 05 дугаар “Магадлал”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч В.Ч- нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б/161 дүгээр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар эсэргүүцэж, бусдыг үл хүндэтгэж харьцсан гэсэн үндэслэлээр  В.Ч-ийн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ хэргийн 4 дүгээр тал/.  

Тушаалын үндэслэлд дурдсан хөдөлмөрийн гэрээний 4.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6-т ажилтан ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж, шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх ба нэхэмжлэгч энэхүү нэрлэн заасан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан ба хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.

Сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч 2019 оны 01 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд гаргасан хэргийн харьяалал болон гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзсан тайлбар түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.1.2 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлснийг анхан шатны шүүх анхаараагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ