Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 2135000000158 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 10-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т ургийн овогт Сгийн Н, Регистрийн дугаар: ОН 87100563.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн эсрэг талын таксины зогсоолоос 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй иргэн Д.Эын гээсэн “Ай фоне-10” загварын гар утсыг олж, улмаар гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл гэж мэдсээр байж завшиж түүнд 1,327,500 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Д.Эын мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дийн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч Ж.Огийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Ц.Өгийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:

1. Насанд хүрээгүй хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өнөөдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байх Нисэхийн 60 айлд байх гэрээсээ 13 цаг 10 минутын үед гарахдаа өөрийн эзэмшлийн I рone X загварын гар утсаа авч гараад АПУ-ийн хажууд байх таксины зогсоолоос Приус 10 загварын машинд суугаад Хаш барилгын материалын дэлгүүрийн үүдэнд буугаад дэлгүүрийн 2 давхарт гарч байшингийн обойгоо сольж аваад зах руу алхаж ороод тухайн газраасаа гэр лүүгээ яваад гэртээ очсоны дараа өөрийн эзэмшлийн гар утсаа гээснээ мэдсэн. Тэгээд би өөрийнхөө утас руу аавынхаа утаснаас залгахад 2 удаа залгаад 3 дахь удаагаа залгахад миний утас унтарчихсан байсан. Би тухайн гар утсаа Улаангом сумын 12 дугаар багт байх Номин худалдааны төвөөс 2021 оны 8 дугаар сард 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, шилэн наалт нь доогуураа хагарсан, гадна талын хүрээ нь сэвтэй, өнгөгүй кейстэй /Номин худалдааны төвөөс 2021 оны 9 дүгээр сард 20,000 төгрөгөөр авсан/ байсан. Би тухайн сууж явсан таксиныхаа өнгийг сайн мэдэхгүй байна. Би тухайн гар утсаа хаана гээсэн талаар сайн мэдэхгүй байна. Такси дотор унагаагаад буучихсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэр Мөнхжаргал хүү Д.Э хоёр 12 цагийн үед барилгын материалын дэлгүүр орж обой авахаар “Хаш” барилгын материалын дэлгүүр явсан. Би араас нь гараад дагаж “Хаш” дэлгүүрийн гадна очоод өөрийн 80901665 дугаарын утаснаас эхнэр Мөнхжаргал руу залгаад “хаана байгаа юм бэ?” гэж асуухад “Хаш” дэлгүүр дотор 2 давхарт обойны тасагт байна ороод ир гэж хэлээд таслахаар нь би Д.Эын 80661665 дугаар луу залгахад утсаа авахгүй таслаад байсан. Би тухайн үед гурван удаа залгахад утсаа аваагүй, дөрөв дэх удаагаа залгахад Д.Эын утас унтарчихсан байсан. Тэгээд би эхнэр Мөнхжаргал, хүү Д.Э хоёр “Хаш” барилгын материалын дэлгүүрээс гарч ирэхээр нь Д.Эыг “утсаа яагаад авдаггүй юм бэ, хүн залгаад байхад” гэж хэлэхэд Д.Э “би утсаа таксинд орхичихжээ, би таксины жолоочийг танина” гэж хэлэхээр би эхнэр Мөнхжаргал, хүү Д.Э хоёрыг дагуулаад тэр Приус 10 загварын автомашины жолоочтой уулзахад жолооч нь “би та хоёрыг буулгаад нэг эмэгтэй хүн аваад захын үүдэн дээр буулгасан тэр хүн авсан байх” гэж хэлж байсан. Би машиныг орж шалгахад утас байгаагүй байсан ба эхнэр Мөнхжаргал цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй, утасны код болон, шилэн наалт солиулсан мөнгөн дүнгээ гаргуулж авна. Хүү Д.Эын гээгдүүлсэн гэх гар утсыг С.Н гэх эмэгтэй олж авсныхаа дараа утас засварчин дээр очиж цоожийг тайлах гэж байхад нь эхнэр Мөнхжаргалын найз болох утас засдаг найз нь эхнэр Мөнхжаргалтай холбоо барьж таны хүүхдийн утас С.Н гэх эмэгтэйд байна гэж хэлсэн байсан болохоор нь би эхнэр Мөнхжаргал, хүү Д.Эын хамт очиж найзынхаа утас засварын газраас очиж С.Нгаас хүү Д.Эын “Ай фоне-10” загварын утсыг авсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

3. Гэрч Ж.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр АПУ-ийн зогсоол дээр зогсож байтал зүс таних ээж, хүү хоёр миний машинд суугаад “Хаш” нэртэй дэлгүүрийн гадна буусан юм. Би уг хүмүүсээ буулгаад буцаад АПУ-ийн зогсоол дээр ирээд такисинуудын араас оочерлож зогсож байгаад дахин нэг эмэгтэйг суулгаад хүнсний захын үүдэнд буулгачхаад буцаад АПУ-ийн зогсоол дээр ирээд зогсож байтал “Хаш” дэлгүүрийн үүдэнд буулгасан ээж, хүү хоёр ирээд “би таны машинд утсаа орхисон юм шиг байна, та авсан уу” гэж тухайн хүүхэд надаас асуухад би тэр хүүхдэд “ах нь утсыг чинь хараагүй юм байна, чи наад машиндаа сайн хар, миний утсаар залгаад үз” гээд утсаа өгөөд залгуулсан юм. Тухайн хүүхдийн утас холбогдохгүй болсон байсан бөгөөд миний машинд утас ч байгаагүй юм. Би АПУ-ийн зогсоолоос суулгаад захын үүдэнд буулгасан эмэгтэйг танихгүй юм байна. Уг эмэгтэй залуухан эмэгтэй харагдсан, миний машины арын суудалд суусан мөн амны масктай байсан учир тухайн эмэгтэйг таних боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

4. Гэрч Ц.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Итгэлт” барааны зах дотор хувиараа гар утас засвар ажиллуулдаг. “Хэд хоногийн өмнө цагаан өнгийн “Ай фоне-10” загварын гар утас таксинд мартаж буусан тул код гаргуулна гэж хүн ирвэл надад хэлээрэй” гээд зүс таних эмэгтэй хүн надад ирж хэлээд утасны дугаараа үлдээгээд явсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны 14 цагийн үед миний зүс таних залуу надад утасны код гаргуулна гэж хэлээд цагаан өнгийн “Ай фоне-10” загварын гар утас авч ирсэн. Тэгээд тухайн зүс таних залууд надад нэг эмэгтэй хүн гар утсаа гээчихлээ хүн авч ирж код гаргуулна гэвэл надад хэлээрэй гэж хэлчхээд явсан, чиний гар утас чинь тэр эмэгтэй хүний гар утас байж магадгүй гэж хэлэхэд нөгөө зүс таних залуу “мэдэхгүй би эзнээс нь асууж байгаад болъё, надад хөдөөнөөс явуулсан утас юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи надад дугаараа өгчих, би нөгөө эмэгтэйд чиний дугаарыг өгье” гэж хэлээд утасны дугаарыг нь авч үлдээд нөгөөд эмэгтэйд хэлсэн. Тухайн утасны кодыг буруу хийгээд байж блоклоод хаячихсан байсан. Эвдрэл гэмтэлгүй утас байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

5. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тус аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1-р 60 айлын орон сууцны 50 тоотод байх гэрээсээ хүү Эын хамт 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд гарч тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах АПУ худалдааны төвийн дэргэдэх таксины зогсоолоос таксинд сууж “Хаш” барилгын материалын дэлгүүрийн үүдэнд очиж буусан. Уг дэлгүүр лүү ороод худалдан авсан 4 ширхэг обойгоо солиулаад гарч ирэхэд нөхөр Дэлэг дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэндээс зах руу алхаж явж байтал нөхөр Дэлэг “Та хоёр сая яагаад утсаа авахгүй байв. Хүн залгаад байхад” гэж хэлэхээр нь би утсаа гаргаж харахад ямар нэгэн дуудлага ирээгүй байхаар нь “Чи залгаагүй байна” гэж хэлэхэд нөхөр Дэлэг “Би юу гэж чам руу залгадаг юм бэ? Эын утас руу залгасан” гэж хэлсэн. Тухайн яриа гарсны дараагаар хүү Э утсаа хайхад биед нь гар утас нь байхгүй байсан ба бид нар хоорондоо ярилцахад хүү Э таксинд гар утсаа орхиж буусан байх магадлалтай байсан. Хүүг гар утсаа гээснийг мэдсэний дараагаар бид нар гэр лүүгээ очиж худалдаж авсан зүйлсээ тавьчхаад буцаж гарч таксины зогсоол дээр очсон. Хэсэг хугацааны дараагаар бид нарын суусан такси хүрч ирэхээр нь жолоочтой нь уулзаж “Машинд нь гар утсаа үлдээсэн байна” гэж хэлэхэд таксины жолооч “надад юм мэдэгдсэнгүй, та нарыг бууснаас хойш нэг хүн миний машинд суусан, тэр хүн захын үүдэнд очиж буусан” гэж хэлсэн. Таксины жолоочтой уулзсаны дараагаар цагдаагийн байгууллагын 7045102 дугаарын гар утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 2 орчим хоногийн дараагаар Итгэлт барааны зах дотор гар утас засварын үйлчилгээ явуулдаг зүс таних Ө гэх залууд утасны дугаараа үлдээгээд өөрсдийн гээгдүүлсэн гар утасны талаар хэлж захисан. Түүнээс хойш 1 эсхүл 2 хоногийн дараагаар Ө миний гар утас руу залгаж “чиний гээгдүүлсэн гар утсыг чинь нэг хүн барьчихсан орж ирлээ, чи ямар ч байсан хүрээд ир” гэж хэлэхээр нь би Итгэлт барааны зах дээр очиж Өтэй уулзахад “та эвтэйхэн ярьж байгаад утсаа салгаад аваарай” гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Уг дугаар луу залгаж “Сайн байна уу? Миний гээсэн утсыг та авч явж байгаа юм шиг байна. Тантай уулзах гэсэн юм” гэж хэлэхэд “энэ утсыг би мэдэхгүй байна, надад утас өгсөн хүнтэй ярьж байгаад чамд хариу өгье” гэж хэлээд утасны дуудлагаа тасалсан. Тухайн өдөр хэд хэдэн удаа утсаар ярьж байгаад уулзахаар болсон ба тухайн өдрийн 16 цагийн орчимд хойд дөрвөн замын уулзварын дэргэд байрлах “Жимст хөхий” нэртэй хүнсний дэлгүүрийн дэргэд очиж зогсоход нөхөр, хүү бид гуравтай 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүрч ирж уулзсан ба “энэ утас мөн үү?” гэж хэлээд хүү Эын гээгдүүлсэн гар утсыг харуулсан. Бид нар “мөн байна” гэж хэлээд утсаа авсан бөгөөд “та нар хаанаас олж авсан юм бэ?” гэж асуухад “Нэгдсэн эмнэлгийн урд талаас олж авсан. Тэр өдөр энэ утас асаалттай байсан, нэг ч хүн залгаагүй” /аль нь хэлснийг санахгүй байна гэх/ гэж хэлж байсан. Тухайн үедээ хоорондоо маргалдаж байгаад салж явцгаасан. Нөхөр, хүү бид гурав гэртээ очоод утсаа асаах гэхэд блоклосон байсан ба утасны шинэ наалтыг нь авч хаясан байсан. Хүү Э бид хоёр 4 хоногийн турш Улаангом сумын засварын газруудаар явж байж уг утасны кодыг гаргуулж авсан. Кодыг 30,000 төгрөгөөр гаргуулсан. Мөн шинэ шилэн наалт 10,000 төгрөгөөр худалдан авч, шинээр ID хаягийг 10,000 төгрөгөөр нээлгэсэн. Бид нарыг утсаа авахад утсанд байсан сим картыг гаргаж хаясан байсан тул сим картыг 3000 төгрөгөөр сэргээлгэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

6. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “2021 оны 9 дүгээр сарын байдлаар Улаангом суманд Ай фоне-10 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,312,500 төгрөг, сим карт, утасны кейс нийт 15,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,

7. Шүүгдэгч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “Би нөхөр Гын хамт 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд тус аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 10-06 тоот хашаанд байх гэрээсээ гарч тус аймгийн Улаангом сумын 12 дугаар байрлах Итгэлт барааны зах руу явсан. Бид 2 айлын найранд оролцохоор явах гэж байсан болохоор бэлгэнд өгөх эд зүйл худалдан авч байгаад 12 цагийн орчимд нөхөр Гоос салж тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах төв эмийн сангийн хажуу талын үсчин рүү орсон. Би ойролцоогоор 14 цагийн орчимд үсээ янзлуулж дуусаад үсчний газраас гараад явж байгаад буюу төв эмийн сангийн урд талын зогсоол дээрээс газар хэвтэж байсан Ай фоне-10 загварын гар утас олж авсан. Намайг утас олж авахад унтарчихсан байсан. Тэндээс би Итгэлт барааны зах руу алхаж очиж нөхөр Гтой уулзсан. Тухайн өдөр найранд явах гэж байсан болохоор уг утсыг цүнхлээд гэртээ орхисон. Тэгээд маргааш өдөр нь гэрээ цэвэрлэж байтал манай хүүхдүүд миний олж авсан утсаар тоглож байсан. Тэгээд тэр утсыг асааж үзэх гэтэл код нэхэж байсан. Тухайн үед “Кодыг нь гаргуулж барья” гэж бодсон бөгөөд уг гар утасны кодыг гаргуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Год өгч явуулсан. Нөхөр Г 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн бөгөөд “энэ гар утасны эзнийг гар утас засварын хүн таньдаг юм байна, эзэн нь надтай утсаар ярьлаа” гэж хэлсэн. Тухайн өдрийн 16 цагийн орчимд нөхөр бид хоёр утсаар ярьж байгаад гар утсыг эзэнд нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлгийн урд талд байх таксины зогсоолоос 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй иргэн Д.Эын гээсэн “Ай фоне-10” загварын гар утсыг бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт болжээ.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэдгийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон эд зүйлсийг бусдынх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж, завшихыг ойлгоно.

Бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч нь цагдаагийн газарт мэдэгдэх үүргээ биелүүлэн буцааж өгөх боломж бололцоо байсаар байхад өөрийн эзэмшилд байлгаж, улмаар тухайн эд хөрөнгийг захиран зарцуулж, ашиг хонжоо олох гэсэн нийгэмд аюултай, гэм буруугийн шууд санаатай үйлдэл гаргажээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтээр халдлагын зүйл /гар утасны/-ийн үнэлгээг 1,312,500 төгрөгөөр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээгээр үнэлжээ. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 1,327,500 төгрөгийн хохирол учирсан байна. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэж, мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүгдийг төлүүлж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Гын “С.Н бид хоёр дөрвөн хүүхдийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 10-06 тоотод амьдардаг бөгөөд одоохондоо С.Н нь эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг, харин би Увс аймгийн Улаангом сумын мал эмнэлэгт жолоочоор ажилладаг юм. ...С.Н нь зан аашийн хувьд ер нь хүнд тусархуу, хүн болгонтой эв зүйг нь олоод харилцдаг, харилцааны соёлтой, эелдэг даруухан, бусдыг хүндэлж харьцдаг, тусархуу, энэ тэнд юм хийгээд өг гэхээр туслаад явж байдаг хүний хэлснээр л явж байдаг хүн юм. С.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, элдэв хорт муу зуршилгүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, даруу дөлгөөн зантай хүн юм. С.Н нь биеийн эрүүл мэндийн хувьд сайн, биед ямар нэгэн өвчин, архаг өвчин гэх зүйл байдаггүй. С.Нгийн сайн тал нь ном унших дуртай, аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг, спортоор сонирхож хичээллэдэг, халамжтай, гэр орны ажлаа гартаа оруулчихсан, ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ ханддаг, ажлын бүтээмж сайтай, тусархуу хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Б.Бн “...С.Н нь зан аашийн хувьд ер нь хүнд тусархуу, хүн болгонтой эв дүйг нь олоод харилцдаг, харилцааны соёлтой, эелдэг даруухан, бусдыг хүндэлж харьцдаг, амьдралын нарийн ухаантай, хар бор амьдралыг мэддэг, ойлгодог учир хүнээс ямар нэгэн зүйл харамлаад байдаггүй, бусадтай нийтэч, сум орон нутагтаа, нутгийн иргэдэд нэр хүнд сайтай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүнтэй яриа сайтай, тусархуу энэ тэнд юм хийгээд өг гэхээр туслаад явж байдаг хүний хэлснээр л явж байдаг хүн. Эд хөрөнгө, амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн амьдралтай бөгөөд гэр оронд нь дутагдаж гачигдах зүйл байхгүй С.Н эгч бие эрүүл мэндийн хувьд сайн бөгөөд биед ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байдаггүй, эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх баримт болох ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 82-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ургийн овогт Сгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН