Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/927

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч _____,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _,____ дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ____ төрсөн, ____ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос ноолуур борлуулалтын техникийн мэргэжилтэн мэргэжилтэй, “____” _____ тоотод оршин суух бүртгэлтэй, _____ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____/________/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.М- нь _________-ны өдөр хохирогч Д.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожны төмөр арлыг нь хөшиж, дотогш нэвтэрч 280,000 төгрөгийн үнэлгээ бүхий “____” маркийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Архи ууж байхдаа “эгчийнхээ зурагтыг үзэхгүй юу” гэж байсан. Унтаж байгаад сэрээд хэлснийг нь санаад цоожтой хаалгыг нь онгойлгоод орж авсан. Хулгай хийх санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн ______ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Б-ийн: “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед хөрш зэргэлдээ урд талын гудамжинд амьдрах Д- ахын хүүхэд М- орж ирсэн. “Баярын мэнд хүргэе гээд 2,5 литртэй пиво авч орж ирсэн. Бид хоёр пивоо ууж дуусгахад М- “Эгчээ хоёулаа архи ууя, би дэлгүүр орчхоод ирье гээд гэрээс гарч явсан. Удалгүй 0,5 литртэй архи авч ирээд намайг гэр рүүгээ оръё гэсэн. Би дагаж ороод архинаас ууж байгаад хэсэг хугацааны дараа гэртээ орсон. М- унтлаа гээд үлдсэн. ...А- надад “Манай ээжийнд очъё гэхээр нь зөвшөөрч, эгчийнд очихоор гэрээс гараад Нарангийн голын дунд буудал орчим явж байтал хөрш А- гэх эмэгтэй манай охин руу залгаад “Танай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэртээ яваад очтол А- надтай хамт архи ууж байсан М-ыг танай зурагтыг хулгайлсан хүн энэ байна гээд бариад зогсож байсан. М- таамбарын цоожны рамыг мушгиж ороод гэрийн хойморт байрлах “Toshiba” маркийн 24 инчийн зурагтыг таамбарын гадна гаргаад тавьчихсан байсан. Мөрдөгчөөс зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авсан болохоор одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Харин цаашид уг асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-17-18, 21/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн ____ дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: ““Toshiba зурагт (хуучин хэрэглэж байсан) 280,000 төгрөг (элэгдэл тооцов)” гэжээ /хх-31-34/,

Гэрч Б.А-гийн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ байж байгаад гарч 00 руу орохоор гарахад Д.Б-ийн гэрийн хаалганы цоожийг нэг үл таних залуу оролдож, хүчтэй хэд хэд татаж байгаад хаалгыг онгойлгоод орсон. Би яваад очиход хар өнгийн зурагт бариад гараад ирсэн. Би “наад зурагтаа яах гэж байгаа юм” гэхэд “би барьцаанд авч байгаа юм” гэсэн. Тэгээд би Д.Б-ийн охин У- руу залгаж болсон асуудлыг хэлэхэд 10 орчим минутын дараа ирсэн. Тэгээд У- үл таних залуутай маргалдаад цагдаад хандахад би гэр рүүгээ явсан. М- нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-27/,

Насанд хүрээгүй гэрч Б.У-ын: “...2021 оны 7 дугаар сарын 10- ны өдөр гадуур ажилтай явж байгаад гэртээ очсон. Ээж архи үнэртүүлсэн байсан. Тэгээд А- ээжид “Манай ээжийнд очъё гэж хэлтэл ээж зөвшөөрөөд Био комбинатад байх Болорчимэг эгчийнд очихоор гарсан. Бид нар Нарангийн голын дунд буудал дээр явж байтал манай хөрш А- гэх эмэгтэй танай гэрт хулгай орсон байна” гэж миний утас руу залгаж хэлсэн. Тэр даруй яваад очтол А- эгч хулгайн гэмт хэрэг үйлдсэн манай урд талын гудамжинд амьдрах М- гэх залууг барьчихсан байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг хийгээд зурагтыг хүлээлгэн өгөөд явсан. М- манай гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах эрх огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Шүүгдэгч Д.М-ын яллагдагчаар өгсөн: “...Б- эгч “хөдөө явна” гэхээр нь би зурагтыг нь гуйхад зөвшөөрсөн. Тэгээд гэр лүү орж зурагтыг аваад таамбарын үүдэнд сууж байхад хажуу айлын хүн нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,  

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, “____ “Д.М- нь дулааны шугам хоолойн слесариар ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт /хх-57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-61/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/, хохирогчийн “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М-тай хамт архи уусан. Тэгээд намайг Био явсан хооронд хөрш М- манай гэрт нэвтэрч Тошиба 24  инчийн зурагт аваад гарч байхад охин зогсоож цагдаад хандсан. Иймд надад ямар нэгэн хохирол учраагүй учир гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-65/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн камерын бичлэгийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.М- нь _________-ны өдөр хохирогч Д.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожны төмөр арлыг хөшиж, дотогш нэвтэрч 280,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toshiba” маркийн зурагтыг хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол биет байдлаар төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. 280,000 төгрөг нь хохирлын бага хэмжээнд хамаарч байгаа, хохирол төлөгдсөн. Хохирогч “гомдол саналгүй” гэсэн байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.М- согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байрлах хохирогч Д.Б-гийн монгол гэрийн хаалганы цоожны төмөр арлыг хөшиж нэвтэрч 280,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toshiba” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Б-ийн “...хөрш айлын А- гэх эмэгтэй манай охин У- руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Очтол А- надтай хамт архи ууж байсан М-ыг танай зурагтыг хулгайлсан хүн энэ байна гээд бариад зогсож байсан. М- таамбарын цоожны рамыг мушгиж ороод гэрийн хойморт байрлах “Toshiba” маркийн 24 инчийн зурагтыг таамбарын гадна гаргаад тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18, 21/,_____ 652 дугаар “Toshiba зурагт (хуучин хэрэглэж байсан) 280,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31-34/, насанд хүрээгүй гэрч Б.У-ын “...Бид 3 тэр даруй яваад очтол А- эгч хулгайн гэмт хэрэг үйлдсэн манай урд талын гудамжинд амьдрах М- гэх залууг барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б.А-гийн “...Д.Б-ийн гэрийн хаалганы цоожийг нэг үл таних залуу оролдож, хүчтэй хэд хэд татаж байгаад хаалгыг онгойлгоод орсон. ...хар өнгийн зурагт бариад гараад ирсэн. Би наад зурагтаа яах гэж байгаа юм гэхэд би барьцаанд авч байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/ зэрэг нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М- хохирогч Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч эд зүйлийг нь авсан үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрч Б.А- гэрийн гадна ирсний улмаас гэмт хэрэг төгсөөгүй болох нь тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ. Хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцох бөгөөд шүүгдэгч тухайн эд хөрөнгийн хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас буюу монгол гэрээс хөдөлгөж шилжүүлсэн (гэрийн гадна гаргаж тавьсан) боловч өөрийн болгон хэрэглэх бодит боломж бүрдээгүй байсан тул хулгайн хэрэг төгссөнд тооцох үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Д.М-ын хохирогч Д.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг “Toshiba” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-т 280,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэх боломжгүй, харин мөн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, хохирогчийн эзэмшлийн монгол гэрийн таамбарын хаалганы цоожны төмөр арлыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн, “Toshiba” маркийн 24 инчийн 1 ширхэг зурагтыг гаргаж тавин бусдын өмчлөх эрхэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 280,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол, саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой ажил орлоготой/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаа) сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Д.М-ын дээрх үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.М-ын “...Би хулгай хийх санаагүй байсан, би зурагтыг нь барьцаанд авсан, зурагтыг нь үзэх гэж л айл руу орсон...” гэх зэрэг мэдүүлгээс дүгнэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Улаан сахалт овогт Д-гийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.М-ыг 6 (зургаа) сарын хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР