Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2017/00640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00410/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарьдаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, Малчин, Хөтөл хороолол, 19 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвдорлигийн Байгалмаа /РД:ТЛ65061062, утас:9541 9547/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоотод оршин суух, Хонин онход овгийн Юндэндоржийн Оюунбилэг /РД:РЙ63062205, утас:9959 8654/

 

...Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууцыг Ю.Оюунбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Ж.Буянцогт болон түүний гэр бүлийхний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагч Ю.Оюунбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банкны Орхон жимс ногоо салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл ньшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.Буянцогт нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2-р гудамж, 07 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн Ү2004000127 тоото дугаартай 32 м.кв талбайтай, 3 өрө орон сууцыг өмчилдөг. Энэ байр нь одоогоор 5 хүний нэр дээр байгаад байдаг. Ж.Буянцогт нь 2004 оны 5 дугаар сард Орхон сумын Хаан банкнаас 300 000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, хүнсний ногоо тариалах зориулалтаар авсан байна. Түүнээс хойш Ж.Буянцогт нь ар гэрийн асуудлаас болж, гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин амьдарч байгаа. Ж.Буяцогтыг Улаанбаатар хотод амьдарч байх хугацаанд Орхон сумын Хаан банк нь зээлийн төлбөрийн Ю.Оюунбилэгээр төлүүлж, түүнд уг орон сууцанд амьдрах эрх олгосон байна. Энэ тухай Ж.Буянцогт нь огт мэдээгүй байдаг. Банкинд төлөх төлбөрийг нь төлсөн учир Ж.Буянцогт нь Ю.Оюунбилэгийг өнөөдрийг хүртэл өөрйн байрандаа үнэ төлбөргүй суулгаж ирсэн бөгөөд одоогоор ямар нэгэн түрээсийн төлбөр нэхээгүй байгаа. Ж.Буянцогт нь Ю.Оюунбилэгийг байрнаас гаргах гэсэн боловч Чиний банкны төлбөрийг би өмнөөс чинь төлсөн учир энэ миний байр гэж хэлээд байрнаас гарахгүй байна. Хэдийгээр Ж.Буянцогт нь Орохон сумын Хаан банкнаас авсан зээлээ төлөөгүй ч албан ёсоор байраа банкинд барьцаалаагүй учир үл хөдлө эд хөрөнгийн Ү2004000127 тоот дугаартай орон сууц нь Ж.Буянцогт түүний 4 хүүхдүүдийн албан ёсны хөрөнгө болно. Тийм учраас энэ байранд түр хугацаагаар оршин сууж байгаа Ю.Оюунбилэгийг албадан гаргаж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Ю.Оюунбилэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2007 оны 4 сарын 11-нд Хаан банкны байр зарна гэсэн зарын дагуу 436 000 төгрөгөөр худалдаж авсан. Хаан банкнаас худалдаж авсан учраас байрнаас гарах шалтгаан байхгүй. Нэхэмжлэгчийг огт танихгүй харж байгаагүй. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банкны Орхон Жимс ногоо салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй учраас би сайн мэдэхгүй. Хариуцагч Ю.Оюунбилэг эгчтэй уулзахад байраа хүлээн зөвшөөрөөд нэр дээрээ шилжүүлэх гээд нотариат дээр очсон юм гэдэг. 2014 онд нотариатаар гэрчлүүлэх гээд эхнэр нөхөр хоёр явж байсан хүүхдүүд нь байхгүй тухайн үед насанд хүрчихсэн байсан учраас тэр хүүхдүүдийгээ заавал авчирч байж байр шилжүүлэх асуудлаа шилжүүл гэсэн асуудал нотариатч ярьсан байдаг гэсэн. Тухайн үед Ж.Буянцогт нь энэ хүнд байраа шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан байж одоо яагаад ингэж маргаад байгаа ойлгохгүй байна мөн тухайн үеийн байрны ханш 400-500 мянган төгрөгний хооронд байсан Ж.Буянцогт тэр үедээ зээлээ төлөөгүй зээлийнхээ барьцаанд байраа өгчихсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд явчихаад одоо ийм зүйл яриад байгааг гайхаж байна. 2006 оны 5 сарын 8-наас зээл авахдаа 2006 оны 11 сард эхний зээлийн төлбөрөө төлөхөөр тохирсон түүнээс хойш зээлийн төлөлтөө хийгээгүй явсан. Зээлийн гэрээнд 2006 оны 11 сараас хугацаа хэтэрсэн байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Энэ асуудлыг харахад Ю.Оюунбилэг гэдэг хүн банкны санал болгосны дагуу мөнгөө төлөөд авсан гэдэг боловч миний зүгээс харахдаа барьцааны гэрээний 6,5 дах хэсэгт заасан заалтад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж хүчин төгөлдөр болно заалт байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлсэн юм бол 2017 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахаар энэ нэхэмжлэлд дурдагдсан 4 хүний нэр дээр үл хөдөлөх эд хөрөнгө байна энэ үүрэг ноогдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж гарсан. Хэрэв барьцааны гэрээний 6,5 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн байсан бол энэ хүмүүсийн нэр дээр байна магадгүй эсвэл Хаан банкны барьцаанд байгаа гэж гарах ёстой байсан. Тухайн үед зээл олгохдоо Хаан банк буюу гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүйгээсээ болоод зээлийн гэрээ хүчин төгөлдөр харин барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус асуудал гэж харж байгаа. Нэхэмжлэгчинй үл хөдөлөх эд хөрөнгө гэдгийг тогтоож өгөөч хэрэв мөн бол энэ улсуудыг байрнаас чөлөөлж өгөөч. Харин тэр байрны шилжүүлэг хийх гээд нотариатч дээр очдог асуудлыг Ж.Буянцогт надад хэлээгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хөрөнгийг шижлүүлсэн актнд Ж.Буянцогт нь 156 хоногийн хугацаа хэтэрсэн гээд байдаг боловч 2006 оны 5 сарын 8-наас юм бол үндсэн 9 сарын хугацаа 2007 оны 2 сарын 8-ний өдөр дуусч байх ёстой юм. Гэтэл энэ акт 4 сарын 11-ний өдрөөс гарсан гэхээр 2 сарын 8 наас хойш тоолоход 63 хоног хэтэрсэн байхад 156 хоногийн хугацаа хэтэрсэн зээл гээд явж байна. Гэтэл Хаан банк яагаад үндсэн зээлийн хугацаа дуусаад 63 хоног болж байхад 156 хоног гээд бараг 100 хоногоор алдаж тоолсон юм. Тэгтэл банк гэдэг нэг өдрөөр нэг мөнгөөр асуудлыг ярьдаг нарийн тооцдог байгууллага юм. Барьцааны гэрээний журам байх ёстой гэтэл зүгээр хэн нэгний хөрөнгийг энэ хүнд шилжүүлчихлээ гэдэг асуудал ярьмаар байна. Зээлийн хүүг хэрхэн яаж тооцсон сарын 3 хувьтай байсан юм бол яагаад 436 000 төгрөгөөр тооцож өгсөн юм. Шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод дуудлага худалдаагаар ороод эзэмшигчид шилждэг ийм журамтай байх ёстой гэтэл энэ ийм зүйл байхгүйгээр байрыг худалдсан байна тийм учраас энэ байрнаас Ю.Оюунбилэгийг чөлөөлж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Ю.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Ж.Буянцогт,Уранчимэг хоёртой 2014 онд банкинд тааралдаад нотариат орсон. Харин нотариат ортол хүүхдүүд байхгүй гэээд хэлтэл нотариатч заавал бүгдийг нь байлцуулж нотлоно гээд би нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Түүнээс хойш тэр хоёр сураггүй болсон. Анхнаасаа банкинд зээлийн барьцаанд л тавьсан юм байна лээ. Байрны шилжүүлэг хийгээгүй 2007 оны 4 сарын 11-нд би Хаан банк-наас худалдаж аваад байрандаа орсон. Эдийн засагч нь түлхүүр өгөөд би байрандаа орсон. Хаан банкинд энэ асуудлын талаар хэлж байсан гэтэл тэр хүнээ өөрөө олоод ир гэдэг байсан олоод нэг уулзсан чинь хүүхдүүд нь тараад алга болсон хүүхдүүдийг нь байлцуулж байж шилжүүлэг хийнэ гэсэн болохоор өөрийн нэр дээр шилжүүлэг хийж чадаагүй. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Байгальмаагийн хариуцагч Ю.Оюунбилэгт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууцыг Ю.Оюунбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Ж.Буянцогт болон түүний гэр бүлийхний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Төлөөлүүлэгч Ж.Буянцогт нь төлөөлөгч П.Байгальмаад 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ю.Оюунбилэгт холбогдох Орон сууцнаас албадан гаргуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх зэрэг эрх олгосон итгэмжлэлийг 1 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууц нь Ж.Буянцогтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 45/62141 тоот ... Эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000127 дугаартай орон сууцны өмчлөгчөөр Иргэн Ж.Буянцогт ... нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрйин байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна ... гэсэн лавлагаа, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооноос олгосон Ү-0107655 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Ю.Оюунбилэг нь ...зээлдэгч Ж.Буянцогт нь 156 хоног хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэлтэй байгаа. Зээлийн барьцаанд байгаа 32 м/кв орон сууцны талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ю.Оюунбилэгт худалдахаар болов. Байрыг 400 000 төгрөгөөр худалдан зээлийг төлүүлэхээр шийдвэрлэв. / зээлдэгч одоогоор ор сураггүй байгаа/ гэх 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон жимс ногоо ХААН банкны зээлдэгч Ж.Буянцогтын барьцаа хөрөнгө болох байр Орхон сумын 1 дүгээр баг, 2 дугаар байр, 7 тоотыг иргэн Юндэндорж овогтой Оюунбилэгт худалдсан тухай актаар тухайн орон сууцны үнэ болох 400 000 төгрөгийг Ж.Буянцогтын өмнөөс зээлийн төлбөрт 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 35 500 төгрөгийг тус тус төлөн худалдан авсан байна.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Буянцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...барьцаа хөрөнгийг ямар журмаар худалдсан нь мэдэгдэхгүй, одоогоор энэ байр улсын бүртгэлд Ж.Буянцогтын нэр дээр бүртгэлтэй байгаа, өмчлөгч нь мөн, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр, лавлагаанд үүрэг ногдуулсан тухай бүртгэл байхгүй байгаа гэсэн ... гэж хариуцагч Ю.Оюунбилэг .... ХААН банкнаас уг байрыг зарна гэсний дагуу зээлийн төлбөрийг төлж худалдаж авсан, энэ олон жилийн дараа байрнаас гарах шалтгаан байхгүй, байранд өөр хүн амьдарч байгааг мэдэж байгаа мөртлөө яагаад ингэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2007 оны 04 дүгээр сарын 12-нд нүүж орсон. Хаан банкны эдийн засагч онгойлгож өгсөн ...гэж маргаж байгаа болно.

Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууц нь Ж.Буянцогтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан ... өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэснээр өмчлөлийн хөрөнгийг харилцан тохиролцон 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хүнсний ногоо тариалах зориулалтын дагуу авсан 400 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцааны зүйл болгон барьцааны гэрээ байгуулсан байна.

Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг нь 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл үргэлжлэн дуусгавар болох байсан бөгөөд, барьцааны зүйлийг худалдах үед зээлдэгч Ж.Буянцогт тухайн орон сууцанд оршин суугаагүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан. ...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрэлттэй байсан тул актаар худалдсан ...гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний нэг тал болох ХААН банкны Дархан салбарын Орхон ЖНТТ барьцааны зүйлийг Ю.Оюунбилэгт зээлийн төлбөрийг төлүүлэн худалдсанд одоогийн эзэмшигч, хариуцагч Ю.Оюунбилэг буруугүй бөгөөд Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д эзэнгүй эд юмыг илээр, шударга аргаар олж авсанаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн нэг адил эзэмшиж ирсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасанаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийг хуульчилсан ч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийгээгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаао зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10жил байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. ...гэснээр 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон жимс ногоо ХААН банкны зээлдэгч Ж.Буянцогтын барьцаа хөрөнгө болох байр Орхон сумын 1 дүгээр баг, 2 дугаар байр, 7 тоотыг иргэн Юндэндорж овогтой Оюунбилэгт худалдсан тухай акт гарсанаар түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэн, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд хариуцагч Ю.Оюунбилэгийн ...энэ олон жилийн дараа байрнаас гарах шалтгаан байхгүй, байранд өөр хүн амьдарч байгааг мэдэж байгаа мөртлөө яагаад ингэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2007 оны 04 дүгээр сарын 12-нд нүүж орсон. Хаан банкны эдийн засагч онгойлгож өгсөн ...гэсэн татгалзал Иргэний хууулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан. ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. ...гэснээр үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлийг бусдад худалдахад журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, энэ талаар шаардлага гаргах, өөрт учирсан бодит хохирол, алдагдалаа төлүүлэхээр шаардах эрх нь нээлттэй байна.

Хариуцагч Ю.Оюунбилэг маргааны зүйл болж байгаа орон сууцыг ХААН банкны Дархан салбарын Орхон ЖНТТ-өөс худалдан аван эзмшиж байгаагаас өөрийн эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол энэ талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хууулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч П.Байгальмаагийнхариуцагч Ю.Оюунбилэгт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийтийн 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 07 тоот, 32 м.кв орон сууцыг Ю.Оюунбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Ж.Буянцогт болон түүний гэр бүлийхний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хангаж өгнө үү. ... гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХААН банк төрийн сан 100190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ