Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн Харгана оршин суух, Цагаан гэрүүд овогт Рагчаагийн Доржсүрэн /РЕ58052770/-ийн хүсэлттэй

          Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Р.Доржсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1958 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 59 настай. Би 1976 онд 18 нас хүрээд цэрэгт явж, 1979 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тэгээд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Жаргалант сумын “Улаан туг ” нэгдэлд хоньчиноор 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Би одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад ажиллаж байсан байдлыг тогтоох хөдөлмөрийн дэвтрээ усанд унагаан үрэгдүүлсэн, ажилд орсон тушаал шийдвэр олдохгүй улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна.

      Иймд миний Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1 дүгэээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.     

    Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

         Нэхэмжлэгч Р.Доржсүрэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1980-1983, 1985-1989 онуудад хоньчин, малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар,

      Гэрч А.Цэрэнпүрэвийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би 1983 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын АДХГЗ-нд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очиход Р.Доржсүрэн нь цэргээс халагдаж ирээд тус сумын Улаан туг нэгдлийн 3, 4 дүгээр бригадад эхнэр Түмэн-Өлзийн хамтаар голдуу эм хонь төллүүлдэг байсан. Миний мэдэхийн нэгдэл тартал буюу 1992 оныг хүртэл хоньчиноор  ажилласан юм. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын АДХГЗ-нд хэсгийн төлөөлөгчөөр 1983-1985 он, Түнэл, Шинэ-Идэр сумдад 1985-1989 онуудад шилжин ажиллаж байгаад 1990 оны эхээр Жаргалант сумандаа ажиллахаар дахин томилогдож тус суманд 1995 оныг дуустал хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж  байсан юм...” гэх,  

      Гэрч Д.Түмэндэмбэрэлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Р.Доржсүрэн нь гурван жилийн цэргийн алба хаагаад 1980 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхлэсэн бөгөөд тэр үеэс хойш нэгдэл тартал буюу 1992 он хүртэл ажилласан. Миний санахын Р.Доржсүрэн нь нутгийнхаа Түмэн-Өлзийтэй 1982 онд буюу намайг цэрэгт явж байхад гэр бүл болж байсан. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1985 онд цэргээс халагдаж ирээд жолоочоор 1992 оныг дуустал ажилласан....” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10/241 дугаартай “... тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Р.Доржсүрэнд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Харин нэхэмжлэгч Р.Доржсүрэнгийн 1980 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан гэрүүд овогт Рагчаагийн Доржсүрэн /РЕ58052770/-г Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн   1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах малчин, хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 дугаар сарын 01-ны  өдрийг хүртэл малчин хоньчиноор ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА