Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00701

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, Хотгойд овогт Сүхбаатарын Эрдэнэцэцэг / РЖ67120902/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.
 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Эрдэнэцэцэг нь1983 онд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд элсэн орж аав, ээж хоёрын хамт мал маллаж байсан.1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын               31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумынАрдын зориг нэгдлийн 2 дугаар бригадад хоньчиноор ажиллаж байсан юм. Гэтэл өндөр настны тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, бусад материал байхгүй зэргээс миний ажилласан жил тооцогдохгүй байна.

           Иймд С.Эрдэнэцэцэг миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 2 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажилласан  байдлыг тогтоож өгнө үү гэжээ.  

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 2 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

          Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983-1989 онуудад хоньчиноор ажилласан жил, авсан цалин хөлсийг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл   сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,

          Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай “...1.Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа малчин 8 эхчүүдийн хүүхдийг 6 сартай болтол 40 төгрөгийн тэтгэмжийг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 165 дугаар тогтоолын 12 дугаар зүйлд зааснаар олгосугай ...” “5. Овог нэр-С.Эрдэнэцэцэг, албан тушаал-хоньчин, бригад-2, тэтгэмж эхлэн олгон он, сар, өдөр-1985.9.13 “ гэх  Эхчүүдэд тэтгэмж олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

           Гэрч Ц.Оюундалайн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... С.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг,

            Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:”...  С.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оноос 1989 оныг дуустал малчнаар ажилласан ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/104 дугаартай “....Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983-1983 оны тушаал шүүж үзэхэд С.Эрдэнэцэцэгийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архит байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгийн хохирол учирч шатсан  болохыг тодорхойлов....” гэх,

 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/194 дугаартай  “... Тус сумын захиргааны барилга нь 1997 онд шатсаны улмаас Ардын зориг нэгдлийн цалингийн данс, холбогдох баримт шатаж устсан, нэгдлийн гишүүдийн нэрс бичигдээгүй орхигдсон, зарим бригадын цалин хөлсний баримт дутуу байдаг тул тухайн үед нэгдэлд ажиллаж байсан С.Эрдэнэцэцэгт холбогдох лавлагааг

бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов “ гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Сүхбаатарын Эрдэнэцэцэг /РК67120902/-г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА