| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2019/0310/З |
| Дугаар | 604 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 604
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэл гаргагч: “Ф” ХХК
Хариуцагч: ХЗДЯ, УБЕГ
Нэхэмжлэлийн шаардлага: “...УБЕГ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1630 дугаартай хариу мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/2601 дугаартай хариу, ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаартай хариуг тус тус хүчингүй болгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “Ф” ХХК-ийн гадаад хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахыг УБЕГт даалгах, Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “Ф” ХХК-ийг УБЕГт төлсөн 54 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэг улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр дор дурдсан өөрчлөлтүүдийг шууд эсвэл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэхийг УБЕГт даалгах. Үүнд: “Ф” ХХК-ийн өөрийн хөрөнгийг 16 580 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 204 060 000 төгрөг болгож компанийнхаа дүрэмд энэ өөрчлөлтийг оруулсан, компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 10 000 төгрөг байснаас 1 000 төгрөг болгосон, компанийн хаягийг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-40-ийг байснаас тус сумын Эрдэнэ багийн 10Б-1А болгосон, компани утасны дугаарыг нь 95 90 06 13 болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10Б-1Б болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн утасны дугаарыг 88 83 92 35 болгосон, компанийн үүсгэн байгуулагч Henri de Solages-ийг гүйцэтгэх захирал болгосон зэрэг өөрчлөлтүүд болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-ийн дагуу “Ф” ХХК-ийн төлсөн 54 000 төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамжаас илүү Улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “Ф” ХХК-ийг Орхон аймгийн улсын бүртгэл рүү шилжүүлэхийг УБЕГт даалгах, Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-ийн дагуу “Ф” ХХК-д бусад монгол компаниудын адил хугацаагүй, “Гадаадын хөрөнгө оруулалттай” гэдэг бичиггүй шинэ гэрчилгээг шууд эсвэл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ олгохыг УБЕГт даалгах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-ын дагуу 200000 төгрөг + 8800 төгрөг + 23500 төгрөг = 232300 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцагч бүрээс гаргуулж өгнө үү. 2019 оны 08 дугаар сарын 29-ний ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-ны дагуу 400000 төгрөг +4260 төгрөг + 8800 төгрөг + 30000 төгрөг + 81629 төгрөг + 184800 төгрөг + 116500 төгрөг = 817180 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцагч бүрээс гаргуулж өгнө үү” гэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Henri de Solages, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбилэг, Д.Онон нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Ф” ХХК нь анх Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А-3409 тушаалыг үндэслэн Гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ авч 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон. 2009 онд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос Орхон аймаг руу нүүсэн бөгөөд "Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг" нь "Гадаад хөрөнгө оруулалтын газар" болж “Ф” ХХК түүгээр гадаад хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ 2010 оны 02 дугаар сарын 23-нд сунгуулж шинэ гэрчилгээ авсан, 2011 оны 07 дугаар сарын 05-нд дахин сунгуулсан. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь Гадаад хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар болж “Ф” ХХК 2013 оны 06 дугаар сарын 19-нд түүнд тус гэрчилгээгээ сунгуулж дахиад шинэ гэрчилгээ авсан. Түүнчлэн “Ф" ХХК 2009 оны 07 дугаар сарын 09, 2010 оны 05 дугаар сарын 14, 2011 оны 07 дугаар сарын 05, 2012 оны 07 дугаар сарын 04, 2013 оны 07 дугаар сарын 09, 2014 оны 07 дугаар сарын 03, 2016 оны 06 дугаар сарын 06-нд улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулсан.
“Ф” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 11-нд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс биш Улаанбаатарт Улсын бүртгэлийн гэрчилгээг сунгуулдаг тухай болон нэг л жилийн хугацаатай гэрчилгээ хүлээн авдаг тухай УБЕГт гомдол бичсэн ч татгалзсан хариу хүлээн авсан. 2011 оны 06 дугаар сарын 08-нд “Ф” ХХК нь тус татгалзсан хариуны эрх зүйн үндэслэлийг бичгийн гомдлын хэлбэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас асуусан боловч хариу хүлээн аваагүй. Хөрөнгө оруулалтын хуулийг хүчин төгөлдөр болсны дараа 2015 оны 04 дүгээр сарын 01-нд “Ф” ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээг Улаанбаатарт биш Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст сунгуулах, мөн хоёрхон жил биш 5 жилийн хугацаагаар сунгуулах тухай УБЕГт өргөдөл бичээд мөн татгалзсан хариу хүлээн авсан 2015 онд “Ф ХХК нь "Ди энд Жийс” ХХК”-аар Эрдэнэ багийн 10Б-1А хаягт 274106800 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгын ажлын зураг, нэгдсэн төсвийг хийлгэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргаас Эрдэнэ багын 10Б-1А газрыг ашиглах зөвшөөрөл асуусан харин компанийн гэрчилгээнд нь Гадаадын хөрөнгө оруулалттай гэж бичсэн тул нэхэмжлэгч нь гуравхан жилийн зөвшөөрлийг хүлээн аваад энэ төслийг орхисон. 2016 оны сүүлээр “Ф” ХХК нь Согоот багт байсан дэлгүүрээ хаагаад 2018 онд жижиг зөөврийн байшинг худалдан авч Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10Б-1А тоот хаягт суурилуулан дэлгүүр болгосон.
“Ф” ХХК нь гадаад хөрөнгө оруулалтын бүртгэлээс хасах, бүртгэлээ Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү шилжүүлэх, хугацаагүй гэрчилгээ авах, бүртгэл янз бүрийн өөрчлөлт хийх тухай УБЕГт 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 0003 албан тоот өргөдлийг холбогдох хавсралтуудтай хамт шуудангаар илгээсэн ба УБЕГ нь 2018 оны 08 дугаар сарын 13-нд тус өргөдлийг хүлээн авсан ч тус өргөдөлд хариулаагүй учраас “Ф” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 01-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасан. Сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 11-нд УБЕГ бичиг хэргээс “Ф” ХХК руу утсаар залгаж тус өргөдлийн албан хариу болон материалуудыг биечлэн ирж авахыг шаардсан. ХЗДХЯны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн 2018 оны 09 дүгээр сарын 14-ны 1-4/4463 албан тоот албан бичгийг УБЕГ руу явуулсан Улаанбаатарт салбаргүй “Ф” ХХК нь төлөөлөгчөө явуулж УБЕГ Хуулийн этгээд улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны 8/1630 албан тоот татгалзсан хариуг хүлээн авсан. Энэ хариуны дагуу зөвхөн өөрчлөлтүүдийг бүртгүүлэх боломжтой бөгөөд баримтуудыг шинэ өргөдөлтэй хамт дахин хүргүүлэх ёстой гэсэн утга гарсан, “Ф” ХХК нь 2018 оны 09 сарын 24-нд УБЕГ даргад энэ талаар гомдол бичсэн. УБЕГ дарга хариулаагүй харин дахиад Хуулийн этгээд улсын бүртгэлийн газын даргын албан үүргийг түр орлогч гүйцэтгэгчээр хариулуулсан тул адилхан утгатай хариу өгсөн ба шүүхэд өгөхийг санал болгосон.
2018 оны 11 дүгээр сарын 22-нд Ф ХХК Хууль зүй, дотоод хэргийн сайдад энэ талаар гомдол бичиж 2019 оны 01 дүгээр сарын 23-нд ХЗДХЯны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариу өгсөн. Энэ хариуны санал бол нэхэмжлэгч эхлээд УБЕГт шинээр бүртгүүлэх ёстой.
1.2. Хууль зүйн үндэслэл Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлүүлэх асуудал Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйл нь Үндсэн хуулийн 10-р зүйл нь Үндсэн хуулийн 10-р зүйл ба "Монгол улсын үндсэн хуулийн хавсралт хууль Бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хуулиас Монгол улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хууль"-ийн 6-р зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзэж байна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 11.2-т заасан нь: Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. Монгол улсын "Үндсэн хууль"-ийн 10 дугаар зүйлийн “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан юм. Мөн "Монгол улсын үндсэн хуулийн хавсралт хууль Бүгд Найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулиас Монгол улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хууль"-д заасан нь: Зургадугаар зүйл. Монгол улсын Үндсэн хууль ба Монгол улсын олон улсын гэрээ
1. Монгол улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй Бүгд найрамдах Монгол ард улсын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө.
2. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Бүгд найрамдах Монгол ард улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална.
3. Бүгд найрамдах Монгол ард улсын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ.
Есдүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1. Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.
1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан, 1993 оны 10 дугаар сарын 13 "Батлах Монгол улсын засгийн газрын тогтоол (захирамж) №159-ээр Монгол Талын баталсан "Хөрөнгө оруулалтыг харилцан хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай Бүгд найрамдах Франц улсын засгийн газар, Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээр" нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү олон улсын хэлэлцээрийн 4-р зүйлд заасан нь: Хэлэлцэн тохирогч тал бүр өөрийн нутагт болон харьяа далай тэнгисийн газарт нөгөө талын иргэд, компанийн зүгээс хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулахад тэдэнд өөрийн иргэд болон компанид олгодог, эсхүл илүү тааламжтай бол үндэстний нэн тааламжтай нөхцөл олгосон орны иргэд, компанид олгодог нөхцөлөөс дутуугүй тааламжтай нөхцөл олгоно. Тус хэлэлцээрийг НҮБ-ийн Treaties series (хэлэлцээрийн цуврал)-ын 1858-р ботийн 339 дүгээр хуудаснаас эсвэл НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын сайтаас монгол хэл дээр унших боломжтой. Хэлэлцэн тохирогч аль аль Тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа эрхлэн хөтлөх, ашиглах, хэрэглэх, зарцуулахад нь шударга, эрх тэгш горимыг өөрийн нутагт эдлүүлэх бөгөөд тэр нь өөрийн орны болон аливаа гуравдагч орны хөрөнгө оруулагчдад олгодог горимоос дутуугүй тааламжтай байна.
1991 оны 10 дугаар сарын 04-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-д заасан нь:
Гуравдугаар зүйл. Үндэсний болон нэн тааламжтай үндэстний нөхцөл
1. Хэлэлцэн тохирогч аль ч Тал нутагтаа өөрийн эсхүл гуравдагч аливаа улсын иргэд буюу компанийн хөрөнгө оруулалт буюу түүний өгөөжид олгодгоосоо дутуугүй тааламжтай нөхцөлийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэд буюу компанийн хөрөнгө оруулалт буюу түүний өгөөжид олгоно.
1996 оны 06 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон "Холбооны Бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Монгол ард улсын хоорондын хөрөнгө оруулалтын хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ"-ний 3.1-д : Хэлэлцэн тохирогч аль аль Тал түүний нутаг дэвсгэрт Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэд буюу компанийн эзэмшдэг эсвэл хяналт тавьдаг хөрөнгө явуулахад нь өөрийн эсхүл гуравдагч аль ч улсын иргэд буюу команийн хөрөнгө оруулалт, түүнчлэн хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулахад нь олгодгоосоо дутуугүй тааламжтай нөхцөл олгоно. 2002 оны 05 дугаар сарын 01-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хамгаалах тухай Бүгд найрамдах Австри улс, Монгол улс хоорондын хэлэлцээр”-д заасан нь:
Гуравдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын нөхцөл
/1/ Хэлэлцэн тохирогч Тал бүр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хөрөнгө оруулагчид, тэдгээрийн хөрөнгө оруулалтад өөрийн хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгө оруулалт болон гуравдагч аливаа улсын хөрөнгө оруулагч, тэдний хөрөнгө оруулалтад олгодгоос дутуугүй таатай нөхцөл олгоно.
2004 оны 05 дугаар сарын 03-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд найрамдах Литва Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 4.2-д заасан нь: Хэлэлцэн тохирогч Тал бүр өөрийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хөрөнгө оруулагчаас хийсэн хөрөнгө оруулалтад шударга, эрх тэгшээр хандана. Энэ нөхцөл нь Хэлэлцэн тохирогч аль ч Талын хувьд өөрийн орны хөрөнгө оруулагчид олгодгоосоо дутуугүй тааламжтай байх буюу Хэлэлцэн тохирогч аль ч Талын нутаг дэвсгэрт гуравдагч аливаа орны хөрөнгө оруулагчдад олгосон илүү тааламжтай нөхцөлөөс дутуугүй байна.
2006 оны 02 дугаар сарын 13-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Израиль улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-д заасан нь:
Гуравдугаар зүйл. Үндэстний нэн тааламжтай болон үндэсний нөхцөл
1. Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэр дээр хэлэлцэн тохирогч нөгөө Талын хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулалтын орлогыг өөрийн хөрөнгө оруулагчдын хийсэн хөрөнгө оруулалт буюу орлого, эсвэл гуравдагч орны хөрөнгө оруулагчийн хийсэн хөрөнгө оруулалт буюу орлогод олгох нөхцөлөөс дутуу тааламжтай нөхцөлд хамруулахгүй. 2008 оны 06 дугаар сарын 19-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Финлянд улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 3.1-д заасан нь:
Хэлэлцэн тохирогч тал тус бүр өөрийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн тохирогч нөгөө талын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт эзэмших, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хэвийн ажиллагаатай байлгах, удирдан захирах, хэвийн ажиллуулах, ашиглах, шилжүүлэх, худалдах зэргээр захиран зарцуулахад нь өөрийн орны хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй таатай нөхцөл олгоно. "Хэлэлцээрүүд батлах тухай /Нидерландын Вант Улс, Данийн Вант Улстай хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай/" гэдэг 1995 оны 05 дугаар сарын 10-ны Засгийн Газрын 64-р тогтоол (захирамж)-аар баталсан, 1996 оны 06 дугаар сарын 01-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Нидерландын Вант Улсын хоорондын Хэлэлцээр"-ийн 3.1: тус тогтоол (захирамж)-аар баталсан, 1996 оны 03 дугаар сарын 02-нд хүчин төгөлдөр болсон "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Данийн Вант Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр''-ийн 3.2: "Хэлэлцээр батлах тухай" Монгол улсын Засгийн Газрын 2016 оны 122-р тогтоолоор баталсан Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай Канад Улс, Монгол Улсын хоорондын Хэлэлцээрийн 4.1 бас ийм үндэсний тааламжтай нөхцөлийн заалтууд байна. Цаашид ийм гэрээг "Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээр” гэнэ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тооцоогоор Монгол улс нь одоогоор үндэсний тааламжтай нөхцөлийн заалттай хүчин төгөлдөр 31 олон улсын гэрээнд нэгдэн орсон.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу шинээр бүртгүүлэхийн тулд олон баримт бүрдүүлж (ялангуяа хийгээд байсан бүх хөрөнгө оруулалтуудын нотлох баримтууд), Улсын тэмдэгтийн хураамж төлөөд тус баримтуудыг хүргүүлэх ёстой. Гадаад хөрөнгө оруулалтгүй Монгол компаниуд шинээр бүртгүүлдэггүй тул шинээр бүртгүүлэхийг шаардахдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл нь дээр дурдсан ХОХ-үүдийн үндэсний тааламжтай нөхцөлийн 11 заалтыг зөрчсөн байна. Мөн Их хурал, ХЗДЯны ойлгосноор Хөрөнгө оруулалтын тухай хууль 100 000 1150-ны хөрөнгөнд хүрээгүй гадаад хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийг хэрхэн бүртгэхийг заагаагүй учраас тус хуулийн дагуу шинээр бүртгэх боломжгүй. Тиймээс тус аж ахуйн нэгжүүдийн өмчлөгчид аль эсвэл боломжтой бол илүү хөрөнгө (арван дахин хөрөнгө байж болно яагаад гэвэл Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалтын доод хэмжээ бол 10 000 төгрөг гэж заасан байсан) оруулна аль эсвэл аж ахуйн нэгжээ татан буулгахаас аргагүй болсон. Боломжтой ч гэсэн тус илүү хөрөнгө тус аж ахуйн үйл ажиллагаанд огт хэрэггүй байж болно. Тиймээс энэ заалт нь дээрх олон улсын хэлэлцээрүүдийг ч зөрчсөн.
Солонгос Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Бүгд найрамдах Монгол ард улсын хийсэн Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээр одоогийн Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулж баталсан тул Монгол улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6-2-ын дагуу хуулиас илүү хүчин чадалтай мөн. Франц Улстай хийсэн Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийг Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан тул Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болсны дараа баталсан ч гэсэн Бүгд найрамдах Монгол ард улсын гэрээ гэж нэхэмжлэгч үзэж байгаа учраас Монгол улсын үндсэн хуулийн хавсралт хуулийн 6-2-ын дагуу тэр нь ч хуулиас илүү хүчин чадалтай. Герман Улстай хийсэн Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрүүдийг Монгол улсын Их хурал соёрхон баталсан тул тэр нь ч хуулийн хүчин чадалтай. Дээр дурдсан бусад Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн Газар баталсан (Заримыг нь Их хурал, Засгийн газар хоёроос аль нь баталсныг нэхэмжлэгч мэдэхгүй) учраас "Олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай Монгол улсын дээд шүүхийн тогтоол"-ын дагуу хуулиас бага хүчин чадалтай.
Үүнээс болж Монгол Улс нь ийм Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрүүдийг баталсан ч баримтлахгүй. Энэ нь "үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэж заасан Үндэсний хуулийн 10.2-р заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Их хурал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлийг батлахаас өмнө тус Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрүүдийг цуцлах үүрэгтэй байсан (Аль эсвэл Засгийн газар бусад Засгийн газартай өөрчлөлт оруулах, аль эсвэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд 1-р зүйлийг дагаж мөрдөхгүй гадаад хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн орнуудын жагсаалтыг бичиж хуульд оруулах боломжтой байсан). Хамгийн тааламжтай үндэстний заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйл нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдэх ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-нд заасан нь: Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2.2-д заасан нь: Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 2.2-р заалтад заасан нь: Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай Монгол улсын дээд шүүхийн тогтоолд заасан нь:
З.Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж уг гэрээнд тусгайлан заагаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчилнэ (өөрөө биелэгдэх шинж).
6.Монгол Улсын олон улсын гэрээг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд дараах тохиолдолд шууд хэрэглэнэ:
6.1.Иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоодын хуулийн зүйл, заалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол;
9. (...) Монгол Улсын хуулиар соёрхон батлагдаагүй олон улсын гэрээ түүнийг байгуулсан төрийн тухайн байгууллагын хууль тогтоомжийн эрхийн актуудаас дээгүүр хүчин чадалтай байна. Тиймээс Хууль зүйн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралт "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам" нь Монгол Францын Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийн доогуур хүчин чадалтай. Дөрөвдүгээр зүйлд нь . . өөрийн орны иргэд болон компанид олгодог ... нөхцөлөөс дутуугүй нөхцөл олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Улаанбаатарт биш харин Монгол улсын компанийн нэгэн адил Орхон аймагт бүртгүүлж байх ёстой. Тухайлбал “Тангадтэнгэр” ХХК-ийн гэрчилгээг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өгсөн бөгөөд "хугацаагүй" гэж бичсэн байна. Мөн УБЕГ олгосон гэрчилгээнд бичсэн хугацаа алдаатай ч гэсэн хууль зүйн хувьд тэр гэрчилгээ аль хэдий хугацаагүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь тус гэрчилгээг хоёр жил бүр сунгуулахгүй харин Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хугацаагүй шинэ гэрчилгээ үнэгүйгээр өгөх үүрэгтэй байна.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 7.1-д заасан нь: Хөрөнгө оруулагч нь дараах нийтлэг эрхтэй: 7.1.8.төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;
Иймд Монгол улсын Үндсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газрын хоорондох хэлэлцээр нь ямар ч сайдын тушаалаас илүү хүчин чадалтай гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд манай компани нь хөрөнгө оруулах, данс нээх, хаах, гэрчилгээ сунгуулах, гэрчилгээнд өөрчлөлт оруулах бүрд Улаанбаатар хот руу явж бүртгүүлэх үндэслэл, шаардлагагүй байна.
Тиймээс “Ф” ХХК-ийг УБЕГ бүртгэлээс хасаад Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү шилжүүлэх, тусгай зөвшөөрөлгүй бусад ХХК-тай адил хугацаагүй гэрчилгээ олгох үүрэгтэй байна. Түүнчлэн Монгол компаниуд шинээр бүртгүүлдэггүй тул “Ф” ХХК ч шинээр бүртгүүлэх үүрэггүй. УБЕГ өөрөө “Ф” ХХК-ийн төлөөлөгчийг ирүүлэлгүй бүртгэлийг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү шилжүүлэх үүрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамж
1996 оны 08 дугаар сарын 22-ны Монголын "Конвенци соёрхон батлах тухай хууль"-ар соёрхон баталсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын конвенц”-ийн 24.2-д заасан нь:
Хэлэлцэн тохирогч Улсын аж ахуйн нэгжийн Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байрладаг татвар төлөөлөгчийн газраас татвар төлөх нөхцлийг Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад түүнтэй адилтгах төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн татвар төлөх нөхцөлөөс дор байлгаж болохгүй.
Монгол улсын дотоодын хууль тогтоолын дагуу шинээр бүртгүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой (Улсын тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 15.3.2, Монгол улсын засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралт "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний 6.1.3 ба 6.1.4). Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 2.2-д заасан нь:
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Аж ахуйн нэгжид хэрэггүй үйл ажиллагаа, баримтын төлөө, улсад заавал төлөх ёстой төлбөрийг албан татвар гэдэг мөн. Шинэ бүртгэлийн "үйлчилгээ" нь аж ахуй нэгжид хэрэггүй гэдгийг гадаад хөрөнгө оруулалтгүй монгол аж ахуйн нэгжүүд шинээр бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулдаг нь нотолж байна. Монгол аж ахуйн нэгжүүд шинээр бүртгүүлдэггүй учраас ийм улсын тэмдэгтийн хураамжийг төлдөггүй. “Ф” ХХК-ийн татвар төлөх нөхцөлийг Монголын аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх нөхцөлөөс дор байлгаж болохгүй тул “Ф” ХХК шинээр бүртгүүлэх ёстой гэж шүүх шийдэх ч ийм улсын тэмдэгтийн хураамжийг төлөх албагүй.
Дотоодын хөрөнгө оруулалттай компани Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлд заасан нь:
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.3. "гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг;
3.1.4. "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/ ийг;
3.1.5. "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг;
Үүнийг ХЗДХЯ буруу ойлгож "гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх шаардлагатай" гэж бичсэн. Энэ заалт бол шаардлагын заалт биш харин нэр томьёоны тодорхойлолт. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдгийг тодорхойлсон харин ингэхдээ аль хэдий бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс юу ч шаардаагүй байна. Зөвхөн зарим аж ахуйн нэгжийн бүртгэлийн ангийг сольсон. ХЗДХЯны бичсэн "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй" гэдэг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ын "4 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн зарчим"-д "өмчлөгчийн зөвшөөрөл" гэж заагаагүй байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р заалтад заасан "хууль дээдлэх" зарчмын дагуу аж ахуйн эрх зүйн байдлыг бодит бүртгэл ч биш, тус аж ахуйн гэрчилгээ ч биш, УБЕГ-ын ажилтан ч биш харин хууль тогтоолд заадаг. Тиймээс аливаа компани шинэ хуульд заасан гадаад хөрөнгө оруулалтын хуулийн этгээдийн шалгуурыг хангахаа больсон бол ХЗДХЯ, УБЕГ нь хуулийг шууд дагах ёстой. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү шилжүүлэх тухай өргөдөл нэхэмжлэгч 2011 онд, 2015 онд, 2018 онд дахин дахин гаргасан. Гадаад хөрөнгө оруулалтын бүртгэлээс хасахыг ч бас нэхэмжлэгч хүссэн. Тиймээс тус өөрчлөлтүүд нь ХЗДХЯны бичсэн "өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр" гэсэн нь үндэслэлгүй байна.
“Ф” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк долларт хэзээ ч хүрээгүй тул “Ф” ХХК бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж биш. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-нд “Ф” ХХК-ийн ганц хөрөнгө оруулагч нь Henri de Solages нь Монгол улсад байнга оршин суудаг байсан тул дотоодын хөрөнгө оруулагч байсан.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 33.2-р заалтад заасан нь: "Энэ хуулийн 33.1-д заасан оршин суух үнэмлэхэд дараахь мэдээллийг тусгана: (...) 33.2.14.байнга оршин суух хаяг, түүний өөрчлөлт;". Тиймээс тус хуулийн ойлголтоор оршин суух үнэмлэхтэй хүн тус үнэмлэхэд заасан хаягаар Монгол улсад байнга оршин суудаг.
Газрын тухай хуулийн 44.4-р заалтад заасан нь: “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн", Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/-ын 6.1-р заалтад заасан нь: "Дараахь хувь хүнийг Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ: 6,1.1.Монгол Улсад оршин суух байртай; 6.1.2.тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан".
"Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Франц улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын конвенц”-ийн "4 дугаар зүйл. Байнга оршин суугч"-д заасан нь: « 1. Энэхүү конвенцид "Хэлэлцэн тохирогч Улсад байнга оршин суугч" гэж өөрөө болон голлох удирдлага нь байнга оршин суух, байрлаж байгаа, мөн үүнтэй адилтгах бусад шалтгаанаар оршин суух, байрлаж тэр Улсын хуулийн дагуу тухайн Улсад татвар төлөх үүрэгтэй аливаа этгээдийг хэлнэ.
“Ф” ХХК-ийн хөрөнгө оруулагч миний бие оршин суух үнэмлэхтэй, 183 хоногоос дээш хугацаагаар Монголд амьдарч байна, Монгол Улсад оршин суух байртай, 2018 оны татварын жилд 183-аас дээш хоног Монгол Улсад амьдарсан, өөрөө Монголд байнга оршин сууж тэр Улсын хуулийн дагуу тухай Улсад татвар төлөх үүрэгтэй. Иймд миний бие нь дээрх актад заасан "байнгын оршин суугч"-ийн байх бүх шаардлагыг хангасан байна.
Тийм учраас “Ф” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж биш байсан. УБЕГт “Ф” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэмжээг мэдэж байсан бөгөөд хөрөнгө оруулагчийнх нь оршин суух үнэмлэхийн хуулбар байсан 2013 оны 11 дүгээр сарын 01-нд “Ф” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлээс шууд хасах ёстой байсан. Одоо ч “Ф” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк долларт хүрээгүй бөгөөд ганц хөрөнгө оруулагч Henri de Solages нь Монгол улсад байнга оршин суудаг тул дотоодын хөрөнгө оруулагч учраас “Ф” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлээс хасах ёстой.
Шинээр бүртгүүлэх ёстой гэж шүүх шийдэх ч одоогийн хуулиуд буюу Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын дагуу бүртгүүлэх нь мэдээжийн хэрэг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлд "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ." гэж заасан тул дотоодын хөрөнгө оруулалттай компаниар бүртгүүлэх гэсэн утгатай. Тиймээс “Ф” ХХК нь УБЕГ биш Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тух хуулийн 1-р зүйлийг дагах ёстой гэж үзсэн ч ХЗДХЯны зохиосон УБЕГт шинээр бүртгүүлэх үүрэг ямар ч үндэслэлгүй.
Хүсэлтийн маргаангүй хэсгийг зөвшөөрч биелүүлэх боломж
"Компанийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх бол холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, нотлох баримтын шаардлага ханган ирүүлнэ үү" гэж УБЕГ хариундаа бичсэн. Нэхэмжлэгч яг үүнийг хийчихсэн компанийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх баримт бичгийг бүрэн бүрдүүлж, нотлох баримтын шаардлага ханган, өргөлтэйгээ хамт УБЕГт илгээчихсэн байхад УБЕГ нь ямар ч өөрчлөлтийг бүртгэлгүй бүх баримтыг буцаасан “Ф” ХХК-ийн хүсэлтийн зарим хэсгээс татгалзсан нь бусад өөрчлөлтийг бүртгэхгүйн үндэслэл биш. Ялангуяа бүртгэлд оруулах өөрчлөлтийг оруулахгүй нь ямар ч үндэслэлгүй. Хөдөө орон нутагт оршдог аж ахуйн нэгжээс дахин дахин биеэрээ Улаанбаатарт дэмий очоод адилхан баримтыг дахиад өгөхийг нэхэх нь хүнд суртал биш үү? УБЕГ нь энэ шаардлагыг тавих ямар ч эрхгүй байдаг.
“Ф” ХХК-д дотоод ажлын зардал
УБЕГ нь нэхэмжлэгчийн өргөдөлд хугацаандаа хариулаагүй. Нэхэмжлэгч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын шийдвэрийн эсрэг гомдлоо тус ажилтны дээд шатны ажилтан буюу УБЕГ даргад илгээсэн ч УБЕГ дарга шийдэлгүй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргаар дахин шийдвэрлүүлсэн. УБЕГ, Хуулийн зүй дотоод хэргийн яамны хариунууд хоорондоо зөрчилдсөн: УБЕГ нь шинээр бүртгүүлэхийг 2014 онд ч 2016 онд ч 2018 онд ч шаардаагүй харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлийг баримтлалгүй 2014 онд ба 2016 онд нэхэмжлэгчийн гэрчилгээг сунгаад 2018 онд тус гэрчилгээг дахиад сунгуулахыг шаардсан бол ХЗДХЯны ойлгосноор 2014 онд шинээр бүртгүүлэх ёстой байсан. Түүнчлэн УБЕГ, ХЗДЯ хоёрын хариу буруу.
“Ф” ХХК-д энэ хэргээс болж ажил гарсан ба гарна: Монгол улсын нийтлээгүй олон улсын гэрээнүүдээ, хууль, тогтоол, шийдвэрүүдийг хайх, нэхэмжлэлийг зохион бичих, хавсаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулуулах, баримт хайж цуглуулах, нотариатад очиж хүлээгээд баримт нотариатаар баталгаажуулах, улсын тэмдэгтийн хураамж төлөх, зардлуудын баримт хуулж хуулбарыг нь эрэмбэлэх, зардлын гүйлгээнүүдийг нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид оруулах г.м.. Энэ ажлыг захирал хийдэг бөгөөд тэр хугацаанд ашигтай ажлаа хийж чадаагүй. Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р заалтад заасан нь: Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
16-р зүйлийн 14-р заалтад заасан нь: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх (...) эрхтэй. ЗХШХШТХ-д заасан нь: 106.3.7.захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох; Учруулсан ажлын нотлох баримтууд шүүгчийн гарт байна: энэ нэхэмжлэл, бүх хавсралтууд. Тиймээс ажил гарсныг үгүйсгэх боломжгүй. Ф ХХК-ийн захирал яг хэдэн цаг зарцуулснаа нотолж чадахгүй нь хуульд заасан учруулсан хохирлыг арилгуулах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм. Жишээтэй зүйрлэе: иргэн X осолд орж иргэн Ү-ийн автомашиныг эвдэлсэн бол иргэн Ү автомашинаа засахгүй байж болно, өөрөө хагас дутуу засаж болно, өөрөө сайтар засаж болно, энгийн засварчнаар засуулж болно, алдартай сайн засварчнаар маш чанартай шуурхай засуулж болно г.м.. Иргэн Ү-ийн шийдвэрээс хамаарч өөр өөр тооцооны баримт, өөр өөр засварын үнэ гарах эсвэл тооцооны баримт гарахгүй харин хохирол нь засвараас хамаардаггүй (гэхдээ засвар нь хохирлоос хамаарна.). Энэ хохирлыг үнэлэх зөв арга бол тус автомашины ослын өмнөх байдлын зах зээлийн үнэ, ажлын дараах байдлын зах зээлийн үнэ хоёрын ялгаа. Тооцооны баримтуудыг хохирлыг үнэлэхэд ашиглаж болно харин ЗХШХШТХ-ийн 7.1-д заасан нь: Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. “хохирлын үнэлгээ = тооцооны баримтын нийт дүн" бол хуульд заагаагүй буруу тэгшитгэл бөгөөд "Тооцооны баримт байхгүй бол хохиролтой эсэх нь тодорхойгүй." бол үндсэн хуулийн 1.2 ба ЗХШХШТХ-ийн 7.1-ийг зөрчих буруу зарчим юм.
Энэ маргаан бол дээрх жишээтэй төсөөтэй: иргэн X нь иргэн Ү-ийн хооронд шүүхээр шийдвэрлүүлэх маргаан гарвал иргэн Ү шүүх хурлыг сайн бэлдэхгүйгээр шүүх хуралд оролцож болно, шүүх хурлыг маш сайн бэлдэж оролцож болно, энгийн өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно, алдартай маш сайн өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно г.м.. Үүнээс хамаарч өөр өөр тооцооны баримт гарах эсвэл тооцооны баримт гарахгүй. Иргэн Ү-ийн зөв байвал иргэн X түүнд хохирлыг учруулсан: иргэн Х-ийн буруугаас болж иргэн Ү дуртай эсвэл ашигтай ажлаа хийхийн оронд цаг, мөнгө тус хэрэгт зарцуулсан. Мөн сайн бэлдээгүй бол түүний зөв ч гэсэн ялагдах аюултай. Иргэн Ү-ийн зарцуулсан цагийг ба зарим зардлыг үнэлэхэд хэцүү боловч хохиролтой нь баталгаатай.
Өмгөөлөгч авсан ч гэсэн дотоод ажил гардаг: өмгөөлөгч олох, эх баримтуудыг цуглуулах, өмгөөлөгчид танилцуулах, тайлбарлах, түүнрүү баримт явуулах, нотариатаар баримтын хуулбарыг баталгаажуулах г.м.. “Ф” ХХК-ийн захирлын ажлын цагаас гадна янз бүрийн жижиг зардлууд гарсан: тооцоолуур, хэвлэгч болон утасны элэгдэл, хэвлэгчийн хор, интернетийн сүлжээ, цахилгаан, шүүх рүү ярьж телефон утасны үйлчилгээ, автобусны төлбөр (Орхон аймгийн автобуснууд ямар баримт өгдөггүй.) г.м.. Энэ зардлын хэмжээг нотлох бараг боломжгүй. Тиймээс хууль зүйн бүх ажил тооцооны баримттай байх ёстой гэж үзвэл
• илүү зардал гарна (өмгөөлөгч...),
• хохирлын нэг хэсэг тооцооны баримтгүй тул нөхүүлэхгүй.
Тиймээс шүүгч бүх зардлын тооцооны баримтыг шаардвал хууль зүйн ажлыг ихэсгэж, хүнд суртал үүсгэнэ.
Улсын Ерөнхийлөгч агсны уриа "Том төрөөс ухаалаг төр луу" нь шүүхэд ч ашигтай бас хэрэгтэй. Бүх зардлын тооцооны баримтыг шаардахаас илүү ухаалаг илүү зөв арга байдаг мөн. Автомашинд учирсан хохирлыг бөөнөөр үнэлэх боломжтой мэт хууль зүйн ажлыг бөөнөөр үнэлэх боломжтой. Өмгөөлөгчийн хөлсний доод хэмжээ нь 300 000 төгрөг байдгийг сануулъя. Энэ маргаан бол төвөгтэй маргаан. Шүүхэд гаргасан тооцооны баримтаас гадна, энэ хэрэгт гаргасан хууль зүйн ажлаа “Ф” ХХК 200 ООО төгрөгөөр бөөнөөр үнэлж байна. Энэ үнэлгээг хариуцагч эсвэл шүүгч зөвшөөрөхгүй тохиолдолд шүүгч өөрөө бол хуульч учраас тус хууль зүйн ажлыг өөрөө үнэлж болно. Энэ арга бол олон улсын арга. Тухайлбал 47 улсын 800 сая харьяат иргэнтэй Европийн хүнийн эрхийн шүүх доорх аргаар шүүдэг. Европийн хүний эрхийн шүүх нь 2 шаттай: "танхим"-ууд (анхан шат), Их танхим (дээд шат). Жишээ: үлгэрээр Мак Фарлейн ба Ирландын хэргийн тухай шийдвэрээр ишлэл гаргая: 167. Энэхүү нэхэмжлэлийн үнийн тухайд, энэхүү бодитой асуудлууд нь (эрүүгийн шүүхийн үйл явцын үргэлжлэх хугацаа болон дотооддоо үр дүнтэй шийдвэрлэх боломж) Конвенцийн онцгой шинэлэг асуултууд биш байсан ч, шүүх танхимд хэд хэдэн нэмэлт ажиглалт (Санаа бодлоо танилцуулахтай холбоотой) хийж түүнчлэн Их танхимд бичгээр болон амаар нэмэлт хүсэлт гаргасан болохыг Шүүх тэмдэглэж байна. Дээр нэхэмжилсэн Конвенцийн зардал нь зөвхөн танхимын үйл явцтай холбоотой ч мөн нэхэмжлэгч Их танхимын тухай тусгай нэхэмжлэл гаргаагүй, түүнд нэмэлт ажлын баталгаа гаргаагүй боловч, Шүүхийн өөрийн хавтаст хэргүүд нь Их танхимын шүүхийн үйл явцын бичгийн болон аман үе шатуудад нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн хууль зүйн ажлыг баталж байна. Шүүх нь нэхэмжлэгчид 10 000 евро болон Конвенцийн шүүхийн үйл ажиллагааны зардалтай холбоотой төлбөл зохих татвар олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Грекийн эсрэг Татишвилигийн хэргийн тухай шийдвэрээс:
74. Нэхэмжлэгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхээс шүүхийн өртөг, хууль зүйн зардалдаа 2500 евро нэхэмжилж байна. Нэхэмжлэгч төлбөрийн хуудас болон өмгөөлөгчийн хөлсний баримт гаргаагүй. Шүүхэд зарцуулах өртөг болон хууль зүйн зардлын хувьд, нэхэмжлэгч нь өмгөөлөгчийнхөө төлбөрийг шүүх хурлын дараа төлөхийг заасан төлөөлөгчтэй хийсэн гэрээний хуулбарыг гаргасан байна.
75. Өртөг болон хууль зүйн зардлын төлөөх нэхэмжлэл нь хэтэрхий өндөр учраас татгалзах ёстой гэж Засгийн газар үзэж байна.
76. Энэ шүүхийн хууль зүйн эрхийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжилсэн өртөг ба хууль зүйн зардлаа зөвхөн бодит байдалд нийцсэн, хэрэгцээ шаардлага болон хэмжээний хувьд зохих ёсны шинжтэй эсэхийг харгалзан нөхөн төлүүлж авах боломжтой (Румын улсын эсрэг Креанга Их танхим, дугаар 29226/03, 130, 2012 оны 02 дугаар сарын 23). Шүүх өөрийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийг үйлчлүүлэгчийн байр сууринаас тохиролцсон үндэслэлийн дагуу төлөөлөгчийн төлбөрийг төлөх хууль зүйн үүрэгтэй болсноос хойш өртөгийн талаар ил болгосон гэж үзэж байна. (Шаардлагатай өөрчлөлтийг хийж Саномаа Үитгэвэр Б.В. ба Нидерланд улс, дугаар 38224/03, параграф 110, 2009 оны 03 дугаар сарын 31, болон М.С.С. болон Белги ба Грек улс их танхим, дугаар 30696/09, параграф 414 ЕХЭК /Европын Хүний Эрхийн Конвенц/2011-ийг үзнэ үү.)
Шүүх нэхэмжлэгчид Европын зөвлөлөөс хэлэлцэн тохирсон тусламжийн хэмжээтэй зарчмын хувьд тэнцэхүйц буюу 850 евро (Николае Августин Радүлескү ба Румын улс, дугаар 17295/10, параграф 60, 2014 оны 02 дугаар сарын 11, Тахирова ба Азербайжан улс, дугаар 47137/07, параграф 84, 2013 оны 10 дугаар сарын 03-ний хэргээс үзнэ үү.) түүнчлэн нэхэмжлэгчийн төлөх ёстой татварыг түүнд олгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж Мак Фарлейн нэхэмжлэгч тооцооны баримт гаргаа ч үгүй, Их танхимд зарцуулсан зардлыг нөхүүлэхийг шардаа ч үгүй боловч хууль зүйн ажил гарсан нь баталгаатай гэж шүүхийн Их танхимын 17 шүүгч үзээд өмгөөлөгчийн ажил, дотоодын ажил 2-ыг ялгахгүйгээр тус хууль зүйн ажлыг 10 000 еврогоор өөрсдөө үнэлээд хариуцагчаас шаардсан байна. Румын эсрэг Креангагийн хэргийн тухай шийдвэр, Грекийн эсрэг Татишвилгийн хэргийн тухай шийдвэр нь яг адилхан зарчимтай. Ийм зардлыг тооцох 3 шалгуурыг тус шүүх тогтоосон: Бодит байдалд нийцсэн, тус хэрэгт хэрэгцээ шаардлагатай, хэмжээний хувьд зохисон.
“Ф” ХХК нь энэ 3 шалгуурыг дагахыг шүүхэд санал болгоё. Ингэж Монгол улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс”, Монгол улсын Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд заасан учруулсан хохирлыг гаргуулах” эрхийг дээдлэх боломжтой. Манай хууль зүйн ажлын үнэлгээнд маргаан гарвал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Ф” ХХК-ийн хууль зүйн ажлыг үнэлж өгнө үү. Чадахгүй эсвэл эрхгүй гэж үзвэл шинжээчээр үнэлүүлж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх үндсэслэл:
2019 оны 06 дугаар сарын 12-ны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Эрдэнэтээс Улаанбаатар луу явч “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хамгаалах тухай Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хуулбарыг Гадаад харилцааны яамнаас гаргуулаад нэг хувийг нь урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчид өгсөн. Тус өдөрт шүүгч Ц.Одмаа 128/ШЗ2019/3263 дугаартай захирамжаараа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн 1-р зүйл нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэхээр Дээд шүүхэд санал оруулахаас татгалзсан тул нэхэмжлэгчийг төлөөлөгч өөрөө Үндсэн хуулийн Цэцэд хандахаас аргагүй болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дуудагдаад 2019 оны 06 дугаар сарын 21-нд Улаанбаатарт очоод Үндсэн хуулийн Цэцэд өгөх өргөдлийнхөө 2 хувийг нь Монголын Цахилгаан Холбоонд хэвлээд нэг хувийг Үндсэн хуулийн Цэц рүү Монгол шуудангаар илгээсэн, нөгөө хувийг нь 128/Ш32019/3263 дугаартай захирамжийн эсрэг гомдолтойгоо хавсаргаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгсөн. Бүгд найрамдах Монгол ард улсын, Бүгд найрамдах Солонгос улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Франц улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, дөрөвтэй хийсэн хэлэлцээрүүдийн баталгаажуулсан нэг хувийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өргөдөлтэйгөө хавсаргаад Үндсэн хуулийн Цэц рүү илгээсэн.
2019 оны 07 дугаар сарын 17-ны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд, 2019 оны 08 дугаар сарын 29-ны анхан шатны шүүх хуралд оролцохоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Эрдэнэтээс Улаанбаатар дуу дахин явсан. 2019 оны 08 дугаар сарын 29-нд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Улаанбаатар төмөр замын буудалд өглөөний цай уугаад Эрдэнэт рүү буцах тасалбарыг татахын тулд Монголын Цахилгаан Холбоонд интернетэд ороод анхан шатны шүүхэд өгөх нотлох баримтыг хэвлүүлээд зарим хуулбарыг нь нотариатаар баталгаажуулсан Улаанбаатар төмөр замын буудал. Монголын Цахилгаан Холбоо хоёрын хооронд, Улаанбаатар төмөр замын буудал, захиргааны шүүх хоёрын хооронд нэхэмжлэгчийн төлөөлөгч автобус, троллейбусаар явдаг.
“Ф” ХХК-д дотоод ажлын зардал
Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 28-ны нэхэмжлэлдээ 200 000 төгрөгийн зардлыг шаардсан. Тэр үед хойш ажил их нэмэгдсэн: шүүгчийн захирамжид хариу бичих, давж заалдах шатны 2 шүүх хуралд оролцох, шүүхээс татгалзах хүсэлт, Үндсэн хуулийн Цэцэд илгээсэн өргөдөл бичих гэх мэт Тиймээс нэхэмжлэгч нь дотоод ажлын төлөө нийт 400 000 төгрөг шаардаж байна.
Хэвлэлийн зардал
Монголын цахилгаан холбоонд материал хэвлүүлсэн: 2019 оны 06 дугаар сарын 21-нд 2310 төгрөг + 800 төгрөг = 3110 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-нд 1150 төгрөг, нийт баримттай 4260 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан.
Нотариатын зардал
Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 28-ний нэхэмжлэлдээ 23 500 төгрөгийн зардлыг шаардсан. “Нотариатын үйлчилгээний хөлс, зардал” гэдэг Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалын хавсралтын 2-р зүйлд заасны дагуу баримт бичгийн хуулбар гэрчлэх үйлчилгээний төлбөр бол 500 төгрөг /нүүр тутмаас/. 2019 оны 06 дугаар сарын 11-ний ихэсгэн шаардлагын 36-р хавсралт /2019 оны 04 дүгээр сарын 16-нд Гадаад харилцааны яамны нэхэмжлэл/, 37 /2019 оны 04 дүгээр сарын 16-ны Голомт банкны орлогыг мэдүүлэг/, доор дурдсан 44, 46, 48, 49, 50, 51, 52, 57, 59, 60, 62 дугаар хавсралтыг нотариатаар баталгаажуулсан тул 13х500 төгрөг = 6500 төгрөг Нийт баримттай 30 000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан.
Шуудангийн зардал
Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 11-ний ихэсгэн шаардлагад 78 650 төгрөгийн зардлыг шаардсан. DNL-ийн е-баримтуудыг хавсарсан. Үүнээс гадна 2019 оны 06 дугаар сарын 21-нд Үндсэн хуулийн Цэц рүү өргөдөл илгээх макр: 2 310 төгрөг. Нийт баримттай 81 620 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан.
Олон улсын гэрээний зардал
Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 11-ний ихэсгэх шаардлагад 70 000 төгрөгийн зардлыг шаардсан. Үндсэн хуулийн Цэцэд явуулсан Бүгд найрамдах Монгол ард улсын Бүгд найрамдах Солонгос улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Франц улс гуравтай хийсэн хэлэлцээрүүдийн баталгаажуулсан хувийг, 2019 оны 04 дүгээр сарын 16-нд нэхэмжлэгч нь гадаад харилцааны төв архиваас нэг хуудсыг 2 000 төгрөгөөр авсан. Нийт 70 000 төгрөг. Энэ хувиуд нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний ихэсгэн шаардлагад дурдсан зардал өөр: тэдгээрийг Үндсэн хуулийн Цэцэд биш харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байсан.
Томилолтын зардал
Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 11-ний ихэсгэн шаардлагад 27700 төгрөгийн зардлыг шаардсан. Улаанбаатар доторх автобусны зардал: 3000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний Эрдэнэтээс Улаанбаатар луу галт тэрэг: 8000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний Эрдэнэт өртөөний 00-ийн өрөөний төлбөр:200 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны Эрдэнэтээс Улаанбаатар луу галт тэрэг: 8100 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний цай 1300, 2019 оны 06 дугаар сарын 21-ний Улаанбаатараас Эрдэнэт луу галт тэрэг: 8100 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны Эрдэнэтээс Улаанбаатар луу галт тэрэг: 8100 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны Улаанбаатараас Эрдэнэт луу галт тэрэг: 8100 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны Эрдэнэтээс Улаанбаатар луу галт тэрэг: 33900 төгрөг+500 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ны Улаанбаатараас Эрдэнэт лүү галт тэрэг: 8100 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-нд Улаанбаатар төмөр замын буудалд уусан өглөөний цай: 1300 төгрөг, Нийт баримттай 116 500 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан” гэжээ.
Хариуцагч УБЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Ф” ГХО ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд Франц улсын иргэн Хэнри Дэ Солагаз /Henri de Solages/ 100 хувь хувьцаа эзэмшиж бүртгүүлсэн байна. “Ф” ГХО ХХК-ийн хувьцаа эзэмшигч Хэнри Дэ Солагез /Henri de Solages/ гарын үсэг зурж гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэжээ.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан ба 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, компанийн эрх ашиг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх гүйцэтгэх удирдлагад олгогдсон. Харин компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч ...энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй“. 86 дугаар зүйлийн 86 1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэлийг "Ф” ГХО ХХК-ийн хувьцаа эзэмшигч Хэнри Дэ Солагез /Henri de Solages/ гаргах бус харин гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хууль зүйн үндэслэл: Нэхэмжлэлийн “УБЕГ 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 8/1630 тоот, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/2601 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” 1 дэх шаардлагын тухайд: Тухайн албан бичгүүд нь захирамжилсан шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл, “захиргааны акт” биш юм. Иймд, нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн “…“Ф" ГХО ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн буртгэлээс хасаж, “Ф” ХХК-ийг шинээр бүртгэх, Монгол компаниудын адил хугацаагүй, “гадаадын хөрөнгө оруулалттай” гэсэн бичиггүй гэрчилгээ олгохыг даалгах" 2, 4, 5 дахь шаардлагын тухайд: Франц улсын иргэн Хэнри Дэ Солагез /Henri de Solages/-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2008 оны, А-3409 тоот тушаалаар олгосон байх бөгөөд үүнийг үндсэн "Ф" ГХО ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019042094 дугаарт бүртгэн, 5261562 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Тухайн бүртгэл хийх үед үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль /1993 он/-ийн 3 дугаар зүйлийн 2-т “Гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ" гэж заасан.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1/-д гадаадын хөрөнгө оруулагч дангаараа аж ахуйн нэгж байгуулах; 2/-т гадаадын хөрөнгө оруулагч Монголын хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр заасан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1- д “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ" заасан ба Франц улсын иргэн Хэнри Дэ Солагез /Henri de Solages/ нь гадаадын хөрөнгө оруулагч тул түүний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан хуулийн этгээдийг “Гадаадын хөрөнгө оруулалттай" гэж бүртгэсэн болно.
Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг; 3.1.5-д "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж заасан. Монгол Улсын байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол улсын иргэнийг гадаадын хөрөнгө оруулагч гэж тодорхойлсон бөгөөд Франц улсын иргэн Хэнри Дэ Солагез /Henri de Solages/ нь гадаадын хөрөнгө оруулагч тул түүний хөрөнгөөр байгуулагдсан хуулийн этгээдийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзнэ. Иймд “Ф” ГХО ХХК –ийг гадаад хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасах, шинээр монгол компаниудын адил хугацаагүй, “гадаадын хөрөнгө оруулалттай” гэсэн тэмдэглэгээгүй гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл байхгүй.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: “Ф’’ ГХО-ХХК-ийн захирал Хэнри Дэ Солагөс /Henri de Solages/- ийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “817,180 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй байна. Энэхүү учирсан хохирол нь материаллаг бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан бодит хохирол байх учиртай. Нэхэмжлэгч “Ф" ГХО-ХХК-ийн захирал Хэнри Дэ Солагес-ын шаардаж буй 817,180 төгрөгийн хохирлын тооцооллыг үзэхэд тэрээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгох, улсын гэрээний асуудалтай холбоотой Үндсэн хуулийн Цэцэд хандах зэрэг өөрийн хүсэлтээр төрийн эрх бүхий байгууллагад нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх явцдаа гарсан зардал байх бөгөөд үүнийг захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: "Ф" ГХО-ХХК-ийн захирал Хэнри Дэ Солагөс нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй тул тухайн хуулийн этгээдийн албан баланк, тамга, тэмдэгийг хэрэглэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан баримт бичигт тамга дарагдаагүй байна” гэжээ.
Хариуцагч ХЗДЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “…“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХЗДЯ болон УБЕГт холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ХЗДХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролд гаргуулахаар нэхэмжилсэн мөнгөн дүнгээ 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 817 180 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулахыг хүсчээ. Нэхэмжлэгчийн хүчингүйд тооцуулахыг хүссэн ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаатай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан захирамжилсан үйл ажиллагаа гэдэгт хамаарахгүй бөгөөд эрх зүйн шууд үр дагавар бий болгох захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа биш тул уг албан бичгээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын ХЗДЯанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн ХЗДЯ, УБЕГт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шаардлага тус бүрээр авч үзвэл,
“УБЕГ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1630 тоот албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/2601 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Ф” ХХК-ийг гадаад хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахыг УБЕГт даалгах” шаардлагын тухайд,
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Ф” ХХК нь гадаад хөрөнгө оруулалтын бүртгэлээс хасах, бүртгэлээ Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс рүү шилжүүлэх, хугацаагүй гэрчилгээ авах, компанийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр УБЕГт удаа дараа хүсэлтээ гаргасан боловч тус хүсэлтэд хариу өгөөгүй удаж хариугаа өгөхдөө зайлшгүй биечлэн ирж авах шаардлагатай талаар мэдэгдсэн...” гэжээ.
"Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Франц улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын конвенц”-ийн "4 дугаар зүйл. Байнга оршин суугч"-д заасан нь: « 1. Энэхүү конвенцид "Хэлэлцэн тохирогч Улсад байнга оршин суугч" гэж өөрөө болон голлох удирдлага нь байнга оршин суух, байрлаж байгаа, мөн үүнтэй адилтгах бусад шалтгаанаар оршин суух, байрлаж тэр Улсын хуулийн дагуу тухайн Улсад татвар төлөх үүрэгтэй аливаа этгээдийг хэлнэ” гэж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль /1993 он/-ийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ”, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг”, 3.1.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудын дагуу гадаадын иргэдийн хувьд Монгол Улсад байнга оршин суудаг эсэхээс хамаарч гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аль нь болох нь тодорхойлогдоно, мөн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг дэлгэрэнгүй заасан байх ба хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх талаар заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ 100.000 америк доллар хүрэхгүй болох нь тус компанийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08-1130 тоот гэрчилгээнд оруулсан хөрөнгийн хэмжээг 71165.51 доллар гэж, компанийн дүрмийн 5.2-т “хувь нийлүүлсэн хөрөнгө 187.480.000 төгрөг болно” гэснээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хөрөнгө оруулагч Henri de Solages нь 183 хоногоос дээш хугацаагаар Монголд амьдарч, 2018 оны татварын жилд 183 хоногоос дээш хоног Монгол Улсад байнга оршин сууж татвараа төлж байсан болох нь түүнд Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон Монгол Улсад оршин суух үнэмлэх /Хүчинтэй хугацаа 2018.07.30-2019.06.07/, тус компанийн 2018 оны 02 дугаар улирлын тайлан зэргээр тогтоогджээ.
Эдгээр баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн хөрөнгө оруулагч Henri de Solages нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан дотоодын хөрөнгө оруулагч гэдэгт хамаарахаар байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тавигдах шаардлага болох хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100.000 америк доллар хүрэхгүй байхад тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахгүйгээр уг шаардлагыг хангасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Дүгнэвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас түүнийг гадаадын хөрөнгө оруулагч, нэхэмжлэгч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.3.1-д заасны дагуу компанийн бүртгэлийн өөрчлөлтийг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас анх 2011 оноос эхлэн УБЕГт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй асуудлаар хандаж эхэлсэн бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 4 удаагийн албан бичгээр дээрх байдлаар үндэслэлгүй хариу өгч байсны зэрэгцээ уг хариуг зайлшгүй биечлэн ирж авах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.
““Ф” ХХК-ийн төлсөн 54.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас илүү улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “Ф” ХХК-ийг Орхон аймгийн Улсын бүртгэл рүү шилжүүлэхийг УБЕГт даалгах, “Ф” ХХК-д бусад Монгол компаниудын адил хугацаагүй “Гадаадын хөрөнгө оруулалттай” гэдэг бичиггүй шинэ гэрчилгээг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ олгохыг УБЕГт даалгах, “Ф” ХХК-ийн УБЕГт төлсөн 54 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэг улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “Ф” ХХК-ийн өөрийн хөрөнгийг 16 580 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 204 060 000 төгрөг болгож, компанийнхаа дүрэмд энэ өөрчлөлтийг оруулсан, компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 10 000 байснаас 1 000 төгрөг болгосон, компанийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-40 байсныг тус сумын Эрдэнэ багийн 10Б-1А болгосон, компанийн утасны дугаарыг 95900613 болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10Б-1Б болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн утасны дугаарыг 88839235 болгосон, компанийн үүсгэн байгуулагч Henri de Solages /Хэнри дэ Солажэс/-ийг гүйцэтгэх захирал болгосон” гэсэн өөрчлөлтүүдийг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэж, тус өөрчлөлттэй шинэ дүрмийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэхийг УБЕГт даалгах” шаардлагын тухайд:
Шүүх нэгэнт тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахыг УБЕГт даалгаж шийдвэрлэсэн тул тус компанийн бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг ч хариуцагч УБЕГ шийдвэрлэхээр байна.
Учир нь Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах харьяаллын дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэнэ”, 1.3.1-д “Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг УБЕГ хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж”, 1.3.2-т “Багануур дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг дүүргийн улсын бүртгэлийн нэгж, нийслэлийн бусад дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг УБЕГ хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж”, 1.3.3-д “Орон нутагт бүртгэгдэх хуулийн этгээдийг тухайн аймгийн Улсын бүртгэлийн нэгж” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж буй аймаг болох Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс уг өөрчлөлтүүдийг бүртгэх боломжтой байна.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг тусгайлан зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс УБЕГт 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хандаж гаргасан хүсэлтэд хавсаргасан материалууд нь бүрэн, хэргийн оролцогчдоос ч уг баримт бичгийн бүрдэлтэй холбогдуулан маргадаггүй болно.
Өөрөөр хэлбэл бүрэн баримт бичгийг өгсөөр байхад үндэслэлгүйгээр татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна.
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу 400.000 төгрөг /хариуцагч нарын учруулсан дотоодын ажил/, 4260 төгрөг /хариуцагчдын учруулсан хэвлэлийн зардал/, 8.800 төгрөг /хариуцагч нарын учруулсан орчуулгын зардал/, 30.000 төгрөг /хариуцагч нарын учруулсан нотариатын зардал/, 81.620 төгрөг /хариуцагч нарын учруулсан шуудангийн зардал/, 184.800 төгрөг /хариуцагч нарын учруулсан олон улсын гэрээнүүдийн зардал/, 116.500 төгрөг /хариуцагч нарын учруулсан томилолтын зардал/ нийт 817.180 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцагч бүрээс гаргуулах” шаардлагын тухайд
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасны дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд учирсан хохирлыг уг захиргааны байгууллагаас гаргуулахаар заажээ.
Нэхэмжлэгч “Ф” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй асуудлаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхэд гарсан хохирол гэж шуудангийн зардал, олон улсын гэрээний зардал, томилолтын зардал гэх мэт нийт 817.180 төгрөгийг нэхэмжилсэн боловч Улаанбаатар, Эрдэнэт хооронд зорчсон томилолтын зардал 116.500 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин үлдсэн хохирол гэх 700.680 төгрөгийн хувьд бодит хохирол гэж үзэх боломжгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй албан бичиг болох ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаартай албан бичиг нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн болон захирамжилсан шинжийг агуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчид хариу өгсөн агуулгатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, УБЕГ 2018 оны 8/1630, 6/2601 дугаартай албан бичгүүдийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гаргасан тус компанийн гаргасан хүсэлтэд ХЗДЯнаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгсөн хариу гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Франц улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын конвенц”-ийн 4 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус баримтлан “Ф” ХХК-иас УБЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УБЕГ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1630 тоот албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/2601 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, “Ф” ХХК-ийг гадаад хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахыг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-ийн төлсөн 54.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас илүү улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “Ф” ХХК-ийг Орхон аймгийн Улсын бүртгэл рүү шилжүүлэхийг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-д бусад Монгол компаниудын адил хугацаагүй “Гадаадын хөрөнгө оруулалттай” гэдэг бичиггүй шинэ гэрчилгээг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ олгохыг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-ийн УБЕГт төлсөн 54 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэг улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “ “Ф” ХХК-ийн өөрийн хөрөнгийг 16 580 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 204 060 000 төгрөг болгож, компанийнхаа дүрэмд энэ өөрчлөлтийг оруулсан, компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 10 000 байснаас 1 000 төгрөг болгосон, компанийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-40 байсныг тус сумын Эрдэнэ багийн 10Б-1А болгосон, компанийн утасны дугаарыг 95900613 болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10Б-1Б болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн утасны дугаарыг 88839235 болгосон, компанийн үүсгэн байгуулагч Henri de Solages / Хэнри дэ Солажэс/-ийг гүйцэтгэх захирал болгосон” гэсэн өөрчлөлтүүдийг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэж, тус өөрчлөлттэй шинэ дүрмийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэхийг УБЕГт даалгаж, нэхэмжлэгчид учирсан хохирол болох томилолтын зардал 116.500 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу “Ф” ХХК-ийн УБЕГ, ХЗДЯанд холбогдуулан гаргасан “...дотоодын ажил, хэвлэлийн зардал, орчуулгын зардал, нотариатын зардал, шуудангийн зардал, олон улсын гэрээнүүдийн зардал гэх нийт 700.680 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан “ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 , 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА