Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр  

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЗ/149 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр  Н.Г д холбогдох 1829000440023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Манлай суманд 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий баг ..........................оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Долоод овгийн Н.Г /РД: ........................../,

         Н.Г  нь Өмнөговь аймгийн Манлай сумын төвд 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 дугаар cap, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхнэр Н.О тэй хамт амьдарч байх хугацаандаа түүнийг Өгөөмөр багийн Дэнжийн 1а-3 тоотод оршин суух иргэн Н.С ийн гэрт болон мөн сумын Өехий багийн ..........................өөрийн гэртээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г д холбогдох 1829000440023 тоот

1 хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор Н.Амгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүгчийн 2018/ШЗ/149 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн, ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж, дээрх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянасан талаар дурдаад, “...Шүүгдэгч Н.Г д холбогдох 1829000440023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны хуралдаанаар хэлэлцэж, 2018/Ш3/42 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн ба дараах үндэслэлээр тус хэргийг шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,17.5 дугаар зүйлд заасан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд: -Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Өгөөмөр багийн Дэнжийн 1а-3 тоотод оршин суух иргэн Н.С ийн гэрт болсон үйл явдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх ба харин яллах дүгнэлтэд дурдагдсан "Өмнөговь аймгийн Манлай сумын төвд 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 дугаар cap, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхнэр Н.О тэй хамт амьдарч байх хугацаандаа түүнийг Өехий багийн ..........................өөрийн гэртээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт гэрчээр Н.С э, Б.Н , Д.Н нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг гэр бүлдээ "байнга зодох” үйлдэл гаргадаг талаар нотлох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж,  Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлалд дурдагдсан "... Н.Г  нь хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар арга, хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...”, ”...гэрч Н.О ийн ...2017 оны 10 сард ажил дээр намайг зодож цохиж байгаад ажлаасаа халагдаж байсан /хх-20/, гэрч Н.Г ын ...2013 оны өвөл зодож цохиж байсан /хх-22/ гэж мэдүүлж байсан мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр нотлох баримтуудаар нотолж тогтоогоогүй...” гэх дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоогоогүй, нотлох баримтыг бүрдүүлээгүй байна гэж тус тус дүгнэв...” гээд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

         Н.Г д холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3-т заасан нөхцөл хангагдаагүй, өөрөөр хэлбэл “....шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эцсийн үгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, түүний өмгөөлөгчийн мэтгэлцээнээс шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байна... гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

          Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулан шалгахад яллагдагч нь өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшин өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, прокурорын сонсгосон ялыг буюу хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргасан тул прокуророос Н.Г ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3-т заасан нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн өмнөх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн болно.

          Гэтэл шүүх нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хүлээн авч, даруй шүүх хуралдаанаар шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн, ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулсан атлаа гэм буруугийн асуудлыг хэлэлцэж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн өөр нэг нөхцөл буюу 4.1-д заасан: “....гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг бүрдүүлээгүй....” гэх, энэ хэргийн талаар гаргасан анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрээс эрс зөрүүтэй дүгнэлтийг хийж, хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн байна.

       Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь эхнэр, нөхрийн хооронд, олны нүднээс далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг онцлог гэмт хэрэг бөгөөд хүчирхийлэлд өртсөн этгээдэд үзүүлэх төрийн хамгаалалтыг бодитой хэрэгжүүлэх үүднээс шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж, ял шийтгэх боломжтой, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүд нь зөвхөн “шүүгдэгч”-ийн хувьд шаардагдах нөхцөл байхад шүүх нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа гэх боловч “гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар” шүүгдэгчээс эсрэг байр суурь, санал илэрхийлж буй өмгөөлөгчийн саналд тулгуурлан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа, бодитой хүлээн зөвшөөрч мэдүүлэн хүсэлт гаргасаар байхад хэргийг шүүхээс буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

              Хохирогч Н.О ийн: “....Хамт амьдарч байх хугацаандаа Н.Г нь ....намайг хуурч мэхэлдэг болсон, үүнээс болж бид хоёр хоорондоо таарч тохирохоо больж маргаан болж, намайг зодож цохидог болсон. ... дахиад хамт амьдарч байх хугацаандаа намайг хуурч, өөр эмэгтэй хүнтэй явсан байсан. Үүнээс болж маргаан хэрүүл болж, намайг зодож цохисон. ...Оюутолгойн хашаан дотор намайг зодож, Н.Г ажлаасаа хөөгдсөн. ...намайг урьд нь хэдэн удаа зодож цохиж байсан талаар тоолж мэдэхгүй, тоогоо алдсан...” гэх мэдүүлэг, мөн хэргийн 42-52 дугаар хуудсуудад авагдсан аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудтай харьцуулан, дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

              Гэрч Н.С э нь 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө болсон хэргээс гадна, түүнээс өмнө Н.О ийг амралтаараа ирсэн байхад нь 2 удаа, нийт 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн байхад шүүх нь тухайн нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн ямар нэгэн үндэслэл дурдаагүй, хэрэгт цугларсан яллах бусад баримтуудыг харгалзан үзэхгүй орхигдуулж, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй, мэдэх боломжгүй Б.Н , Д.Н нарын мэдүүлгийг хамтад нь дурдаад “...нотлох боломжгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчжээ.

           Шүүгдэгч Н.Г  нь хохирогч Н.О ийг хамт амьдрах хугацаандаа байнга зодож байсан бөгөөд одоо тоолж хэлж мэдэхгүй гэж мэдүүлж байгаагаар хэдэн удаа, ямар ямар арга хэлбэрээр зодсоныг нэг бүрчлэн хэлж мэдүүлэх боломжгүй ч шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга зодсон” үйлдлийн давтамжийг, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудаст авагдсан “....Одоо ажил тараад Манлай суманд очиход байнга заналхийлээтэй байдаг, түүнээс айж байна...” гэх мэдүүлэг нь гэмт хэргийн хор уршгийг тус тус нотолж байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, гаргасан магадлалдаа гэрч Н.О ийн: ....2017 оны 10 сард ажил дээр намайг зодож, байгаад ажлаасаа халагдаж байсан..., гэрч Н.Г ын ....2013 оны өвөл зодож цохиж байсан... гэх мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр нотлох баримтуудаар нотолж тогтоогоогүй байна” гэж дурдсан боловч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахад Н.Г  нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон Н.О ийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЗ/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н.Г ын өмгөөлөгч Н.Энхтөр миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичсэнийг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна.

          Шүүхээс хэргийг буцаахдаа “...яллах дүгнэлтэд дурдагдсан Өмнөговь аймгийн Манлай сумын төвд 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сар, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхнэр Н.О тэй хамт амьдарч байх хугацаандаа түүнийг Өехий багийн ..........................өөрийн гэртээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт гэрчээр Н.С э, Б.Н , Д.Н нарын мэдүүлгүүдээр шүүгдэгчийг гэр бүлдээ “байнга зодох” үйлдэл гаргадаг талаар нотлох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

         Учир нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуульд зааснаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг тул уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлийг заавал хянах буюу энэ заалтыг шүүгдэгч заавал биелүүлсэн байх шаардлагагүй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдээс бусад гэмт хэрэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ өгч, прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол гаргасан тохиолдолд хамаатай ойлголт юм.

           Хүсэлтээ өгч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой юм. Яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд дээрх шаардлагыг хангаагүй бол харин уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй юм.

           Өөрөөр хэлбэл яллагдагч Н.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаагүй тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хянах шаардлагагүй юм.

           Энэ заалтыг заавал хянах шаардлагатай, энэ заалтыг шүүгдэгч заавал биелүүлсэн байх ёстой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч бүр гэм буруугүй байсан ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ заавал хүлээн зөвшөөрөх, мөн прокуророос санал болгосон ялыг заавал хүлээн зөвшөөрсөн байхыг албадсан, тулгасан, шаардсан үйлдэл болох тул хүний эрхийг ноцтойгоор зөрчих эрх зүйн үр дагавар үүснэ.

        Мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн мөртлөө үүнийгээ заавал нотлуулахаар прокурорт хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” тухай хуулийн заалтыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

          Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хоёр өөр ойлголт, журам байгааг анхаарч үзэлгүй хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг баримталж, шүүх хуралдаан прокуророос шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтын хүрээнд явагдах байтал шүүхийн шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн дээрх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх нөхцөл байдалтай нийцэж байх тул хэргийг прокурорт буцаасан 2018/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй уншсан учир товчхон тайлбарлая гэж бодож байна. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь хамт амьдарч байсан эхнэрээ байнга зодож байсан нь хавтаст хэргийн нотлох баримтаар нотлогдохгүй гэж үзэж буцаасан байдаг. Энэ хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл нь онцлог хэрэг байдаг. Ямар нэгэн бусад байдлаар нотлогдож гэрчлэгдэх нь туйлын хомс  хэрэг юм. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлүүд  хохирогч, гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Хохирогчийн амьдрал, ахуйн байдлаас харахад ч тогтоогддог. Шүүгдэгч Н.Г  нь байнга гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэнээс болоод эхнэр нь салсан. Хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр байсан нь хэргээс бүрэн тодорхой харагдаж, нотлогддог. Тухайлбал хүчирхийллийн үйлдэл нь амь насанд аюултай нөхцөл байдалтай ийм л хэрэг шууд үйлдсэн байдаг. Бид 2 үүнээс болоод таарч тохирохоо больж, намайг зоддог болсон. Хашаан дотор намайг зодсоноос болоод ажлаасаа халагдсан. Ингээд хэд, хэдэн удаа цохиж байсан талаар тоолж мэдэхгүй тоогоо алдсан гэсэн. Хохирогчийн хувьд аргаа ядаад аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдэг нь энэ мэдүүлгээс харагдаж байна. Мөн байнга зодож байсан нь тогтоогдож байна. Н.Г  гэмт  хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ бүрэн дүгнэлт хийгээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, энэ хэргийн талаар А.Амгалан прокурор  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх тухайн үедээ хэргийг хүлээж аваад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэргийг шууд гэм буруугийн асуудлыг шүүх хурлаар хэлэлцээд явсан. Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.                               

        

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6/10 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Анхан шатны шүүхээс “яллах дүгнэлтэд дурдагдсан Өмнөговь аймгийн Манлай сумын төвд 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 дугаар cap, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхнэр Н.О тэй хамт амьдарч байх хугацаандаа түүнийг Өехий багийн ..........................өөрийн гэртээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт гэрчээр Н.С э, Б.Н , Д.Н нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг гэр бүлдээ "байнга зодох” үйлдэл гаргадаг талаар нотлох боломжгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлагыг хангаагүй,  Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай магадлалд дурдагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоогоогүй, нотлох баримтыг бүрдүүлээгүй байна” гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

         Прокурорын эсэргүүцэлд дурдсан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа, бодитой хүлээн зөвшөөрч мэдүүлэн, хүсэлт гаргасаар байхад хэргийг шүүхээс буцааж байгаа нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт нь хавтас хэрэгт авагдсан яллагдагч Н.Г ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгт ...2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө болсон хэргийн талаар мэдүүлсэн ба би урьд нь Н.О ийг зодож цохиж байгаагүй /хх-58-59/ гэж, хавтас хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүгдэгчээс...2017 оны 11 дүгээр сард Оюутолгой ХХК-д хамт ажиллаж байсан. Орой ажлаа тараад Н.О  кино үзнэ гээд явсан. Би ажил дээрээ үлдээд хоёр, гурван пиво уусан. Гэртээ ороод хоёул маргалдаад гэр лүүгээ явна гэхээр нь куртикнээс нь бариад автал цаашаа яргаж байгаад ойчсон”, “би ганц нэг удаа л гар хүрч байсан, байнга зодож байгаагүй” гэж, яллагдагч Н.Г ас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин мэдүүлэг авахад /хх-139/ 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө болсон хэргийн талаар мэдүүлж, дээрх үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарласан гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна.

          Мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан завж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх,  мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлох, яллагдагч, хохирогч, гэрч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлгийг авах, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох зэрэг хуульд зааснаар хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.         

           Иймд прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6/10 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЗ/149 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА