Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0642

 

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0642

Улаанбаатар хот

 “Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч З.Б

Гомдол гаргагч: “Э” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа

 

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00348** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч З.Б

Хариуцагч Б.Гэрэлмаа нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 159/2023/0051/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Э” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00348** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо:

3.1. “...Шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тухайд: Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны богоод үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3-т “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан 47 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлт, хариуцагчийн хэлсэн хариу тайлбар зэргийг шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэг дурьдаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийн тухай" 21 дугаар тогтоолд “...шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтийг тусгах...” талаар тогтоосныг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй, илэрхий алдаатай бичигдсэн байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

3.2. Хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн хийсэн хяналт шалгалт нь хуульд нийцээгүй тухайд: “Э” ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төв”-ийн барилга Сэлэнгэ, Сүхбаатар сум нэртэй ХНХЯ/202212*** дугаартай тендерт оролцож шалгарч гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгэж байна. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/06 дугаартай “Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”, 02/00/08 дугаартай “Барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай”, мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-00/12 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай тус тус удирдамжийн дагуу манай компанид хяналт шалгалтыг явуулж эхэлсэн.

       3.2.1. Манай компанийн гүйцэтгэж байгаа ажилтай холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2331000408 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор Барилгын гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй /эс үйлдэхүй/-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтад зааснаар зөрчлийн хэргийг нээсэн. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №00348** дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг гүйцэтгэлийн чиг үүргээ биелүүлээгүй тухай зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

      3.2.2. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь Барилга хот байгуулалтын яамнаас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /хх-ийн 86 хуудас/ 02-00/06 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийсэн тухай тэмдэглэл хөтөлж манай компанийн ХАБ-н инженер Д.Ж-т танилцуулсан байдаг. Тус тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 12.1 зүйлийн 7.4-г зөрчсөн тул шийтгэлийн арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингээд тус зөрчлийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр илрүүлж тэмдэглэл үйлдчихээд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2331000*** дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж зөрчлийн хэрэг нээх шийдвэрийг гаргахаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчил илрүүлчихээд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Хуульд тэмдэглэлийг 2 удаа үйлдэх, нөхөн үйлдэх, давтан үйлдэх тухай ойлголт байхгүй, тийм эрхийг улсын байцаагчид олгоогүй байхад өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан ч ямар ч дүгнэлт хийгээгүй.

3.2.3. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны №ГА-35 дугаартай тэмдэглэл (хх-ийн 85 дугаар тал) авагдсан тэмдэглэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчилд холбогдогчид танилцуулж, гарын үсэг зуруулах, зураагүй тохиолдолд энэ талаар тэмдэглэлд тусгах тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын дагуу оногдуулсан байгаагаас харвал хууль бус тэмдэглэлийг үндэслэж гаргасан шийтгэлийн хуудас нь хүчингүй болох үндэслэлтэй.

3.2.4. Түүнчлэн манай компани 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тайлбарыг нотлох баримтын хамт тус газарт хүргүүлсэн мөн энэ талаар хүргүүлсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй, зөрчлийн хэрэг хаагдсаны дараа ирсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

3.3. Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/06 дугаартай “Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”, 02/00/08 дугаартай Барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай, мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-00/12 дугаартай төлөвлөгөөт хяналт хийх тухай удирдамжуудын батлагдсан байдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай өдрийн 02-00/06 дугаартай удирдамжаар шалгалтад хамрагдах асуудлыг тодорхойлсон байх бөгөөд тус удирдамжийн дагуу Газар, геодези, зурагзүйн хяналтын чиглэлээр, хот байгуулалтын хяналтын чиглэлээр Барилгын техникийн хяналтын чиглэлээр, Барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийхээр заасан.

3.3.1. Мөн 02/00/08 дугаартай Барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжаар барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, арматурын чанар төлөв байдал, барилга байгууламжийн зураг төсөл, баримт материалыг хянан шалгах, барилгын угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг арматурын гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат, тохирлын гэрчилгээ эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээний дүнтэй танилцаж, Барилгын тухай хууль, батлагдсан зураг төсөл болон холбогдох стандартын шаардлага үзүүлэлттэй харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлээр хяналт шалгалт хийх байсан.

3.3.2. Гэтэл Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь удирдамжид заагаагүй асуудлаар хяналт шалгалт хийж, улмаар манай компанийн барилгын угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг арматурын гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат, тохирлын гэрчилгээ эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээний дүнтэй танилцаагүй бид тухай бүрд нь шинжлүүлээд, гарал үүслийн гэрчилгээг аваад явж байсан энэ тухай тайлбарын хамт хүргүүлсэн байхад зөрчилд тооцож торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.3.3. Эрх бүхий албан тушаалтан болох Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 02-00/06, 02-00/12, 02-00/08 дугаартай Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх болон Төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу шалгалт хийх буюу чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа шалгаад олсон гэж тусгасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах эээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж заасан байдаг. Манай компанид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх талаар мэдэгдээгүй бөгөөд хууль зөрчиж хяналт шалгалт хийсэн гэж үзэхээр байна.

3.4. Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан эсэх дээр дүгнэлт хийгээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулиар тогтоосон хугацааны дотор явуулсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, мөн талуудын тайлбар мэдүүлэгт бодитой хандаагүй гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрийн тусгавал зохих хэсэгт тусгагдаагүй байдаг. Иймд хэргийг бүхэлд хянаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

2. Эрх бүхий албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00348** дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Э” ХХК-ийн үйлдсэн барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

3. Маргааны үйл баримтын талаар;

3.1. Гомдол гаргагч “Э” ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга Сэлэнгэ, Сүхбаатар сум нэртэй ХНХЯ/202212002 дугаартай тендерт шалгарч, гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 02-00/06, 02-00/08 дугаар “Барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” болон мөн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-00/12 дугаартай хяналт шалгалтын удирдамжуудын дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь тус компанийн тендерээр авсан барилгын ажил, үүргийг хэрхэн гүйцэтгэн, хангаж байгааг шалгалтад хамрагдах хүрээг тодорхойлж, хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэжээ.

3.2. Дээрх удирдамжуудад дурдсанаар Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 онд хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, газар ашиглалт, угсралтын ажлын чанар барилга угсралтын ажил эрхлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар төлөв байдал зэрэг хууль тогтоомж болон дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, учирч болзошгүй эрсдэл, техникийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой байна.

3.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон Зөрчлийн хэргийн материал, хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, барилгын ажлын талбайн фото зураг, 2023 оны 06 дугаар сарын 20, 07 дугаар сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (Холбогдогчоос авсан мэдүүлэг), мөн өдрийн холбогдогчид зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/244 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагчийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Э” ХХК-ийн гүйцэтгэж буй “Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга”-аас дараах зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.

Үүнд:

  • Барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг байхгүй,
  • Барилга угсралтын ажлын талбай эмх цэгцгүй,
  • Барилга угсралтын ажлын ил далд ажлын акт байхгүй,
  • Ашигласан материалын шинжилгээний дүн байхгүй,
  • Ханан өрлөгийн хэвтээ босоо дүргэлт хүлцэх хэмжээнээс хэтэрсэн,
  • Си бэхэлгээний төмөр хийгдээгүй,
  • Гадна цутгамлын хананы ажлын арматур ил гарсан, зэвэрсэн зэрэг зөрчлийг гаргасан байна.

 Энэ нь барилгын ажил гүйцэтгэгчийн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил гаргасан байна.

3.4. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тодорхойлсон журмыг зөрчсөн болон зөрчилд холбогдогчийн эрхийг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

3.5.Тодруулбал, хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Э” ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын ажилд хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэн энэ талаар тус компанийн ХАБ инженер Д.Ж-т танилцуулж, баримтжуулсан байна. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, улмаар 2331000408 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол гарган “Э” ХХК-ийг холбогдогчоор татаж, энэ талаар холбогдогч компанид 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/244 дүгээр албан бичгээр мэдэгдэж, тогтоолын хуулбарыг хүргүүлсэн байна. (хх-ийн 85-87 дахь талд)

3.6. Үүнээс үзвэл, хариуцагч нь зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу гүйцэтгэсэн байна.

3.7. Зөрчилд холбогдогч “Э” ХХК нь барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй гэх зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, уг зөрчилд торгох шийтгэл оногдуулсан хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13, 4.14, 4.15, 4.16-д заасантай тус тус нийцсэн, зөрчил шалгах ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3.8. Энэ талаар гаргасан гомдол гаргагчийн “...улсын байцаагч Б.Гэрэлмаа нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчил илрүүлчихээд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Хуульд тэмдэглэлийг 2 удаа үйлдэх, нөхөн үйлдэх, давтан үйлдэх тухай ойлголт байхгүй, тийм эрхийг улсын байцаагчид олгоогүй байхад өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

4. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь;

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.”, мөн зүйлийн 53.1-д “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ.”, мөн хуулийн 10 дугаар зүйл “Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх”, 10.4-т “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ.”, 10.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна.”,10.7-д “Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.”, 10.9.12-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;” гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”, мөн хэсгийн 6.40-д “газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 12.2, 12.3, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;”,

Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл “Барилгын тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 7-д “Барилгын ажлын гүйцэтгэгч:”, 7.4-т “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан хуулиар тодорхойлсон  эрх хэмжээний  хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчилд “Э” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй үндэслэлтэй байна.

 

5. Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

6. Түүнчлэн “Э” ХХК нь шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн заримыг арилгасан, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэх цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан актууд нь он, сар, өдөр, дугааргүй, эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй, /хх-17-25тал/, зөрчил гаргагчаас хариуцагчид 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/297 дугаар албан бичгээр гаргасан тайлбартаа хяналт шалгалтад хамруулах байсан материалыг хавсралтаар хүргүүлж буй талаар дурдсан зэргээс үзэхэд гаргасан зөрчлөө бүрэн арилгаагүй болох нь нотлогдож байна.

 

7. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, зөрчилд холбогдогч “Э” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                              З.ГАНЗОРИГ

            ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА