| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00537/и |
| Дугаар | 00734 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, Хүнх овогт Сандагийн Эрхэмбаяр / РН65102067/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00537/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сандагийн Эрхэмбаяр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эмчилгээ тэжээлийн цехэд туслах малчнаар ажилд орж 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, архиваас олдохгүйн улмаас нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 12 дугаар сарын 01-ний
өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай “...4. 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цехэд тэжээлийн төлөг, борлон шилжүүлж байгаатай холбогдуулан малны орон тоог нэгээр нэмэгдүүлж эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар илгээлтийн эзэн Сандагийн Эрхэмбаярыг энэ оны 12 дугаар сарын 01-нээс эхлүүлэн ажиллуулахаар томилсугай...” гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн “ Мунгараг хэсэг.....250. Овог-Сандаг, нэр-Эрхэмбаяр, нас26, хүйс-эм...” гэх Нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1992 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “...1. ...Мунгараг хэсгийн саальчин С.Эрхэмбаяр... нарт нийгмийн халамжийн яамны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 22 дугаар тогтоолыг үндэслэн тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэх Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Мунгараг бригадад 1986-1989 онуудад малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11/130 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар,
Гэрч Р.Даваадоржийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... С.Эрхэмбаяр нь 1982 оны 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар анх ажилд орсон Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт малчин, үхэрчин зэрэг ажлуудыг хийж байсан.Би 1973 онд илгээлтээр гараад нэгдэл тартал үхэрчин малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Оюунчимэгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:”... С.Эрхэмбаяр нь 1982 оны 6 дугаар сард Улаан-уул сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Улаан-уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчнаар анх ажиллаж эхэлсэн. Тэгээд миний мэдэхийн 1985 оноос бие даан үнээ эвч саальчин болсон. Би 2 дугаар бригадад 1979-1992 оныг дуустал малчин саальчинаар ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч С.Эрхэмбаярын 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаан-уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн эмчилгээ тэжээлийн цехэд туслах малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй дээрхи хугацаанд холбогдох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 10/258 дугаартай “....Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1991 оны тушаалд С.Эрхэмбаярыг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11/130 дугаартай “Тус сумын ЗДТГ-ын санхүүгийн өрөөнд гал гарсны улмаас архив устсан тул Жаргалант-Амьдрал нэгдлийн Мунгараг хэсгийн эмчилгээ тэжээлийн цехэд 1981-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан Сандагийн Эрхэмбаярын 1981-1985 онуудад ажиллаж байсан цалин хөлсний лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн "...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж, цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолт тус тус хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүнх овогт Сандагийн Эрхэмбаяр / РН65102067/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт туслах малчин, саальчинаар 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах малчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА