| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00450/и |
| Дугаар | 00631 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, Муу майхант овогт Цэрэнбалжирийн Цэцэгмаа /РЕ62012066/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “... Миний бие Цэрэнбалжирын Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1976 оны 5 дугаар сарын 10-нд тогоочоор томилогдон 1991 он хүртэл ажиллаж, 1991 оны 10 дугаар сарын 01-нд мал маллахаар хөдөө гарч, 2010 онд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр томилогдон ажилд орж
улмаар 2011 оноос тогоочоор ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс өндөр насны тэтгэвэртээ орохоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл цалингийн бичилт байхгүй, ажилд томилогдсон тушаал олдохгүй зэргээс миний 1976-1991 оны хооронд ажилласан хугацаа тогтоогдохгүй байгаа юм. Мөн аав ээж, төрөл садан, ажлын газрынхан маань Жавзад гэж нэршиж заншсан ба архиваас ажилд томилогдсон тушаал олдохгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг Ц.Жавзад нэрээр гаргасан бөгөөд ажиллах хугацаанд урамшуулсан Баярын бичиг, Диплом зэрэгт цаг үеийн удирдлагууд Ц.Жавзад Ц.Жавзан гэж бичснийг харгалзан үзнэ үү.
Иймд Ц.Цэцэгмаа миний бие Жаргалант сумын сургуульд 1976 оны 05-р сарын 10-наас 1991 оны 10-р сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Гэрч Г.Довчингийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:”... Түүнийг “Цэрэнбалжирын Жавзад” гэдэг байсан бөгөөд тэр нэрээр нь тушаал, цалин цэс, шагнал урамшуулал болон бусад баримт бичигт бичигддэг байсан. Би түүнийг Цэцэгмаа гэдэг нэртэй болохыг нь тухайн үедээ мэдэхгүй, сумаараа түүнийг “Жавзад” гэж дууддаг байсан. Намайг тус сургуулийн захирлаар ажиллаж байхад манай сургуульд “Цэрэнбалжирын Цэцэгмаа” гэдэг нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй, харин Довчингийн Цэцэгмаа гэж нэртэй цэцэрлэгийн багш ажилладаг байсан. Түүнийг “Цэрэнбалжирын Жавзад” гэдэг байсан бөгөөд тэр нэрээр нь тушаал, цалин цэс, шагнал урамшуулал болон бусад баримт бичигт бичигддэг байсан...” гэх,
Гэрч Я.Бямбаагийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:”... Намайг багшаар ажиллаж байхад ... түүнийг “Цэрэнбалжирын Жавзад” гэж нэрлэдэг байсан. Харин түүнийг Цэцэгмаа гэдгийг одоо л мэдэж байна. Намайг тус сургуульд ажиллаж байхад манай сургуульд “Цэрэнбалжирын Цэцэгмаа” гэдэг нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй, харин Довчингийн Цэцэгмаа нэртэй цэцэрлэгийн багш, Шугарын Цэцэгмаа нэртэй орос хэлний багш, сүүлд манай охин Бямбаагийн Цэцэгмаа цэцэрлэгийн багшаар тус тус ажилладаг байсан, ажилчид дотор Цэцэгмаа гэсэн нэртэй ажилчин байхгүй харин “Цэрэнбалжирын Жавзад” тогоочоор ажилладаг байсан...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон 011900 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн “...Дашзэвэгийн Цэрэнбалжир, Батбаярын Энэбиш нарын гэр бүлд 1962 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн охин Цэрэнбалжирийн Цэцэгмааг 1962 оны 02 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төрөлтийн бүртгэлийн 10-рт бүртгэгдсэн ...” гэх төрөлтийн бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын найман жилийн дунд сургуульд 1982-1991 онуудад тогоочоор ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай “1. Өөрийн нь хүсэлт, өргөдлийг үндэслэн тогооч Ц.Жавзад ... нарыг 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ...” гэх Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх, орлон ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “ даатгуулагч иргэн Цэрэнбалжирийн Цэцэгмаа /РЕ62012066 /- нь бүгд 9 жил 3 сар төлж 78.120 төгрөг төлсөн байна “ гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон лавлагаа,
Гэрч Я.Бямбаагийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:”... Намайг багшаар ажиллаж байхад Цэцэгмаа буюу Жавзад нь 1976 онд сургуулийн гал тогоонд тогоочоор ажиллаж эхлэсэн бөгөөд 1992 оныг хүртэл ажилласан. Ц.Цэцэгмаа Жаргалант сумын сургуульд 1976-1991 онуудад ажиллаж байх хугацаандаа тогоочоор тасралтгүй ажилласан. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сургуулийг бага сургуулиас 10-н жилийн дунд сургууль болтол нь буюу 1968-1996 онуудад багш, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч, дэд захирал гэсэн ажил албуудыг хийж байсан. Бас сумынхаа Цагаан бургас багт бага сургууль байгуулан эрхлэгчээр нь ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Довчингийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ”... Намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад Ц.Цэцэгмаа 1976 онд сургуулийн гал тогоонд тогоочоор анх ажилд орсон ба намайг 1981 онд аймгийн МАХН-ын хороонд ажиллахаар шилжихэд тогоочоор ажиллаад үлдсэн. Ц.Цэцэгмаа миний мэдэхийн Жаргалант сумын сургуульд 1976-1981 онуудад ажиллаж байх хугацаандаа тогоочоор тасралтгүй ажилласан. Би Жаргалант сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар 1975-1981 оны хичээлийн жилийн дуустал тасралтгүй ажилласан....” гэх мэдүүлэг,
Жаргалант сумын найман жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 31-ны өдөр шагнасан “Диплом”,
Жаргалант сумын найман жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шагнасан “Баярын бичиг, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10/271 дугаартай “...Тус
аймгийн Жаргалант сумын найман жилийн сургуулийн захирлын 1976 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Цэцэгмаад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/164 дугаартай “ ... Тус сумын архивт Цэрэнбалжир овогтой Цэцэгмаагийн 1982 оноос өмнөх сургуулийн цэс болон бусад холбогдох баримт , материал байхгүй нь үнэн болно ...” гэх,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай “ тус сургуулийн архивт 2013 оноос өмнөх
материал байхгүй бөгөөд 2013 оноос хойшхи хугацаанд холбогдох материалуудыг архивын нэгж үүсгэн хадгалж байгаа нь үнэн болно “ тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн 1976 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8-н жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан талаархи холбогдох баримтгүй тул дээрхи хугацаанд ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Цэрэнбалжир овогтой Цэцэгмаагийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1976 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Жаргалант сумын 8-н жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА