Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1112

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Б.Энэрэл,       

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох 2108018870977 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймаг Их хэт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Улаанбаатар” модны зах дээр мод савлах ажил хувиараа хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо Алтайн өлгий ***дугаар гудамжны ***тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Тахилтын задгай тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө овогт Б-ын Д /РД:*********/,    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Тахилтын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгаар нурууны доод талд 1 удаа хатгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь зүүн өгзөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо Тахилтын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгаар нурууны доод талд 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...СХД-ийн **-р хороо задгай тоотод манай ах бусдад зодуулсан ....гэх тэмдэглэл /хх-03/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-04/,   

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь СХД-ийн 33 дугаар хороо задгай тоотод...бор өнгийн бариултай эвхэгддэг хутга байх ба хэмжилт хийхэд ажлын хэсэг 8, бариул /иш/ нь 10 см нийт 18 см бүхий цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдоогүй хутгыг ...эд мөрийн баримтаар хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-06-07, 08-09/,

- хохирогч М.Б*гийн...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бага охиноо том охины гэрт үлдээгээд нөхөр бид ажилд явсан...Маргааш өдөр нь ажилгүй байсан болохоор унтаж байгаад 11 цагийн үед босч, бид 2 хоолны материал аваад хоол хийж идсэний дараа 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уугаад сууж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйлийг санахгүй байна...Нөхөр Д миний өгзөг хэсэгт хутганы үзүүрээр бага зэрэг хатгасан юм шиг байна...гэх мэдүүлэг /хх-16-17, 22-23/,   

- гэрч Б.Д-гийн...2021.08.06-ны өдөр 17 цагийн үед намайг дэлгүүртээ байж байхад дүү Э..:ээжийн нурууг бөгсний ард аав хутгалсан байна, ээж согтуу юм ярихгүй байна гэхээр нь шууд түргэн тусламж дуудчихаад гэрт нь хүрч ирсэн чинь ээж гэрийн зүүн хойд гадна хэсгийг налаад гудсан дээр сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ээж сүртэй юм бишээ аав чинь ингэчихлээ, миний л буруу байхгүй юу гэж хэлээд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Хойд аав Д-аас юу болсон талаар асуухад намайг хүнтэй хардаад агсраад байсан юм. Юу болсон талаар одоо ч ойлгохгүй байна гэж хэлээд сууж байсан...гэх мэдүүлэг /хх-44-45/,  

- насанд хүрээгүй гэрч Д.Э-гийн...Тэр өдрийн урьд өдөр би Д эгчийн гэрт хоносон. Тэгээд Д эгч ажилдаа явчихсан болохоор би гэрийнх нь ойролцоо найзуудтайгаа гудамжинд тоглож байгаад гэртээ ирсэн чинь гэрийн гадаа ээжийн нуруунаас цус гарсан халамцуу сууж байсан. Харин аав хажууд нь зүгээр сууж байсан болохоор би ээжээс таныг хэн ингэсэн юм гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Д эгчийн ажил руу гүйж очоод дуудаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-52-53/,  

- гэрч С.Ш-ын...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Тахилтын задгай тоотод ээжийг хутгалчихлаа гэх дуудлага, мэдээлэл ирсэн тул бүрэлдэхүүний хамт очиж шалгасан. Тэгэхэд хэрэг болсон газар нь ойр орчимдоо айл багатай уулын налуу хэсэгт хашаагүй задгай Монгол гэр байсан. Тэгээд хаана юу болсон талаар дуудлага өгсөн иргэнээс асуухад ээжийн нурууны доод хэсэгт гадаа хутгаар зүсчихсэн байна гэж хэлсэн бөгөөд хохирогч, холбогдогч нар их согтолттой гэрийн зүүн хойд гудсан дээр эхнэр нь нуруугаараа цааш гэрийн хаяа руу хараад хэвтэж байсан. Харин нөхөр нь хажууд нь сууж байсан юм. Би гэрт орж үзвэл ямар нэгэн зодолдсон, ноцолдсон гэх зүйл болоогүй, ул мөр байхгүй, эд зүйл эмх цэгцтэй байсан болохоор үзлэгийг гэрийн гадна хийж эхэлсэн...Тэгээд гэрийн зүүн хойд хэсэгт ногоон өнгийн гудас дэвссэн байсан бөгөөд гэрийн бүрээс хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан тул үзлэгийг тухайн газрын ойр орчмоор явуулсан чинь гудасны урд хэсэгт газарт улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга байсан тул эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэлд тусгасан...гэх мэдүүлэг /хх-56-57/,

- гэрч Д.Ж...хэргийн газар очих үед өвчтөн М.Б согтуу гэрийн гадаа сууж байсан...зүүн өгзөгний дээд хэсэгт 0,5-1 см орчим зүсэгдсэн өнгөц шархтай байсан тул шарханд ариун боолт хийж үлдээсэн. Мөн амин үзүүлэлтүүдийг үзсэн...гэх мэдүүлэг /хх-60-61/,

- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-65-69/, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-70/

- шинжээчийн дүгнэлт...М.Б-гийн биед зүүн өгзөгт шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-25-26/,

- шинжээч Б.Даваасүрэнгийн...М.Б-гийн биед учирсан зүүн өгзөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...гэх мэдүүлэг /хх-30/,  

- шүүгдэгч Б.Д-ын... тухайн өдрийн өглөө нь босоод эхнэр бид 2 хоол хийж идэх хоолны материал авахаар 11 цагийн үед дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй архи, ойр зуурын хоолны материалтай аваад гэртээ шөл хийж идсэн бөгөөд нөгөө архиа гэрийн гадаа хувааж уусан...Тэгсэн эхнэр их согтож намайг хамт мод шуудайлдаг хүүхэнтэй алцагнаад байдаг гээд хардаад уурлаад элдвээр хэлээд, нүүр лүү архи хүртэл цацаад байсан. Тухайн үед би гэрийн гаднах зуухны хажууд суусан хавирга мөлжөөд аягатай хоолоо хажуудаа газар тавьсан сууж байсан. Тэр үед эхнэр над руу элдвээр хэлж дайраад хоолтой аяга дээгүүр алхах үедээ зуух руу унах гэхээр нь би хавирга мөлжиж байсан хүрэн өнгийн иштэй эвхэгддэг хутга гартаа барьсан байсан тул хутгатай гараараа түүнийг татах үедээ түүний нурууны доод хэсэгт зүсчихсэн...гэх мэдүүлэг /хх-48-49, 95-96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.               

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч, шинжээч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх /хх-99/ ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :               

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар модны захад мод савлах ажилтай гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-16-17, 80-86, 95, шүүх хуралдааны тэмдэглэл / судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Шүүгдэгчийн хувьд түүний “хөдөлмөр эрхлэлтийн байдал”-ыг хөндлөнгөөс нотлох ажиллагаа бүрэн бус хийгдсэн байх ба шүүгдэгч нь “мод савлах” ажил хийдэг гэх мэдүүлгийг шууд үгүйсгэх буюу түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэх боломжгүй гэж үзэв.             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                    

Уг хэрэгт нэг ширхэг хутга хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :        

1. Шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР