| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00649/и |
| Дугаар | 00706 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1958 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт оршин суух, Хотгойд овогт Пүрвээгийн Галбаатар /РП58120111/-ын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал, нэхэмжлэгч П.Галбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Галбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Пүрвээгийн Галбаатар нь Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар элсэж 1974 оны 4 дүгээр сарын 25-нд 277 дугаартай хөдөлмөрийн дэвтэр авсан. Тэгээд 1976 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд явахад “Пүрвээ овогтой Галбаатар” гэсэн 328821 дугаартай цэргийн батлахтай цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд малчнаар дахин ажиллаж байтал хөдөлмөрийн дэвтрийн хугацаа дуусаж улмаар 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №53 хөдөлмөрийн дэвтэр нээж олгохдоо “Пүрэвээ Галбаатар” гэж миний нэрийг бичсэн байсныг тухайн үед анзаарч хэрсэн боловч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн. Харин одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл эдгээр дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагатай байна.
Иймд 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон 277 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1976 оны 2 дугаар сарын 18-ны өдөр авсан 328821 дугаартай цэргийн батлах, 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нээж олгосон №53 хөдөлмөрийн дэвтрийн тус тус эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтэр болоод цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн захиргаанаас 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон 277 дугаартай, 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нээж олгосон №53 хөдөлмөрийн дэвтрийн болон 1976 оны 2 дугаар сарын 18-ны өдөр авсан 328821 дугаартай цэргийн батлах зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн захиргаанаас 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “овог Пүрэв нэр Галбаатар” гэж нээж олгосон 277 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн захиргаанаас 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ”овог Пүрэвээ нэр Галбаатар” гэж нээж олгосон №53 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн АДХГЗахиргааны дэргэдэх Цэргийн хэлтсээс1976 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “ овог Пүрэв, нэр Галбаатар“ гэж нээж олгосон 328821 дугаартай цэргийн батлахын дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “... Хуушааны Пүрэв, Цэвэгийн Бат нарын гэр бүлд 1958 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн хүү Пүрэвийн Галбаатарыг 1958 оны 12 дугаар сарын 19-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төрөлтийн бүртгэлийн 198-рт бүртгэгдсэн ” гэх төрөлтийн бүртгэлийн лавлагаа,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн “... Пүрвээн Ганбаатар, Цагаанлхамын Долгоржав нарын гэр бүлд 1989 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн охин Ганбаатарын Нямбатыг 1989 оны 10 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төрөлтийн бүртгэлийн 121-рт бүртгэгдсэн ” гэх Пүрвээн Галбаатарын төрсөн дүү Пүрвээн Ганбаатарын охин Ганбаатарын Нямбатын төрөлтийн бүртгэлийн лавлагаа,
гэрч Г.Ванчиндондовын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...П.Галбаатарын аавыг Хуушааны Пүрвээ, ээжийг нь Бат-Өлзий гээд нэгдэлд насаараа мал малласан хүмүүс байсан. Тэднийх 9 хүүхэдтэй айл байсны хамгийн том нь энэ Галбаатар юм. Аав Пүрвээ нь БНМАУ-ын Ардын Их Хурлын XVI, XVIII их хуралд депутатаар сумаасаа 2 удаа сонгогдон төлөөлөгчөөр оролцож байсан манай сумын улсын аварга малчин хүн байсан, намайг хүүхэд байхын П.Галбаатарын аавыг аварга Пүрвээ гэж дууддаг байсан. Намайг нэгдэлд малчнаар ажиллаж байхад Ганбаатарыг “Пүрвээ”–н Ганбаатар гэж дууддаг байсан. Зарим хүмүүс “Пүрэвээ” гэж бичдэг ч явдал байсан, яг яаж бичигддэг эсэхийг би сайн мэдэхгүй. Би 16 настайгаасаа эхлэн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1976-1994 оныг хүртэл буюу нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан...” гэх
гэрч Г.Нямбатын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... Манай өвөө Пүрвээ, эмээ Бат-Өлзий гэдэг хүмүүс нь Цагаан-Уул сумын Агар багт насаараа нэгдэлд мал малласан малчин хүмүүс байсан. Тэднийх 9 хүүхэдтэй бөгөөд том хүүг нь Галбаатар, охин Алимаа, Мядагмаа, Бурмаа, тэгээд манай аав Ганбаатар, дүү Ганхуяг, Цэцэгмаа, Саруул, Ганзориг гэдэг байсан. Намайг 24 настай байхад буюу 2014 онд манай өвөө Хуушааны Пүрвээ нь 79 настайдаа таалал төгссөн бөгөөд би өвөөтэйгээ хамт амьдардаг байсан. Манай эмээ Цэвэгжавын Бат-Өлзий нь намайг төрөхөөс өмнө бурхан болчихсон байсан. Манай аавын том Пүрвээгийн Галбаатар нь миний мэдэхийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд насаараа мал малласан хүн бөгөөд одоо ч гэсэн Агар багтаа хувийн малаа маллан амьдарч байгаа. Манай өвөөгийн нэрийг Пүрвээ, гэж дууддаг байсан бөгөөд бичиг баримтуудад нь ихэвчлэн дундаа “ э ” үсэгтэй буюу “Пүрэвээ” гэж бичигдсэн байдаг байсан, харин Пүрэв гэдэг байсан үгүйг сайн мэдэхгүй байна. ... “ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний ноториатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1, 135.2.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Бадрал нэгдлийн захиргаанаас 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон 277 дугаартай, 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нээж олгосон №53 дугаартайихөдөлмөрийн дэвтрүүдийн мөн Хөвсгөл аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргаанаас1976 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон 328821 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хотгойд овогт Пүрвээн Галбаатар мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Галбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА