Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00735

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 2-3 тоотод оршин суух, ФД70120917 регистрийн дугаартай, Боржгон овогт Дэмбэрэлхүүгийн Дашмандалын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дугаар багийн 37-16 тоотод оршин суух, РХ75031918 регистрийн дугаартай, Мэргэн бөө  овогт Даваапилийн Эрдэнэбулганд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар  сарын 02-ний өдөр хүлээн авч 2017 оны 5 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашмандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Д.Дашмандал нь Д.Эрдэнбулганыг “300.000 төгрөг зээлээч, 2-3 хоногийн дараа ямаагаа самнаж ирээд өгнө” гэхээр нь хүсэлтийнх дагуу эргэлтийнхээ хэдэн төгрөгнөөс өгсөн боловч одоо хүртэл тус мөнгөө өгөлгүй, гэртээ олон удаа очуулж, утсаар хүртэл удаа дараа нэхэж аргаа барж байна. Миний том охин Дэлгэрмөрөн нь Вьетнам улсад сурдаг бөгөөд түүний төлбөр зардал гээд мөнгөний хэрэгцээ их байгаа учир арга буюу хуулийн дагуу танай байгуулагад хандаж байна. Д.Эрдэнэбулган нь “намайг шүүхэд өглөө” гэж уурлаж байна лээ. Иймээс иргэн Д.Эрдэнэбулганаас миний 300.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Д.Эрдэнэбулган нь хэлсэн амандаа хүрээгүй, хэрэгтэй үедээ авч хэрэглэчихээд өгөхгүй байгаад нь их гомдолтой байна. Уг мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр авсан юм. Тэр эхнэр Оюунцэцэгийн хамт хувиараа жимс, ногоо зарж борлуулдаг бөгөөд уг ажилаа 12-14 жил хийж байгаа. Эрдэнэбулганыг Хөвсгөл аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан  4-5 удаа эвлэрэлд уриад ирээгүй юм гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Эрдэнэбулган нь иргэн Д.Дашмандалаас 300.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тус 300.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

    Нэхэмжлэгч  Д.Дашмандал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний  бие Д.Дашмандал нь Д.Эрдэнбулганд холбогдуулан 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Д.Эрдэнэбулган нь тус нэхэмжилсэн 300.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-нд төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд  ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Д.Дашмандал нь хариуцагч Д.Эрдэнэбулганд холбогдуулан 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Дашмандалын нэхэмжлэлийн шаардлага болох 300.000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбулган нь төлөхийг зөвшөөрсөн  тухай тайлбарыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

   Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашмандалын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.650 төгрөгөөс улсын орлогод 4.650 төгрөгийг үлдээж, үлдэх 4.825 төгрөгийг буцаан гаргуулж, 4.825 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбулганаас  гаргуулан нэхэмжлэгч Д.Дашмандалд олгох нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашмандалын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эрдэнэбулганд холбогдох 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашмандалын Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.650 /есөн мянган зургаан зуун тавь/ төгрөгөөс  4.825/дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4.825  /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбулганаас гаргуулан нэхэмжлэгч Д.Дашмандалд тус тус  олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА