| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00451/и |
| Дугаар | 00700 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 00700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт оршин суух, Хатиган овогт Пүрэвжавын Мандах / РГ67072702/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00451/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч
П.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Мандах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Пүрэвжав овогтой Мандах нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын дунд сургуулийн 8-р ангийг 1983 оны 06 дугаар сарын 15-нд төгсөж, 1983 оны 7 дугаар сарын 1-нд Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд элсэн орж эцэг эхийн хамт мал маллаж, саальчнаар 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.1987 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай бригадын иргэн Балдан овогтой Мөнхбаттай гэр бүл болж 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд нөхрийн хамт мал маллаж саальчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн хоёр нэгдэлд ажиллаж байсан хугацааны зарим жилүүд архиваас хайгаад олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, тамга, тэмдэг дарагдаагүй зэргээс болоод миний тус хоёр нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна.
Иймд П.Мандах намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1987 оны 01 дугаар
сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Мандах нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай бригадад 1987-1989 онуудад малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/02 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 онд малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар,
Гэрч Д.Цолмонгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Би П.Мандахыг 1987 онд манай Сангийн далай бригадын Мөнхбаттай гэр бүл болж бэр болж ирсэнээс хойш сайн танина. П.Мандах нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1987 оноос нэгдэл тартал 1990 оныг дуустал саальчнаар тасралтгүй ажилласан юм. Би Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1975 оноос хойш 1991 он хүртэл малчин, саальчнаар тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Бат-Эрдэний 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:”...П.Мандах нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгсөөд эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймг ийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар ажиллаж эхлэсэн бөгөөд тэндээ 1986 он хүртэл ажиллаж байгаад Бүрэнтогтох сумын иргэн Шархүүгийн Мөнхбаттай гэр бүл болж улмаар Бүрэнтогтох сум руу шилжин ажилласан юм. Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оноос 1992 оныг дуустал үхэрчин, малчнаар ажилласан бөгөөд дундуур нь 1979 оноос 1983 оныг хүртэл цэргийн алба хаасан ба би ахлагчаар хоёр жил улиран цэргийн алба хаасан. Намайг цэргээс халагдаж ирэх жил П.Мандах нь 8 дугаар ангиа төгсөн нэгдэлд
ажиллаж эхлэсэн...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
“1984 оны 5 дугаар сарын 20-ны үеэр ферм зэллэсэний дараа фермийн ахлагч Алтангэрэл сонин уншиж байгаа байдал бүхий гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10/307 дугаартай “....Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1983-1986, Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1987-1990 оны даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул П.Мандахад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч П.Мандахын 1983 оны 7дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатиган овогт Пүрэвжавын Мандах / РГ67072702/-г Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА