Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 110/2023/0625/З |
Дугаар | 221/МА2023/0625 |
Огноо | 2023-10-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0625
“ТИҮХ”
ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Б.Т
Нэхэмжлэгч: “ТИҮХ” ГҮТББ
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дугаартай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж”-ийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 571 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Ц.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, С.С
Гуравдагч этгээд Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0498/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дугаартай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж”-ийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр:
“1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 38.4-т заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т-т холбогдох хэсгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т-т холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТИҮХ ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТИҮХ ГҮТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж-аар иргэн Б.Т-т олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000005161 дугаартай газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “Гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар, үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд байрлах Улаанбаатар хотын төв авто замын дагуух нийтээр ашигладаг явган хүний замтай давхцалтай барилга болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй” гэж, үндэслэх хэсгийн 17-д “Ийнхүү явган хүний зам дээр үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/28 дугаар тушаалаар батлагдсан “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS 6808:2019” стандартад заасан зөвхөн явган зорчигчид ашиглах зориулалттай, авто зам болон бусад хэсгээс хашлагаар тусгаарлагдсан, тэргэнцэртэй хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна” гэж тус тус зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичгийг дурдсаны дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус замыг нийслэлээс 2017 онд барьсан, энэ газарт явган хүний зам барих зөвшөөрлийг манайхаас аваагүй, зам баригдсантай холбоотой баримтыг судлаад олоогүй гэх тайлбарыг үндэслэх хэсгийн 19-д “... маргаан бүхий газарт нийтээр ашиглаж буй явган хүний зам баригдахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Н-д уг газрын эзэмших эрхийг олгосон ... эрх бүхий этгээдээс тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байх тул нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн бус харин бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам баригджээ” хэмээн илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 тоот захирамжаар тус дүүргийн 29 дүгээр хороонд 0,006 га буюу 60 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоогийн маргаан бүхий явган хүний зам дээр газар олгоогүй. Энэхүү захирамжийг ашиглан явган хүний зам дээр ТҮЦ барьж, тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай гэрээ хийхдээ газрынхаа хэмжээг 130 м.кв болгон томруулсан. Ширнэн овогтой Наранмандахын эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт болон тус актад тусгагдсан эдэлбэр газрын схем зургаас үзэхэд Ш.Н замын трасс дээр, нийтийн буюу явган болон авто зам, цэвэр, бохир ус, цахилгаан, холбооны шугамын хамгаалалтын зурвасд ТҮЦ барьсан нь тогтоогдсон. Дараа нь Газар эзэмших хугацаа сунгах, бусдын нэр дээр шилжүүлэх нэрээр газрынхаа хэмжээг өргөтгөж, улмаар ТҮЦ-ээ явган хүний зам, такси, автобусны зогсоолын талбайн зарим хэсэг рүү оруулж барьсан.
3.3. Иргэн Ш.Н-д энэ байршилд анхнаасаа газар олгоогүй, олгох ёсгүй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Засаг дарга мэдэж байсан учраас Газрын албаны зарим хүмүүстэй нийлж, гэрээ хийх, хугацаа сунгах, бусдад шилжүүлэх гэрээгээр халхавчлан газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон.
3.4. Мөн бариулсан ТҮЦ-ээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан үйлдэл нь Авлигатай Тэмцэх Газарт шалгагдаж, мөрдөн байцаагчийн зөрчил засуулах мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. ТҮЦ-ээ цэвэр, бохир усны татан зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, цахилгаан, холбооны шугам дээр барьсан. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотод ТҮЦ нь 57 м.кв хэсгээрээ бохир усны татан зайлуулах шугамын хамгаалалтын зурвасд баригдсан, 130 м.кв талбай нь бүхэлдээ цэвэр усны хамгаалалтын зурвас дээр баригдсан буюу газрын доор цэвэр, бохир усны шугам хоолой байгаа тул иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хуулиар хориглосон байршилд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Гэтэл шүүх энэхүү бодит байдлын талаарх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийсэнгүй.
3.5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагуудаас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 013543 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.6. Ингэхдээ шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3190 дүгээр захирамж болон тус захирамжийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар тогтоолыг тус тус дурдсан хэдий ч нэхэмжлэлийг хүлээн авах нь зүйтэй гэж нэгэнт дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байсаар атал хүчин төгөлдөр шүүхийн тогтоолд дүгнэлт хийж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзжээ. Цаашлаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 386 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхээс холбогдох баримтуудыг цуглуулан хэргийн үйл баримтыг тогтоосон гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ тогтоолоос хойш тогтоолд дурдсан үйл баримттай холбоотой шинээр ямар ч баримт гаргуулаагүй болох нь хавтаст хэргээс тодорхой харагддаг.
3.7. Захирамжид заагаагүй байршилд нийтийн эзэмшил явган хүний зам дээр ТҮЦ барьсан, түүнийгээ газар эзэмших гэрээ байгуулах нэрээр кадастрын зураг хийлгэн хэмжээг томруулсан, бусдад шилжүүлэх захирамж гаргахдаа хугацааг сунгасан үйлдлүүд бүгд илт хууль бус нь тогтоогдсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дугаартай шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу тус захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Учир нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 220200494 дугаартай хэрэгт ажиллагаа явуулж байгаа тул уг хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэх хүсэл, мөн гуравдагч этгээдээс уг хүсэлтийг дэмжиж тус эрүүгийн хэргийг хэнд холбогдуулан газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлын аль нь болохыг шалгаж тодруулсны дараа уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж хүсэлт гаргасан боловч, газартай холбоотой маргаан шийдвэрлэх гэж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй.
4.2. Маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738096 дугаар гэрчилгээг Ү-2201020524 дугаарт бүртгэж гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон байгаа. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлйин 60.1.4-д “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” шүүх шийдвэрлэхээр заасан мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй холбоотой гэдгийг анхаарч үзсэнгүй.
4.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хзртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.4. Маргаан бүхий газрыг иргэн Ш.Н нь 2006 оны 05 дугаар сарын 15-нд газар эзэмших тухай хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаар захирамжаар иргэнд худалдаа үйлчилгээний зориулалтаар 18636310140093 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн 0135433 гэрчилгээ олгож, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед энэ явган хүний зам байсан эсэх талаар хамгаалалтын бүсүүд хэзээ бий болсон талаар холбогдох байгууллагаас тодруулаагүй.
4.5. Гэхдээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21.2.4-д тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрын бусдын эзэмшил, тодорхой хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр олгох, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэр гаргах эрх нь захиргааны эрх хэмжээний асуудал бөгөөд энэ тохиолдолд бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам барьсан атлаа эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаагүй орхигдуулсан байна.
4.6. Шүүх дээрх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт гаргаагүй Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус газрыг нөхөн олговортой чөлөөлөх талаар газар эзэмшигчтэй хэлэлцээр хийж байсан эсэх талаар тодруулаагүй, нотлох баримтгүй дүгнэсэн. Мөн бусад этгээдийн эрх ашиг хөндгдөж байгаа талаар тодруулахгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийг оролцогчийг татан оролцуулна гэж заасан үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1. “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/622 дугаартай захирамж нь нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2006 онд иргэн Ш.Н-д газар эзэмших эрх олгох үед тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Нийтийн эдэлбэр газар дээр газар олгоогүй байхад явган хүний замын буруу төлөвлөлтөөс болж миний эд хөрөнгийг ямар ч үнэ цэнэгүй болгож, төрөөс хэдэн төгрөгийн нөхөн олговор олгох эсэх нь шийдвэрлэгдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэр гаргаж байгааг би ойлгохгүй байна.
5.2. Миний бие нь 2019 онд тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, худалдан авахдаа банкны барьцаанд тавьж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлж дуусаагүй байгаа. Би төрийн байгууллагын ямар нэгэн буруу шийдвэрээс болж хохирох ёсгүй. Шүүхийн шийдвэртэй танилцахад намайг хохироох шийдвэр гаргасан байна. Гэтэл газар эзэмших эрхийг хүчингүй болгочихоод төрөөс хэзээ миний хохирлыг яаж барагдуулах нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна.
5.3. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс асуухад нэг ч тэргэнцэртэй иргэд нэхэмжлэгч байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хандаж тухайн зам талбай дээр явахад хүндрэлтэй байгаа талаар гомдол гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон.
5.4. Харин нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг биш “ДХ” ХХК-ийн эрх, ашгийг хамгаалж тухайн байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргаж оролцож байгаа болох нь тодорхой болж, “ДХ” ХХК-тай холбоотой баримтыг шүүхэд нэхэмжлэгч талаас гарган өгсөн. Түүнчлэн “ДХ” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан явдал нь “ДХ”-ийн эрх, ашгийг хамгаалж байгаа үйлдэл бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн шүүх хуралдаан дээр үгүйсгээгүй болно.
5.5. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/68 дугаар тушаалаар батлагдсан “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS6808:2019 стандартыг ярьвал манай Монгол улсад энэхүү стандарт заасан шаардлагыг хангах нэг ч зам байхгүй. Энэхүү стандарт нь тухайн явган хүний зам баригдсанаас хойш батлагдсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй 2019 онд батлагдсан стандартыг баримталж шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна.
5.6. Нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ нь нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг зөрчсөн. Энэ талаар шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс маргасан байхад энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг зөрчсөн талаар шүүх хуралдаан дээр маргаагүй. Шүүх маргаж байгаа асуудал болгонд дүгнэлт хийх ёстой.
5.7. Гэтэл анхан шатны шүүхээс “... 15. Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд байрлах Улаанбаатар хотын төв авто замын дагуух нийтээр ашигладаг явган хүний замтай давхцалтай барилга болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй. 16. Гуравдагч этгээдээс “... манай газрын хойгуур тэргэнцэртэй хүн зорчих боломжтой, түүнд зориулж явган хүний замаас буулгасан налуу замыг үл хөдлөх эд хөрөнгийн хажууд хийсэн байгаа ... гэх боловч маргаан бүхий газрын хойд талд явган хүн биш авто машин зорчиход зориулагдсан авто зам байх бөгөөд явган зорчигчид, тэргэнцэртэй хүн зорчих өөр зам байхгүй, гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир зориулалтын газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг хамаарна” гэж заасан нийтээр ашигладаг зам, талбайд хамаарч байна. 17. Ийнхүү хүний зам дээр үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/68 дугаар тушаалаар батлагдсан “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS 6808:2019 стандартад заасан зөвхөн явган зорчигчид ашиглах зориулалттай, авто зам болон бусад хэсгээс хашлагаар тусгаарлагдсан, тэргэнцэртэй хүн саадгүй зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн чөлөөтэй зорчих боломжтой зам байх шаардлагад нийцэхгүй, тэргэнцэртэй хүний явган хүний замаар чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна...” гэх үндэслэлээр үндэслэлгүй дүгнэлт хийж дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хэрэв шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд гуравдагч этгээд Б.Т миний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэж Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ-аас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дугаартай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж”-ийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.006 га газар эзэмших эрхийг олгосон, харин энэхүү газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн олгохдоо 130 м.кв газрыг нэгж талбарын 18636310140093 дугаартай, 5 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд улмаар тус газартаа 129,96 м.кв талбайтай нэг давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020524 дугаартай гэрчилгээ тус тус олгогджээ.
2.3. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж, мөн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжийн хавсралтын 7-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг С.Буянтогтоход, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар Б.Т-т тус тус шилжүүлсэн, өмнөх захирамжуудыг тус бүр хүчингүй болгож байсан үйл баримт тогтоогдож байна.
2.4. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам...зэрэг газар хамаарна”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гээд 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж, 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэсэн хуулийн зохицуулалттай.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож хавсралтаар баталсан байх бөгөөд тус хавсралтад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд талын талбай хэсгийн 3187.82 м.кв газар”-ыг Нийтийн эдэлбэр газраар тогтоосон байх хэдий ч 2006 онд тус газар эзэмших эрхийг иргэн Ш.Н-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгож, тухайн байршилд 2008 онд нэг давхар сэндвичэн барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байх бөгөөд тус барилга нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй талаар Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21/838 дугаар албан бичигт дурдсан байгаагаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх нийтийн эдэлбэр газраар тогтоож, явган хүний зам тавигдахаас өмнө хэдийн үүссэн гэж үзэхээр байна.
2.6. Энэ талаар анхан шатны шүүхээс “...маргаан бүхий газарт нийтээр ашиглаж буй явган хүний зам баригдахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Н-д уг газрын эзэмших эрхийг олгосон, мөн Засаг даргаас дараа, дараагийн захирамж гарган газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан, эрх бүхий этгээдээс тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байх тул нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн бус, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт нийтээр ашиглах явган хүний зам баригджээ” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.7. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас 2017 онд тухайн хэсгийн авто замыг өргөсгөж, явган хүний замыг барьж тохижуулахдаа тус газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг холдуулах, тойруулах эсхүл тус барилгын урд болон хойд хэсгээр төлөвлөх зэргээр нэгэнт өөр боломжит байдлаар зохицуулаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагч болон гуравдагч этгээдээс Тэргэнцэртэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн урд байрлах гэрлийн шонг зөөвөрлөх эсхүл урдуур нь тойруулан гаргах байдлаар явган хүний замыг Тэргэнцэртэй иргэд зорчиход саадгүй бөгөөд холбогдох стандартад нийцүүлэх замаар дахин тохижуулах боломжтой юм.
2.8. Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллагад Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэсний дагуу гуравдагч этгээдэд нөхөн олговор олгох замаар маргаан бүхий газрыг солих буюу эргүүлэн авах эрх хэмжээг хуулиар олгосон байх тул талуудын гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
2.9. Учир нь энэ талаар анхан шатны шүүхээс “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Т-т шилжүүлэх үед явган хүний зам баригдсан байсан учраас дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих, эсхүл цаашид бусдад эзэмшүүлнэ гэж үзсэн бол явган хүний замыг өөр газарт төлөвлөх талаар холбогдох ажиллагааг тус тус хийх үүрэгтэй атал аль алийг нь хэрэгжүүлээгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
2.10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т-т холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
2.11. Харин хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг харгалзах ба нэгэнт одоогийн нөхцөл байдалд тодорхойлогдсоноор гуравдагч этгээдийн газар, өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь төв замын хажуу талын явган хүний замтай давхцаж байгаа байдлыг нягтлан шалгаж, энэ байрлалд цаашид байрших боломжтой эсэхэд дүгнэлт хийх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэр гаргах нь зүйтэй байна.
2.12. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаартай Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н-д олгосон 0135433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд холбогдуулан гаргасан гомдлоо дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнтэй холбогдох дүгнэлтийг болон нэгэнт хүчингүй болсон захирамжуудын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
2.13. Мөн нэхэмжлэгч буюу гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын үндсэн зорилго нь өөрийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх тул 2022 онд маргаан бүхий асуудлаар шүүхэд хандсантай холбогдуулан гуравдагч этгээдээс гаргасан “нэхэмжлэгч “ТИҮХ” ГҮТББ нь нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авахгүй боломжгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манай холбооны гишүүдээс хаана, ямар эрх ашгийг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирсэн цагаас тухайн гишүүнийхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхэлдэг болохоос гадуур яваад энд бидний эрхийг зөрчсөн байна гэж хайгаад явдаггүй байгаа” гэх тайлбар үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.13-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА