Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1069

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Н.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1456 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Н.Л, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программист мэргэжилтэй, “*** “ ХХК-ны мэдээлэл технологийн албанд IT инженерээр ажилладаг, ам бүл дөрөв, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар ** гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Л нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны ил зогсоол дээр хохирогч С.Н-ыг “машины хайрцаг сав ухлаа, болиоч” гэж хэлсэнд уурлан толгой руу нь цохих, хацарт нь алгадах, машины хаалганд хөлийг нь цохиулах зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Т овгийн Н.Л нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны ил зогсоол дээр хохирогч С.Н-ыг “машины хайрцаг сав ухлаа, болиоч” гэж хэлсэнд уурлан толгой руу нь цохих, хацар руу нь алгадах, машины хаалганд хөлийг нь цохиулах зэргээр халдаж бие махбодод нь “...тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Л-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон юм...” гэсэн мэдүүлэг;      

2. “Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 53 дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн орчимд С.Н зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас);

3. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 21 цагийн үед гэртээ байхад Л “гараад ир, машинаас юм авъя” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот гэрээсээ гараад 53 дугаар байрны ил зогсоол дээр очоод машинаа онгойлгож өгөхөд Л машинаас юм хайнгаа зүүн талын урд хаалгыг хашааны хананд цохиод байсан. Би болиоч гээд хажууд нь очоод машины хаалгыг гараараа бариад “юу хайгаад байгаа юм бэ” гэхэд машинаас гарч ирэхдээ хаалгаар намайг түлхсэн. Л өндөр нуруутай тул машины урд талын хайрцгийг машин дотор суухгүйгээр, тонгойгоод ухаад байсан. Би боль гээд мөр лүү нь гараараа цохиход эргэж хараад миний толгойны зулай хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Чи арай ч дээ, яаж чадаж байна гэхэд “чи надаас салчихсан юм чинь чамайг яасан ч яадаг юм бэ” гээд машины зүүн урд талын хаалгыг хойш хүчтэй түлхэхэд миний зүүн талын хөлийн шилбэ цохигдсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9288 дугаартай шинжээчийн:”...С.Н-ын биед тархи доргилт, зүүн шилбэ, өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 37-38 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...найз охин Н-аас өөрийн жолооны бичиг баримтыг авахаар байрны үүдэнд нь очсон. Жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод доошоо тонгойгоод бичиг баримтаа хайж байгаад санаандгүйгээр машины хаалгыг бетонон хашаанд шүргүүлчихсэн. Гэтэл Н уурлаад хаалганы ард зүүн хөлөө хийгээд хашаанд хаалга хүрэхээс сэргийлж байсан. Би тухайн үед мэдээгүй, хаалгыг хойшоо биеэрээ түлхэхэд Н-ын хөлийг нь хавччихсан. Тэгэхэд тэр намайг алгадсан. Алгадахад нь нүдний шилний нуух зүүн талын нүдний уг руу хатгаж нүд гэмтсэн. Би буцаагаад Н-ын баруун талын хацар луу алгадсан. Бид хоёр нэг нэгнээ 3-4 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-50 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Н.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 61 дүгээр хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 63 дугаар хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 5-11, 12-14 дүгээр хуудас), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 15-17 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт (хх-ийн 62 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 64 дүгээр хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 67 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 76-78 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Л нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.Л-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Н-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч С.Н нь “эмчилгээний зардалд 130,000.0 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйхэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Л-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Н.Л-ын цалин хөлс, орлогыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 2 сарын хугацааг нэмэгдүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Н.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Л-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА