Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт О-ы Д-т холбогдох эрүүгийн 2127000780086 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн .......суманд төрсөн, 29 настай, .....й, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эгч, хүүгийн хамт Өвөрхангай аймгийн . сумын..... 6 дугаар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овгийн О-ы Д /РД:********/

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч О.Д нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6  дугаар баг гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр Л.Л-ын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, нуруу хэсэг рүү өшиглөн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч О.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Би мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч О.Дын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...Би тухайн өдөр 16 цагийн орчим манайхан хонио хурааж хашчихсан тэр үед хашааны гадаа 10 гаран хурга хэвтэж байсан босгоод хөөх гэтэл нэг хурга босоод татаад унаад өгсөн тэр үед би Л.Лыг хатгуурын хутга аваад ир гээд гэр лүү явуулсан тэгтэл олдохгүй байна гээд зүгээр хутга аваад ирсэн тэгээд хургаа хатгатал хурга маань үхсэн. Тэгэхэд ******* намайг дандаа зарах юм гээд миний цавь руу нэг удаа өшиглөсөн /тухайн үед миний зүүн талын цавин дээр хатги гарсан байсан/ тэгэхээр нь уурлаад босоод баруун гараараа нэг удаа дух хэсэг рүү нь алгадсан. Тэгтэл ******* намайг ганц хүүхэд тэжээж чадахгүй гэж бодож байна уу би явна гээд гэр лүүгээ орсон. Би тухайн үед морио услах гээд гол руу яваад 20 гаран минут идүүлж байгаад гэртээ иртэл Л.Лын ах нь ирсэн гэрээс хамаг юмаа ачсан байсан тэгэхээр нь би очоод хүүхдээ авч үлдсэн. ...Бид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж байсан гэрлэлтээ батлуулж чадаагүй Л.Л өмнө сууж байсан нөхрөөсөө гэрлэлтээ салгуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуу/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р

хуу/,

- 3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуу/,

 

Хохирогч Л.Лын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр үдээс хойш хонь саах хугацаа болсон байсан би хонио хурааж хашчихаад байж байтал нэг хурга явж чадахгүй унаад байсан тэгтэл О.Д энэ хурга яасан юм бэ? гэхэд нь мэдэхгүй гэтэл хатгуур аваад ир гэхээр нь хатгуур олдохгүй байхаар нь өөр хутга аваачаад өгтөл хутгаа авснаа гэнэт өөдөөс дандаа хэрэлдэж байх юм пизда чинь гээд цохиод авсан. Тэгээд намайг зайлахгүй юу пизда минь гэхээр нь өөрийн ээж болох *******д “ахыг дуудаад өг би явмаар байна” гэхэд ээж 2 цаг гарангын дараа дуудаад бид 3 хамт Хужирт сум руу явсан. Тухайн үед О.Дын ээж нь дандаа хүүхдийн өөдөөс хэрэлдэж байх юм гэж хэлж байсан. О.Д эхлээд миний дух руу баруун гараараа цохиод, мөн нуруу болон салтаа хэсэг рүү өшиглөсөн. Өмнө нь цохиж зодож байсан 2020 оны өвөл гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байтал миний нуруу руу нэг удаа хүчтэй өшиглөж байсан. Мөн хавар суран ногтны цулбуураар зүүн шанаа хэсэг рүү шавхуурдаж хацар хавдаж байсан. Ер нь гэнэт уурлахаараа над руу дайрч элдвээр хэлж хараадаг. Тухайн өдөр манайд О.Д, хадам ээж, миний төрсөн ээж, О.Дын эгч болон манай 2 хүүхэд бид хэд байсан. Би гомдолтой байна. Миний толгой болон нуруу, давсаг зэргээр их өвдөлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуу/,

 

Гэрч Т.гийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Би өөрийн бага охин болох Л.Лын гэрт очсон байсан. Тэр манай охиныг хатгуурын хутга аваад ир гэх шиг болсон тэгээд хатгуурын хутгаа хайгаад олохгүй сандарч байгаад нэг хутга аваад очиход нь гэнэт зодсон би сандраад очиж явтал манай охин зугтаагаад ирсэн. Тухайн өдөр О.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би холоос харсан хүүхэд хутга аваачаад өгтөл толгой руу цохиод авч байгаа харагдсан. Өөр цохиж байхыг нь хараагүй. Дараа нь охин маань гүйж ирээд хэлэхдээ нуруу болон салтаа руу нь өшиглөсөн талаар хэлсэн. Манай охиныг өмнө нь зодож байсан гэсэн охин маань нуугаад хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Гэрч *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Тухайн өдөр манай гэрт манай хүү болох О.Д, Л.Л, , 2 жоохон хүүхдийн хамт бид хэд Хужирт сумын 6 дугаар баг гэх газар О.Дын гэрт байсан. Бид хэд хонио саах гээд хонио хурааж байсан. Тэгтэл нэг хурга гэнэт унасан тэр үед О.Д Л.Лыг хатгуурын хутга аваад ир гэж хэлж байсан. Тэгээд удаад байхаар нь яачхав гэхэд Л.Л олдохгүй байна гээд зүгээр хутга аваачаад өгсөн түүнээс болоод маргалдсан. Тэгтэл юм хум олдохгүй байхад дандаа зарж байх юм гээд Л.Л манай хүү О.Дыг нэг өшиглөсөн. Тэгтэл О.Д зөрүүлээд нэг удаа алгадсан. Тухайн үед Л.Л ээж рүүгээ гүйгээд орсон. Тэгээд автомашин ирж байна гээд гараад хартал Пүүжээгийн машин ирсэн. Би тухайн үед Т.г авч явах гэж байгаа байх гэж бодож байтал гэрт нь машинаа тулгаж тавиад Л.Л гэрээсээ хамаг юмаа ачиж эхэлсэн. Тухайн үед О.Д морио услах гээд явсан байсан. Тэгээд Л.Лыг манай гэрт ороод ирэхээр О.Дыг байхгүй үед хамаг юмаа ачаад байдаг юм. Муу ч үгүй хүүхэд маань наад гэрийн чинь эзэн хэлээд ярилцаад аччихаж болдоггүй юм уу? гэж хэлэхэд уурлаад гараад явсан. Тэгээд О.Д ирээд манай гэрт сууж байсан. Би тухайн үедээ орооч хүүхдээ ядаж үнсээч гэхэд хүүхдийн заяа гомдоно эд нарт хүүхдээ өгөхгүй гээд очоод хүүхдээ аваад ирсэн. Тухайн үед О.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Өвөрхангай  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “...Үзүүлэгч Л.Лын биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, нуруунд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 285 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.

 

Шүүгдэгч О.Д нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6  дугаар баг гэх газарт хувийн  таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр Л.Лын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, нуруу хэсэг рүү өшиглөн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Хохирогч Л.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас, гэрч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №285 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Д хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3-т заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг” тус тус ойлгоно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан О.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Дын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн

гэмтэл учруулсан байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа

гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

 

Иймд шүүгдэгч О.Дт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн

хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт О-ы Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Т овогт О-ы Д-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА