| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00470/и |
| Дугаар | 00648 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багт оршин суух, Шандас овогт Гүрдагвын Нармандах / РГ59021818/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Г.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нармандах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гүрдагва овогтой Нармандах миний бие нь 1959 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрж өссөн. 1967-1975 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуульд суралцан 8 дугаар анги төгсөж, улмаар МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч 1975 оны 6 дугаар сарын 1978 оныг хүртэл мал малласан.1978-1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн трактор-комбайны жолооч бэлтгэх курс төгсч 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оныг хүртэл Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэр бригад 13 жил тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. 1993 онд Дэлгэрмөрөн нэгдэл хувьчлагдаж, би өөрийн эзэмшиж байсан тракторыг хувьдаа авч 1996 он хүртэл айл нүүлгэх, түлээ мод бэлтгэх, хадлан бэлтгэх зэргээр хувийн ажилд ашиглаж байгаад худалдсан. 1997 оноос өнөөг хүртэл Бүрэнтогтох суманд өөрийн эзэмшлийн малаа маллан амьдарч байна. 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад малчин / 2 жил 6 сар /, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрт тракторын жолоочоор тасралтгүй 13 жил тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад 1975-1977 онуудад малчинаар, 1980-1992 онуудад тракторын жолоочоор ажилласан жил, авсан цалин хөлсийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн түүвэр, цалингийн цэсний хуулбар,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаартай “... 1. Тракторын жолоочийн курс төгсөж ирсэн Гүрдагва овогтой Нармандахыг 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тракторын жолоочоор томилон ажилуулсугай...” гэх тушаал,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1992 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн 217 дугаартай “Дэлгэрмөрөн нэгдэл нь Хөвсгөл аймгийн өмч хувьчлалын комиссийн шийдвэр, Нэгдлийн зөвлөлийн хурлын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор татан буугдаж, хувьцаат компани болж үйл ажиллагаа явуулах болсон тул Гүрдагва овогтой Нармандахыг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөв” гэх тушаалын хуулбар,
УАТХШБГ-ын мэргэжлийн комиссийн 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон №39679 дугаартай трактор-машинчийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
гэрч Ш.Лхагвасүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Г.Нармандах нь 1975 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад илгээлтээр малчин болж ах Пүрэвдоржийндоо гарч ирж байсан юм. Тэгээд нэгдэлдээ ажиллаж байгаад миний санахыг 1979 онд трактор- машинчаар аймгийн БХТН-ийн дэргэдэх курст суралцаж төгсөөд 1980 оноос1993 оныг хүртэл нэгдэлдээ тракторын жолоочоор ажилласан юм. Г.Нармандах нь нэгдэлд 1975 онд илгээлтээр гарч ажилласнаар хойш 1993 оныг хүртэл малчин, тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. Би 1959 онд Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэл анх байгуулагдсан цагаас хойш нэгдэл тартал буюу 1993 он хүртэл малчин, барилгачин, тракторын жолооч, моторчин зэрэг ажлуудыг хийж байгаад 2003 онд тэтгэвэрт гарсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Дугаржанцангийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: Г.Нармандах нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8-н жилийн дунд сургуулийг 1975 онд төгсөөд Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад малчнаар анх ажилд орж байсан бөгөөд нэгдэлдээ 2 жил гаруй ажиллаж байгаад 1979-1980 онд Батлах хамгаалахын тракторын жолоочийн курсст суралцаж төгсөөд нэгдэлдээ тракторын жолоочоор 1993 оныг хүртэл ажилласан. Г.Нармандах нь өөрийн барьж байсан трактороо өмч хувьчлалаар хувьдаа авч байсаныг сайн санаж байна. Г.Нармандах нь нэгдэлд 1975 оноос 1993 оныг хүртэл малчин, тракторын жолоочоор ажилласан ба 1978-1979 онуудад курст суух гээд нэгдэлдээ ажлаагүй. Би Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оноос хойш 1981 он хүртэл мал маллаж байгаад ажиллаж группт орсон юм. Гэхдээ би сумандаа ах дүү нартаа мал маллахад нь тус дэм болж амьдардаг...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Намын хороо, Бүрэнтогтох сумын АДХГЗахиргаа, Дэлгэрмөрөн нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шагнасан “Сайшаалын үнэмлэх” зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10/311 дугаартай “... Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын тушаал шүүж үзэхэд Г.Нармандахыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шандас овогт Гүрдагвын Нармандах / РГ59021818/-г Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч
Г.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА