| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00528/и |
| Дугаар | 00668 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багт оршин суух, Чоно овогт Нанзадын Нямдалай / РА63102705/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н.Нямдалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нямдалай шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Нанзад овогтой Нямдалай нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 1-нд саальчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш саальчнаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний дуустал нэгдэл тартал нь ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан үеийн баримт бичиг байхгүй улмаас миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд Н.Нямдалай миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-нд саальчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш саальчнаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нямдалай нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “... 1. Малчдын хөдөлмөр зохион байгуулалт, тогтвор суурьшилын байдлыг харгалзан мал аж ахуйн туслах үйлдвэрийн 1,2,3,4 дүгээр бригадын малчид, саальчидыг хавсралтаар баталж 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай...” гэх Малчин томилох тухай тушаал, “ 3 ДУГААР БРИГАДЫН МАЛЧДЫН НЭРС” бүхий 1982 оны 1 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай “ ... 1. 4 дүгээр хэсгийн нэр бүхий малчны ээлжийн амралтыг 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хоногийн амралт олгосугай ...” гэх Малчид амруулах ба цалингүй чөлөө олгох тухай тушаал, 4 дүгээр хэсгээс 12 дугаар сарын 01-нд амрах гишүүдийн нэрс бүхий “... 9. Н.Нямдалай...” гэх 49 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983-1992 онуудад малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/286 дугаартай “....Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нэгдлийн даргын 1990 оны тушаалд Н.Нямдалайг саальчнаас чөлөөлсөн тушаал, мөн Хөгжил нэгдэл, Хөгжил компаний 1991-1994 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чоно овогт Нанзадын Нямдалай / РА63102705/-г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Нямдалайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА