Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1071

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01260 1121 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 65,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ял биелэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.А нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А*тай хамт архи ууж байгаад согтоод унтсан байхад нь халааснаас нь “Samsung galaxy S7” загварын гар утас, хэтэвч, иргэний үнэмлэх, автобусны карт, Хаан банкны виза зэргийг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.А-ийн Хаан банкны виза картаас 1,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2,033,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын тэгш оролцоотой мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Б.А нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А-тай хамт архи ууж, түүнийг согтоод унтсан байхад нь халааснаас нь “Samsung galaxy S7” загварын гар утас, хэтэвч, иргэний үнэмлэх, автобусны карт, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.А-ийн Хаан банкны виза картаас 1,800,000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр авч, нийт 2,033,300 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрийн гэм бурууг ойлгож, гэмшиж байна. Би урьд ийм гэмт хэрэг үйлдэж байгаагүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз нарын хамт архи уусан. Тэндээсээ таксинд суугаад мөн дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудал дээрх Энхжин наран гэх хүнсний дэлгүүрийн ойр буусан. Тэгээд эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй тааралдаад хотын төв рүү яаж явах вэ гэж асуусан. Тэр хоёр хүн хүүхдэдээ эм авмаар байна гэж надаас гуйхаар нь би тэр хоёрыг дагуулаад Баянхошууны эцсийн буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 100,000 төгрөг авч өгсөн. Нөгөө хоёр хүн хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд эрэгтэйд нь мөнгө өгч дэлгүүр явуулж архи авчуулж эцсийн буудлаас доошоо байх Гандангийн хажууд архиа уусан. Би архи ууж байхдаа гар утсаа оролдож байснаа санаж байна, түүнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Өглөө сэрээд хартал миний “Samsung galaxy S7” гар утас болон түрийвч алдагдсан байсан. Маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал миний Хаан банкны *** дугаартай данснаас 1,800,000 төгрөг (10 цаг 34 минутад) гарсан. Тухайн мөнгийг миний эд зүйлийг хулгай хийсэн хүн авсан байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

3. Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед хамтран амьдрагч А-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах Энхжин наран хүнсний дэлгүүрийн хажуугаар явж байхад нэг танихгүй согтуу хүн ирээд хотын төв яаж явах вэ гэж асуусан. А бид хоёр унаанд суулгаж өгөхөөр болсон. А-тай тэр залуу ярьж байгаад архи уухаар болцгоосон. Би дотроо таньдаг юм болов уу гэж бодсон. Нөгөө залуу өөрөө Баянхошууны эцсийн буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 100,000 төгрөг авсан. Тэгээд Өрнөл хүнсний дэлгүүрийн үүдэнд очоод А-т мөнгө өгөөд дэлгүүр рүү оруулсан. А тухайн дэлгүүрээс 2 шил архи, ундаа авч гарч ирсэн. Тэгээд Баянхошууны эцсээс доошоо байрлах биллиардын урд тэр хоёр архиа уусан. Би архинаас уугаагүй. Тэр хоёр архи ууж байгаад бөөлжөөд байх шиг байхаар нь би мөдгүй юм байна гэж бодоод орхиод явсан. Явж байхад А “уугаад дуусчихлаа, манай найз тасраад уначихлаа” гээд намайг гүйцээд ирсэн. Гэрт орж ирэхдээ А нэлээн согтуу байсан бөгөөд гар утас, картууд бариад ирсэн байсан. Би уурлаж юу аваад ирж байгаа юм гэхэд “манай найзын эд зүйл байгаа юм гэж” хэлсэн. Маргааш нь А бид хоёр 32-руу хүнтэй уулзах гээд явж байгаад Саппоро төвийн үүдэнд буусан. А намайг “Хаан банкны ATM рүү ороод ир, би АТМ-ээс мөнгө авч чаддаггүй юм” гээд надад кодыг нь хэлээд оруулсан. Намайг ороход “энэ дотор байгаа бүх мөнгийг авчих, зүгээр, манай найзын карт байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би тухайн картаас 1,800,000 төгрөг авсан бөгөөд хоолонд орж, ууж идсээр байгаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

4. Б.А-ийн Хаан банкны *** тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 31 минутад 1,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн депозит дансны хуулга (хх-ийн 36 дугаар хуудас);

5. Мастер үнэлгээ ХХК-ий “Samsung galaxy S7” загварын гар утсыг 180,000 төгрөгөөр, иргэний үнэмлэх 48,300 төгрөгөөр, автобусны карт 5000 төгрөгөөр, нийт 233,300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31 дүгээр хуудас);

6. “Samsung galaxy S7” загварын гар утас, Тэс петролиум хөнгөлөлтийн карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг хохирогч Б.А-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 35 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Г-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Энхжин наран хүнсний дэлгүүрийн урдуур явж байхад нэг хүн ирээд зам асуухаар нь зааж өгөх гээд Баянхошууны эцэс рүү явсан. Замдаа тэр эрэгтэй хүн архи уух уу гэхээр нь зөвшөөрч тэр надад картаа өгөөд би дэлгүүрээс 2 шил архи аваад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хоронд байрлах бильярдын урд хамт уусан. Г бид хоёрыг хараад сууж байснаа явсан. Тэр залуу архиа уучхаад сууж байсан газраа унтчихаар нь би халааснаас нь гар утас, түрийвч хоёрыг авсан...Маргааш нь би Г-т картыг нууц үгтэй нь хэлж өгөөд “найзын карт байгаа юм, санаа зоволтгүй, АТМ ороод мөнгө авчих” гэж хэлсэн, Г 1,800,000 төгрөг бэлнээр авч ирсэн....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69-70 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 40 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-78 дугаар хуудас), эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар прокурорын даалгавар (хх-ийн 88 дугаар хуудас), оргодол эрэн сурвалжлах тухай АСАП сангийн лавлагаа (хх-ийн 89-93 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “Samsung galaxy S7” загварын гар утсыг 180,000 төгрөг, иргэний үнэмлэхийг 48,300 төгрөг, автобусны картыг 5000 төгрөгөөр, нийт 233,300 төгрөгөөр үнэлсэн ба биет байдлаар 1,800,000 төгрөг алдагдсан байх тул шүүх хохирлын хэр хэмжээг 2,033,300.0 төгрөг буюу гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.А нь хулгайд алдагдсан эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан (хх-ийн 35 дугаар хуудас) байх тул түүний данснаас алдагдсан бэлэн 1,800,000.0 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогч Б.А-т олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.А-аас 1,800,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь нийт 31 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ял оруулан тооцуулах, түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ат хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байдлыг харгалзан шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 28 (хорин найм) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг арван нэгэн сар хоёр хоногоор тогтоолоо.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан тул шүүгдэгч Б.А-т оногдуулсан арван нэгэн сар хоёр хоногоор хорих ялыг арван нэгэн сар хоёр хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүрэг дэх оршин суух хаягаа өөрчлөх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор санууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг арван нэгэн сар хоёр хоногоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван нэгэн сар хоёр хоногоор хорих ялыг арван нэгэн сар хоёр хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6.Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын хилийн цэс дотор зорчих болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүрэг дэх оршин суух хаягаа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.

7.Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.А-т сануулсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 1,800,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-т олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА