Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, Хонин онход овогт Ойдовын Очир / РК67042537/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч О.Очир нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч О.Очир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1983 оны 4 дүгээр сарын 01-нээс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар бригадад үхэрчин, хоньчиноор тус тус ажиллаж байсан. 1985-1988 онд  цэргийн алба хаасан. Манай нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дутуу хагас бичигдсэнээс ажилласан хугацаа тогтоогдохгүй байна.

           Иймд О.Очир намайг Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 4 дүгээр сарын 01-нээс 1985 оны 6 дугаар сарын 01-нийг дуустал, 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.  

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч О.Очир нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл, 1988 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчиноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

           Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “... 1. ... хоньчин О.Очир ... нар цэрэгт явах болсон тул тус тусын ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,   

          Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн  3 дугаар  бригадад 1983-1985 он, 1988-1991 онуудад үхэрчин, хоньчиноор ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/172 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

           Гэрч Р.Цэцэгмаагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “ ... О.Очир нь 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад  1985 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс  1988 оны 6 сарын  сар хүртэл цэргийн алба хаасан. Тэгээд 1988 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн хоньчиноор ажилласан. Би 1980-2007 онуудад тус сумын нэгдэл болон захиргаанд бичээчээр ажиллаж байсан. .. манай сумын архив 1997 онд шатсан бөгөөд үүнтэй холбоотойгоор манай сумын иргэдийн ажилласан жил тооцогдохгүй хүндрэл үүсээд байгаа юм ...” гэх мэдүүлэг,

        Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хоньчиноор ажилласан. Тус хугацаанд 1985-1988 онуудад цэргийн алба хаасан байдаг. Би тус нэгдэлд 1973-1992 оныг хүртэл боловсон хүчнээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/212 дугаартай “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983-1987 оны тушаал шүүж үзэхэд О.Очирыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шатаж 2.736.534 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/172 дугаартай  “ тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Ардын зориг нэгдлийн цалингийн данс, холбогдох баримт шатаж устсан тул тухайн үед нэгдэлд ажиллаж байсан О.Очирт холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргах боломжгүй болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт зэрэг  хэрэгт авагдсан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хонин онход  овогт Ойдовын Очир / РК67042537/-г  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ний өдрийг дуустал, 1988 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА