Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/928

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Улсболд,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ш-,

шүүгдэгч А.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.З-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ өдөр Улаанбаатар хотод төрсөн, __настай, эрэгтэй, ______ мэргэжилтэй, “____” зах дээр худалдаа эрхэлдэг гэх, _____тоотод оршин суух бүртгэлтэй, _______ тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ___ овогт ____/РД:_____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.З- нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ______ дугаар байрны гуравдугаар орцны гадна “манай дүү Х-ыг дээрэлхэж, зодсон” гэх шалтгаанаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 13 настай Ш.И-ий нүүрэн тус газар гараараа цохиж, газарт түлхэн унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүү Х-ын эгч над руу ярьсан. Анх “айлгачихъя” гэж бодсон. Тухайн хүүхдийг алгадаж, цохиж, өшиглөсөн. Хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийг түлхэж унагасан. Усанд дүрж тоглож байсан гэхээр нь усанд дүрсэн. Хохиролд 400,000 төгрөг төлсөн. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед дэлгүүрийн хүн намайг дуудсан. “И-ийг зодоод байна” гэсэн. Гарахад хувцас нь урагдсан, уйлсан байсан. Хохиролд 400,000 төгрөг авсан. Тухайн үед утсыг нь эвдсэн байсан. Одоо хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа. Дахиад зодвол яах вэ” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Ш.И-ий:Би тухайн өдөр ____ дугаар байрны гадна тоглочхоод дэлгүүр орох гэж байсан. Надтай хамт О-, Б- нар байсан. Тэгтэл миний зүс таних Х- гэх хүүхэд ирсэн. Бид нарыг дагаад байхаар нь явахгүй юм уу гэж хэлсэн. Гадна сууж байхад Х- босоод ир бүдүүнээ гэсэн. Намайг босоход гарыг нь барьж авах гэхэд хойш ухарч байгаад бүдрээд уначихсан. Би босооч ээ гэхэд хойшоо ухарсаар байгаад нойтон зүлэг рүү нуруу хэсгээрээ унасан. Х- яваад өгсөн байсан. 8 дугаар байрны гадна талын дэлгүүрээс юм аваад гараад ирэхэд Х- ахтайгаа байж байсан. Ах нь намайг шууд ирээд нүүр хэсэг рүү алгадсан. Тэгээд манай хоёр найзыг нэг, нэг удаа алгадсан. Тэгээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? гэж надад хэлэхээр нь би ахаа санаандгүй унагаачихсан юм гэж хэлэхэд шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Миний чих дүнгэнээд сонин болчихсон. Тэгтэл намайг өшиглөж унагаагаад дахиж нэг алгадаад тогтоол усан дээгүүр чирсэн. Тэгтэл дэлгүүрийн эгч гарч ирж, ээжийг дуудсан байсан. ...Миний хацар, шанаа хэсэг рүү алгадаад, баруун хөл рүү өшиглөөд, тогтоол усан дээгүүр чирсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Ш.И-ий биед хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6.7. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40-41/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-ий: “...Би тухайн өдөр найз О-, И-, Х- нартай 8 дугаар байрны тоглоомын талбай дээр тоглож байхад Х- И-ийг “бүдүүн гахай минь гэхэд И- уурлаад Х-ыг тогтоол усан дээр унагаачихсан. Х-ын эгч нь гэх 15 орчим насны охин ирээд та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд хэрэлдсэн. Тэгээд Х- эгчийн хамтаар яваад өгсөн. Бид гурав 8 дугаар байрны 3 дугаар орцны урд тоглож байхад Х-ын ах гэх хүн ирээд эд нар мөн үү гээд биднийг нэг, нэг алгадсан. И-ийг дахиж нэг алгадаад тогтоол ус руу унагаагаад цохиод байсан. Тэгээд дэлгүүрийн эгч нар ирээд цагдаа дуудсан. Би гэр лүүгээ орсон...гэх мэдүүлэг /хх-33-34/,

Насанд хүрээгүй гэрч Э.О-ийн:...найз И-, Б- нар болон Х- нарын хамтаар тоглож байсан. Тэр үед Х- И-ийг бүдүүнээ гээд доромжлоод байхаар нь И- Х-ыг түлхэхэд тогтоол усанд уначихсан. Тэгээд Х-ыг эгч нь ирээд аваад явсан. Х-ын ах гэх хүн ирээд шууд бид гурвыг нэг, нэг алгадсан. Тэгээд И-ээг заагаад энэ мөн үү гэхэд Х- мөн гэхэд тухайн ах И-ээг ус руу түлхэж унагаагаад цохиод байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Бид нарт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-38/,

Гэрч Б.Э-ы: “Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Гурван хүүхэд манайхаас ус, ундаа аваад гарч байхад нь нэг залуу ирээд И- гэдэг хүүхдийг “ална шүү" гээд дэлгүүрийн гадаа алгадах шиг болсон. Би гарч очоод “болиоч” гэхэд “манай дүүг усанд унагаасан, шоглосон байна” гээд борооны ус тогтсон шалбааг руу түлхээд унагасан. И-ээ гэдэг манай эндэхийн хүүхэд л байсан. Баруун талын шанаа хэсэг нь нилээн улаалттай байсан 2, 3 удаа л цохиод байх шиг байсан. Шалбааг руу түлхэж унагаагаад элэг, гэдэс хэсэг рүү 2, 3 удаа өшиглөсөн. Фудболкноос нь чирээд урсан...” гэх мэдүүлэг /хх-27-29/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-58/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-63/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-64/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-65/, Асап сангийн мэдээлэл /хх-71-88/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-19/, хохирлын баримт /хх-67, 68/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.З- нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар орцны гадна “Дүү Х-ыг дээрэлхэж, зодсон” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч 13 настай Ш.И-ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж нүүрэнд гараараа цохиж, түлхэн унагаан алгадаж, өшиглөн эрүүл мэндэд нь “хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ш.И-ий “...ах нь намайг шууд ирээд нүүр хэсэг рүү алгадсан. ...“Ахаа санаандгүй унагаачихсан юм гэхэд шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Намайг өшиглөж унагаагаад дахиж нэг алгадаад тогтоол усан дээгүүр чирсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24/, шүүх эмнэлгийн 5804 дүгээр “1.2. Ш.И-ий биед хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40-41/, гэрч Б.Э-ы “...нэг залуу ирээд И- гэдэг хүүхдийг “ална шүү" гээд алгадах шиг болсон. ...Баруун талын шанаа хэсэг нь нилээн улаалттай байсан 2, 3 удаа цохиод байх шиг байсан. Шалбааг руу түлхэж унагаагаад элэг, гэдэс хэсэг рүү 2, 3 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-27-29/, насанд хүрээгүй гэрч М.Б-ий “...И-ийг дахиж нэг алгадаад тогтоол ус руу унагаагаад цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-33-34/, насанд хүрээгүй гэрч Э.О-ийн “...тухайн ах И-ээг ус руу түлхэж унагаагаад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-34-38/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.З-ын насанд хүрээгүй хохирогч 13 настай Ш.И-ийг “манай дүү Х-ыг дээрэлхэж, зодсон” гэх шалтгаанаар зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.И-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 400,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Хохирол төлбөрт 400,000 төгрөг авсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.З- нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ___ байрны гуравдугаар орцны гадна “манай дүү Х-ыг дээрэлхэж, зодсон” гэх шалтгаанаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 13 настай Ш.И-ий нүүрэн тус газар гараараа цохиж, газарт түлхэн унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч А.З-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Дахиад зодвол яах вэ” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /насанд хүрээгүй хохирогчийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэнд цохиж алгадсан, түлхэн унаган өшиглөж, борооны ус тогтсон хэсэгт чирэн эрх, эрх чөлөөнд нь халдан, гэмтэл учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 400,000 төгрөг төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохирол төлбөрт 400,000 төгрөг авсан” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч А.З-ыг 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д___ овогт А.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР