| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00272/и |
| Дугаар | 00638 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух, Хаад боржгон овогт Цэрэндоржийн Энхтайван / ФМ57082011 /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00570/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэрэндоржийн Энхтайван нь 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 208 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрчим хүчний салбарт дизельчнээр ажилд орж 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл баримт бичиг дутуугаас улсад ажиллаж байсан байдал минь тооцогдохгүй байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дизельчнээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дизельчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Тээврийн яамны Эрдэнэт хот дахь Авто баазын захиргаанаас 1981 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
БНМАУ-ын Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаартай “ Шинээр ажилд орохыг хүссэн болон ажил өөрчлөхөөр өгсөн ажилчдын өргөдөл, ажлын материалыг үндэслэн ТУШААХ нь: ... 9. Рашаантын салбарын ... дизельчин, слесарь тус тус орон тоогоор нэг дутуу байгаа учраас Цэрэндорж овогтой Энхтайванг дизельчнээр I зэрэг ... IX/1-ээс тус тус авч ажиллуулсугай. ...” гэх Ажилд авах, шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн засаг даргын 1994 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай “... 1. Сумдад ажиллаж байгаа дизель станц, халаалтын зуухыг 1994 оны 8 дугаар сарын 01-ний дотор тухайн сумын засаг даргын Тамгын газрын мэдэлд балансаас балансад шилжүүлэн өгөхийг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр/ н.Пүрэвдорж/-т даалгасугай...” гэх Монгол улсын Засгийн ргазрын 112 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 978 дугаартай “ ... тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр 1991-1992 онд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрчим хүчний салбар 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов. Рашаант сумын Улаан-Од компани нь 1993-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй байгааг тодорхойлов ...” гэх Архивын лавлагаа,
Гэрч Г.Галбаатарын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “Ц.Энхтайван нь Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт ажиллаж байгаад 1989 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд шилжин ирж улмаар сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор анх ажилласан бөгөөд дараа нь Дөрөө нуур хоршоог Жамъянсүрэнтэй хамтран байгуулан нягтлангаар ажиллаж байсан. Рашаант сумын эрчим хүчний салбарт Жанлав, Жадамбаа, Сүхбаатар, Ц.Энхтайван нарыг 4 хүнийг дизельчнээр томилогдон 1993 оныг дуустал ажиллаж байгаад Рашаант сумын АДХГЗахиргааны мэдэлд дизель станц, уурын зуух шилжиж ирэхэд Ц.Энхтайван нь ажлаасаа гарч нэгдлийн суурин дээр байгуулагдсан Улаан-Од ХХК-д жолоочоор ороод нээх удалгүй Улаан-Од ХХК нь татан буугдахад Ц.Энхтайван нь Эрдэнэт хот рүү шилжсэн юм. ... Би 1988-1992 онуудад Хөвсгөл аймгийн Рашаант сумын Үйлдвэрчний зөвлөлийн даргаар, 1992-1996 онуудад сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан... “ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/294 дугаартай “... Тус аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн 1993 оны тушаалд Ц.Энхтайванг чөлөөлж сумын
ЗДТГ-т шилжүүлсэн тушаал, Рашаант сумын засаг даргын 1993 оны захирамж манай архивт тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт
Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим хүч ХХК-ий 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/235 дугаартай “ Иргэн Цэрэндорж овогтой Энхтайван нь 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сум дахь дизель станцад дизельчнээр ажиллаж байсан үеийн цалингийн цэс, ажлаас гарсан тушаал нь тус компаний архивт байхгүй нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хаад боржгон овогт Цэрэндоржийн Энхтайван / ФМ57082011 /-г Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн Рашаант суман дахь дизель станцад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА