Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 484

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “П ” ХХК /РД: /

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нар

Гомдлын шаардлага: “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагч Э.Ц , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын хэлтсийн улсын байцаагчид 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар П  ХХК-д шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг 3 хоногийн дотор хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байна”. Татварын улсын байцаагчид “Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол”-г 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус тогтоолд “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад ОЛСОН нь...” гэж зааснаас харахад тус өдрөөс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар уг ажиллагаа 3 хоногийн дотор дуусгах ёстой байсан боловч татварын улсын байцаагчид нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” зэргийг үйлдэж зөрчлийг нотлоход чиглэсэн ажиллагаануудыг явуулсан. Үүнээс үзвэл “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” гэх үндэслэл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед тогтоогдоогүй байсан нь тодорхой байна. Түүнчлэн зөрчил үйлдсэн болохыг стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлоогүй бөгөөд “П ” ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, зөрчилд шийтгэл оногдуулсан”. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.” ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн даруй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй тус тус прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл татварын улсын байцаагчид нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 85 хоногийн турш хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байгаагүй нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1/2116 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар батлагдаж байна. “...Татварын улсын байцаагчид “хялбаршуулсан журмаар” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нэрээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 85 хоногийн турш зөрчил үйлдсэн эсэхийг нотолж, тогтооход чиглэсэн“ хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын хяналтаас гадуур дур мэдэн явуулсан байна. Татварын улсын байцаагчид өөрсдөө болон холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгүүдийг засч өөрчлөн Татварын ерөнхий хуулийн 30.1.4-ийг зөрчсөн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл”-д зөрчил илрүүлсэн он, сар, өдөр, цаг, минутыг бичилгүйгээр, “Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл”-д үйлдсэн он, сар, өдөр болон шийтгэлийн хуудасны дугаар зэргийг бичилгүйгээр цэг тавьж орхисон байсан.” ... “П*******” ХХК нь 2016 оны 12 дугаар 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 39,646,555.8 төгрөг хэмээн тайлагнасан. Улмаар Татварын улсын байцаагчид “П*******” ХХК-ийн дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 25******* тоот дүгнэлтээр тайлангаа үнэн зөв тодорхойлж тайлагнасан хэмээн үзсэн юм. Гэтэл Татварын улсын байцаагчид нь өөрсдийн үйлдсэн 25******* тоот актад дурдсанаас эсрэгээрээ буюу “П*******” ХХК-ийг 2006 оны НӨАТтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-н дагуу төсөвт төлөх НӨАТ-аас хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн 333,362,178,20 төгрөгийг хасч тооцох ёсгүй байсан хэмээн үзэж торгууль, нөхөн татвар, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд хэрэглэгдэх нэр товъёог тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан утгаар ойлгох бөгөөд тус хуулийн 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгохоор өргөн хүрээтэй тодорхойлсон байдаг. Тус хуулийн 15.10.19-д зааснаар уламжлалт бус газрын тос хайх нь үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааны төрөлд хамаарч байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох бүрэн үндэслэлтэй байна. ******* тоот шийтгэлийн хуудсаар 33,336,217,80 төгрөгийн нөхөн татвар, 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.50 төгрөгийн алданги ногдуулсан. татварын улсын байцаагчид нь ******* тоот Шийтгэлийн хуудсаар ямар зөрчил үйлдсэн талаарх нөхцөл байдлыг нотолж, тогтоолгүйгээр “П ” ХХК-д шийтгэл оногдуулсан юм. чухам ямар зөрчлийг нотолж, тогтоосон, ямар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй буюу ******* тоот шийтгэлийн хуудас нь утга агуулгын илэрхий алдаатай байна.

“П*******” ХХК нь энд яригдаж байгаа зөрчлийг гаргасан гэж үзсэн ч Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хуулийг баримтлан 9,608,185.30 төгрөгийн торгууль, 6,667,243.5 төгрөгийн алдангийн хариуцлага шийтгэл оногдуулах үндэслэлгүй болно. Тодруулбал өмнө нь үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74.1, 74.2-т заасны дагуу торгууль, алдангийн аль аль нь татварын хууль тогтоомж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага буюу одоогийн ойлголтоор зөрчилд оногдуулах шийтгэлд хамаарч байсан. Харин одоо үйлчилж буй Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд зааснаар Татварын хууль зөрчсөн бол шийтгэлд зөвхөн торгууль ногдуулахаар зааж, харин алданги төлүүлэх шийтгэл хасагдсан байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд оногдуулах шийтгэл хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж ... Иймд “П*******” ХХК-ийг татвар ногдох орлогыг бууруулах зөрчил гаргасан гэж үзсэн ч 6,667,243.50 төгрөгийн алданги ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн захиргааны зөрчилд шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байна. Тиймээс дээрх өршөөлийн хуулийн 4.3 дугаар зүйлийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаанд ногдох торгууль буюу 9,608,185.30 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын улсын байцаагчдын явуулсан зөрчил шалган шийдэрлэх ажиллагаа болон ******* тоот шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

“П ” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан ******* тоот Шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв,

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц , Д.А  бид “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25170500537 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу “П ” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний албан татварын ногдуулалт, төлөвлөлтийн байдалд санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкан дахь харилцах дансны хуулга, журнал, бусадтай хийсэн гэрээ, татвар төлөгчийн ярилцлага, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн хяналт шалгалт хийж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар 333,362,178.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 33,336,217.80 төгрөгийн нөхөн татвар, 16,668,108.90 төгрөгийн алданги, торгууль нийт 50,004,326.70 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

“П ” ХХК-ийн гаргасан зөрчил нь 2013-2015 онуудад үйлдсэн зөрчил тул зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “зөрчил тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4-т “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.4 дэх заалтуудаар хариуцлага ногдуулсан.

Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийж томилолт, Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамж заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийдэг. Дээрх хууль тогтоомж, удирдамж, журамд татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар заасан байдаг. “П ” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тасгийн даргын олгосон томилолтын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан.

“П ” ХХК болон татварын улсын байцаагч хоёрын маргаан үүсэх болсон шалтгаан нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч төсөвт төлөх татвараа бууруулж нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн явдал юм. Жич: Тухайн компани нь 2015 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар маргаан үүсч Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, 3 шатны шүүх хурлаар маргааныг хэлэлцсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 443 дугаар тогтоолоор татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байх тул татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу холбогдогчид ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг тайлбарлан танилцуулж, үйлдсэн зөрчил, зөрчлийн дүнг холбогдогчийн мэдүүлэгт тусгаж мэдүүлэг авсан болно. Мөн татварын улсын байцаагчийн ******* тоо шийтгэлийн хуудасны хавсралт болох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа-2 тэмдэглэлд шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байгаа.

Тус компани нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хайгуулын тусгай зөвшөөрөл гэх мэт бусад бичиг баримтаар нотлогддог. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь тус компанийн, татвар санхүүгийн тайлан, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журналуудаар нотлогдсон. Мөн Татварын улсын байцаагч өөрт олгогдсон эрхийн хүрээнд татвар төлөгчөөс 2013-2015 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг “газрын тосны хайгуулын үйл ажиллагаа болон захиргааны үйл ажиллагаанд зарцуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг ангилж өгөхийг шаардсаны дагуу нягтлан бодогч Н.С******* нь падааны бүртгэлийг ангилж *******@petromatаdgroup.com хаягаар явуулсны дагуу тухайн зөрчлийн дүнг, хяналт шалгалтын явцад нягтлан бодогчоос тодруулж, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журналтай тулгалт хийж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох дансны бичилт зэргийг тодруулж, ярилцлага авч ажилласан.

Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2013 онд 203,931,944.20 төгрөгийн, 2014 онд 103,251,582.10 төгрөгийн, 2015 онд 26,178,651.90 төгрөгийн нийт 333,362,178.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлангууд, ерөнхий журнал, анхан шатны баримтуудаар нотлогдсон. “П ” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2013-2015 онуудад “П*******” ХХК , “П******* ц*******” ХХК, “Б*******” ХХК , “М*******” ХХК гэх мэт компаниудаас нийтдээ 333,362,178.20 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл тус компанийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээг, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй тул татварын улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөр үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх “П ” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц ийн “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гомдлын шаардлагыг “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нарын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл зэргийг хууль бус болохыг тогтоолгох, мөн “П ” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан ******* тоот Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” болгож өөрчилсөн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гомдлын шаардлагаа “П ” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан ******* тоот Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” болгож тодруулан, бид өмнө нэхэмжлэлийн шаардлагаа алдаатай, буруу бичсэн талаараа тайлбарласан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “Тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, Татварын ерөнхий хуулийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар гомдол гаргагч “П ” ХХК-ийн 2013-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “П ” ХХК-ийг “газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан” гэх үндэслэлээр нийт 50,004,326.7 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр, хуульд заасан журмыг зөрчиж явуулсан...” гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” заасан байна.

“П ” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ уг үйл ажиллагаандаа зориулан 2013-2015 онд “П*******” ХХК, “П******* ц*******” ХХК, “Б*******” ХХК, “М*******” ХХК гэх мэт компаниудаас бараа ажил үйлчилгээ худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Уул уурхайн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 тоот “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” болон нэхэмжлэгч компанийн худалдан авалтын бүртгэлээр тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгчээс ийнхүү худалдан авалт хийсэн болон үнийн дүнтэй холбогдуулан маргадаггүй. Үүнийг хариуцагч нар ил тодорхой зөрчил гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25170500537 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу “П ” ХХК-д хяналт шалгалт хийх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 195 хоногоор тогтоосон ба уг хугацаанд хариуцагч нар хяналт шалгалтаа хийсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3-т “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заажээ.

Хариуцагч нар хяналт шалгалт хийх томилолтод заасан хугацаанд нэхэмжлэгчийн 2013-2016 оны санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шалгаж улмаар гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2116 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч татварын улсын байцаагч нар П       ХХК-ийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн “прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай, иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлүүдээр илт хууль бус гэж тайлбарладаг боловч энэ талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй байхын зэрэгцээ дээрх хуулийн заалтад дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгаар зүйлийн 29.1.1-д  Татварын улсын байцаагч нь “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс уг худалдан авалтаа “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээ...” гэж тайлбарласан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”, 4.1.8-д ““үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, мөн 14.4-т худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй бараа, үйлчилгээг нэрлэн заасны дотор 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”-г хасч тооцохгүй гэж маргаж байх хэдий ч хэрэгт авагдсан худалдан авалтын бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч “П ” ХХК нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаандаа зориулан компаниудаас бараа ажил, үйлчилгээ худалдан авсан байх ба худалдан авсан бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй, компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болгуулах” шаардлага бүхий “П ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй шийтгэлийн хуудсын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14.1, 14.1.1, 14.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болгуулах” шаардлага бүхий “П ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “П ” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А , Э.Ц нарын “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг зохих ёсоор тооцон өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА