Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 46

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Амаг овгийн Даваацэрэнгийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201615000157дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Амаг овгийн Даваацэрэнгийн Отгонбаатар. РД: ЙО 90082316,

 

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 17-04 тоотод иргэн Б.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Отгонбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 01-нд Болд-Эрдэнэ, Батхуяг хоёртой хамт Алтангэрэлийнд орсон. Эхнэр нь уурлаад хэл амаар доромжлоод намайг түлхсэн. Тэгэхээр нь би гараараа нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хохирлоо төлсөн. Хохирогчтойгоо эвлэрсэн” гэв.

 

Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр оройны 18 цагийн үед Д.Отгонбаатар, Н.Болд-Эрдэнэ, А.Батхуяг нар манайд орж ирээд манай нөхрийг аваад гарах гээд байхаар нь би нөхрийгөө явуулахгүй гэсэн чинь Д.Отгонбаатар нь хэл амаар доромжлоод байсан. Нөгөө 2 залуу нь  юм ярихгүй зүгээр л суугаад байсан. Тэгээд манай нөхөр гэртээ орон дээрээ хэвтэж байсан чинь татаж босгох гээд байхаар нь уурлаад Д.Отгонбаатарыг нь түлхээд авсан чинь нэг хойшоо болоод буцаж хөл дээрээ тэнцвэрээ аваад намайг мотоциклийн түлхүүрээрээ цохисон. Тэгээд цус гараад байхаар нь яаж байгаа юм намайг цохиод гээд би суучихсан. Цусаа тогтоочихоод цагдаа дуудаж тухайн хүмүүсийг явуулчихаад эмнэлэг орж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Отгонбаатар, Н.Болд-Эрдэнэ, А.Батхуяг нар манайд орж ирээд намайг гэрээс аваад гарах гэхэд манай эхнэр чи яах гээд байгаа юм бэ? Дахиад архи уух нь уу? гэхэд Д.Отгонбаатар манай эхнэр Баярмаагийн өмнөөс хэрэлдээд байсан. Д.Отгонбаатарыг манай эхнэр түлхсэн чинь Д.Отгонбаатар зөрүүлээд манай эхнэрийг духны хэсэгт гараараа цохих шиг болсон чинь манай эхнэр уйлаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд би духыг нь хартал духнаас нь цус гараад байсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч М.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед би Ж.Алтангэрэл ахынд орж ирээд сууж байтал гаднаас Д.Отгонбаатар, Н.Болд-Эрдэнэ, А.Батхуяг нар орж ирээд мэнд ус мэдээд сууж байснаа Ж.Алтангэрэл ахыг яагаад дуугарч цөхөөд байгаа юм бэ? гээд байснаа гараад уулзъя гээд авч гараад уулзчихаад буцаж орж ирсэн. Ж.Алтангэрэл ах орон дээрээ хэвтчихсэн. Тэгсэн Д.Отгонбаатар нь дахиад гаръя гээд гарнаас нь татаад байсан. Тэгсэн Б.Баярмаа эгч одоо явцгаа яах гээд хүн уруу татаад байгаа юм бэ гээд Д.Отгонбаатарыг түлхсэн чинь багананаас барьж аваад эргэж хараад гараараа цохисон. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч А.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед Н.Болд-Эрдэнэ, Д.Отгонбаатар нартай Ж.Алтангэрэл гэх айлд очсон. Д.Отгонбаатар, Н.Болд-Эрдэнэ нар гэрт нь түрүүлж ороод би араас нь ороод мэндэлчихээд сууж байтал юунаас болсон юм мэдэхгүй Д.Отгонбаатар, Ж.Алтангэрэлийн эхнэр Б.Баярмаатай хэрэлдээд Б.Баярмаа нь Д.Отгонбаатарыг зайл гээд орилоод байсан. Би чимээгүй баруун талын орон дээр суучихаад утасны зураг үзээд доошоо тонгойгоод сууж байтал Б.Баярмаа нилээн чангаар орилоод намайг цохьчихлоо гээд байсан. Тэгэхээр нь хартал духнаас нь цус гоожоод сууж байсан. Тэгээд Д.Отгонбаатар, Б.Баярмаа хоёр хоорондоо хэрэлдээд Б.Баярмаа нь цагдаа дуудлаа гээд байхаар нь би гэрээс нь гараад өөрийн гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ...Д.Отгонбаатартай хамт гараад явж байтал А.Батхуягтай таараад бид гурав “Харзтай” нэртэй 0.5 литрийн нэг шил архи хувааж уучихаад Ж.Алтангэрэлийнд очие гээд явсан. Тэгээд Ж.Алтангэрэлийнд ороод мэндэлчихээд сууж байгаад Д.Отгонбаатар нь Ж.Алтангэрэлийг гapaaд уулзъя гэсэн чинь эхнэр нь уурлаад байсан. Тэгээд Ж.Алтангэрэл, Д.Отгонбаатар нар гарч уулзчихаад эргэж орж ирээд Ж.Алтангэрэл орон дээрээ хэвтчихсэн. Тэгээд Б.Баярмаа гэх Ж.Алтангэрэлийн эхнэр уурлаад Д.Отгонбаатартай хэрэлдэж байгаад Д.Отгонбаатарыг түлхэж аваад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Д.Отгонбаатар нь Б.Баярмааг цохьсон бололтой Б.Баярмаа чи намайг цохьчихлоо гээд байсан. Тэгээд би хартал Б.Баярмаагийн духнаас цус гарсан байсан. Би тухайн үед нь М.Ууганбаярын утасны зургийг А.Батхуягтай хамт үзэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №147 дугаартай дүгнэлт: “…Б.Баярмаагийн биед тархины доргилт, духны хэсгийн язарсан шарх, баруун бугуй, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №05/32 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 49, 61, 66-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарын ял шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-48 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 17-04 тоотод иргэн Б.Баярмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Баярмаагийн … Манай нөхөр гэртээ орон дээрээ хэвтэж байсан чинь татаж босгох гээд байхаар нь уурлаад Д.Отгонбаатарыг нь түлхээд авсан чинь нэг хойшоо болоод буцаж хөл дээрээ тэнцвэрээ аваад намайг мотоциклийн түлхүүрээрээ цохьсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/, гэрч Ж.Алтангэрэл …  Д.Отгонбаатарыг манай эхнэр түлхсэн чинь Д.Отгонбаатар зөрүүлээд манай эхнэрийг духны хэсэгт гараараа цохих шиг болсон чинь манай эхнэр уйлаад над дээр хүрээд ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч М.Ууганбаярын … Б.Баярмаа эгч одоо явцгаа яах гээд хүн уруу татаад байгаа юм гээд Д.Отгонбаатарыг түлхсэн чинь багананаас барьж аваад эргэж хараад гараараа цохисон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23/, гэрч А.Батхуягийн … Б.Баярмаа нилээн чангаар орилоод намайг цохичихлоо гээд байсан. Тэгэхээр нь хартал духны хэсгээс нь цус гоожоод сууж байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27/, гэрч Н.Болд-Эрдэний … Ж.Алтангэрэлийн эхнэр уурлаад Д.Отгонбаатартай хэрэлдэж байгаад Д.Отгонбаатарыг түлхэж аваад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Д.Отгонбаатар Б.Баярмааг цохьсон бололтой Б.Баярмаа чи намайг цохичихлоо гээд байсан. Тэгээд би хартал Б.Баярмаагийн духнаас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №147 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, шүүгдэгч Д.Отгонбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-48/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Отгонбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн 3 тооны сарлагийн үхэр битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Амаг овгийн Даваацэрэнгийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Амаг овогт Даваацэрэнгийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн 3 тооны Сарлагын үхэр битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Отгонбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Отгонбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР