| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0949/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/960 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/960
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ж.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Л-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____төрсөн, _____ тоотод оршин суух бүртгэлтэй, ___ хороо, ____ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___овогт ____ /РД:____/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.Л- нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ___ тоотод иргэн Э.М-ийн эзэмшлийн Самсунг А-71 маркын гар утсыг архины мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. М-ийн гар утас болохыг мэдэж байсан. Гар утсыг яаснаа сайн мэдэхгүй байгаа. Хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн. Хүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч гаран борлуулсандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн ____дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.М-ийн: “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд ...лифтэнд суух гэж байгаад үл таних 40-50 орчим насны эрэгтэй хүнтэй тааралдаж ярилцаж байгаад дэлгүүрээс авсан пивоо хувааж уухаар болоход тухайн эрэгтэй “Манай ахын гэрт ороод ууя” гэсний дагуу тус байрны 5 дугаар орцны 10 давхарын 863 тоотод орж З-, Л-а нарын хамт ганц пивоо уугаад нэг мэдэхэд би унтаад өгчихсөн байсан. Тухайн айлд унтаж амраад өглөө сэрэхэд хүн байхгүй, гаднаас цоожилсон байсан. Утсаараа тоглох гээд ойр орчмоос хайгаад олоогүй. ...З-, Л-а нар шал согтуу орж ирэхэд нь “Самсунг А-71” маркын гар утсаа асуухад байхгүй, Л-а нь 2 шил архиар дэлгүүрт барьцаанд тавьсан талаараа хэлсэн. Би эрүүл болохоор нь орж ирж асууя гээд тухайн айлаас гараад, ...буцаж очиход З-, Л-а нар гэрийнхээ хаалгаа онгойлгоогүй. Тэр өдрөөс хойш өдөр болгон очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. Цагдаад хандахаасаа өмнө З-, Л-а нартай уулзахад “чиний гар утсыг дэлгүүрт архины барьцаанд тавьчихсан, аль дэлгүүрт тавьснаа сайн санахгүй байна” гээд байсан. ...Хохирлын 500,000 төгрөг авсан. Миний хохирол үнэлгээгээр 1 сая төгрөг гарсан. Гэхдээ би үлдсэн 500,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 8-10, 13/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн ____ дугаар тайланд: “Самсунг А71 гар утас (хуучин хэрэглэж байсан) 1 ширхэг 1,000,000 төгрөг” гэжээ /хх-15-16/,
Шүүгдэгч Ж.Л-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим гэртээ байхад хуурай дүү З- гэх залуу нэг үл таних 25-30 орчим насны залуутай 2.5 литрийн пиво нэгийг барьчихсан орж ирсэн. Тухайн залуу өөрийгөө М- гэж байсан. Бид гурав пиво ууж, ойр зуурын юм яриад сууж байсан чинь М- орон дээр гараад унтаад өгсөн. М-ийн барьж байсан “Самсунг А-71” маркын гар утас орны хажууд байхаар нь З-, М- нарт мэдэгдэлгүй аваад гарч байсан санагдаж байна. Бусдыг нь сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн хоёр шил архи аваад гэртээ орж ирж байсан. Тэгээд архиа З-той хувааж уугаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 14-нд босоход М- унтаж байсан. З- бид хоёр салхилахаар яваад 11 цагийн үед ирсэн чинь М- “гар утсаа авъя” гэхээр нь би “дэлгүүрт хоёр шил архинаас тавьсан юм шиг байна” гэж хэлсэн. Би “яг хаана байгаа, ямар дэлгүүрт тавьснаа, эсвэл хаана зарж борлуулсан эсэхээ мэдэхгүй байна” гэсэн чинь М- “ахаа та миний гар утсыг тавьсан дэлгүүрээ олоорой” гээд яваад өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би М-оос уучлалт гуйж хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-62/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-3, 4/, мөнгө хүлээлцсэн “Хохирлын мөнгө 500,000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэл /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Л- согтуурсан үедээ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ___ тоотод байхдаа хохирогч Э.М-ийн эзэмшлийн “Самсунг А-71” маркын гар утсыг “архины мөнгө олох” зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.М-ийн “...З-, Л-а нарын хамт пиво уусан. Гар утсаа асуухад Л-а гэх залуу 2 шил архиар дэлгүүрт барьцаанд тавьсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-8, 10), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 450 дугаар “Самсунг А-71 гар утас 1 ширхэг 1,000,000 төгрөг” гэх тайлан (хх-15-16), шүүгдэгч Ж.Л-ын яллагдагчаар өгсөн “...М-ийн “Самсунг А-71” маркын гар утас орны хажууд байхаар нь З-, М- нарт мэдэгдэлгүй аваад гарч байсан санагдаж байна. ...Нэг мэдсэн хоёр шил архи аваад гэртээ орж байсан. ...М- “гар утсаа авъя” гэхээр нь би “дэлгүүрт хоёр шил архинаас тавьсан юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-62/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Л-ын хамт пиво ууж байсан хохирогч Э.М-ийн эзэмшлийн “Самсунг А-71” маркын гар утсыг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ид 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохиролд 500,000 төгрөг авсан. Үнэлгээгээр 1 сая төгрөг гарсан. Гэхдээ би үлдсэн 500,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13/-ийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Л- нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод иргэн Э.М-ийн эзэмшлийн Самсунг А-71 маркын гар утсыг архины мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Миний буруу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгө (Самсунг А71 гар утас)-ийг архины мөнгө олох гэсэн шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй, үлдэгдэл 500,000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа)-ыг харгалзан шүүгдэгч Ж.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэлээ.
Шүүгдэгч Ж.Л- 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэх үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч Ж.Л-т оногдуулсан 6 сарын хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр тооцож 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ___ овогт ___Л-___ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-ыг 6 (зургаа) сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР