| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0954/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/964 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/964
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч ___,
шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____төрсөн, ___ настай, эрэгтэй, ____ тоотод оршин суух,
урьд _____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн _____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ___овогт ____ /РД:_______/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ____ хажууд байрлаж байсан ____ улсын дугаартай “Хонда Лого” маркын тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогч Э.Ж-ы эзэмшлийн “Айфон-7 плас” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед ээжийндээ очоод явж байсан. Хаалга нь онгорхой улаан машины суудал дээр байсан утсыг аваад явсан. Согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн байсан тул цагдаад баригдаад л утас авснаа мэдсэн. Тухайн утсыг хүнд барьцаалж 100,000 төгрөг авсан. 20,000 төгрөгөөр архи уусан. Маргааш нь утсыг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн ____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Ж-ы: “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ээж Ө-ын хамт Баянхошууны хуучин эцэс орчихоод 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Д-” авто сургуулийн хажууд байх хадам аавын гэрт очсон. ...Ээж надад “Нэг хүн хоёр удаа машины хаалгыг татаж онгойлгоод “би цагдаа байна, бичиг баримтаа үзүүл” гээд байсан гэж хэлсэн. Машиндаа суутал жолоочийн хажуу талын суудал дээр байсан миний гар утас байхгүй болохоор нь ээжээс асуутал “чиний утас байгааг мэдээгүй, саяны залуу аваад явчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Би Монлааны 17 дугаар гудамж ортол жижигхэн намхан бор дээгүүрээ шалдан, доогуураа алаг эрээн өнгийн шорттой залуу “чи юугаа хараад байгаа юм” гэсэн. Тэр залуу жолоочийн эсрэг талын хаалгыг татаад байсан гэсэн. Тэр үед л миний утсыг аваад явсан байсан. Би гар утас, сим картаа буцаан авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-6),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021.07.26-ны өдрийн хөрөнгийн үнийн 21/009 дүгээр тайланд: “Айфон 7 плас загварын, хуучин хэрэглэж байсан, улаан өнгийн, 128gb багтаамжтай 1 ширхэг гар утас 625,000 төгрөг” гэжээ (хх-18-19),
Гэрч Ц.Ө-ын: “...Би бие засчихаад машин руугаа орох гэж байтал нэг залуу “Хөөе” гээд халамцуу бололтой орилсон. Тэгтэл хаалга онгойлгоод “би цагдаа байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн. “Би чамд яахаараа шалгуулдаг юм” гэтэл хаалга хаагаад алхаж байгаад буцаж ирээд хаалга онгойлгоход би “цагдаа дуудлаа шүү” гэхэд “тэг тэг” гэсэн. Тэгтэл хаалга хаагаад яваад өгөхөөр нь Ж- руу залгатал утсаа авахгүй байсан. Удалгүй орж ирэхээр нь “чи одоо утсаа аваач ээ” гэж хэлтэл “урд суудал дээр үлдээсэн” гэж хэлсэн. Тэгээд утсыг нь алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-14),
Гэрч С.О-ын: “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байхад цагдаагаас яриад “танай нөхөр хэрэгт холбогдсон, хүүхдүүд чинь эзгүй байна” гэсэн. Түүний дараа Б-аас асуухад “согтуу байж байгаад хүний гар утас авчихсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-16),
Шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Д-” авто сургуулийн хашааны гадна талд архи уучихсан алхаж явтал “Хонда Лого” маркын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Машины хаалгыг онгойлгосон чинь онгорхой байсан, би хүн байсан эсэхийг сайн санахгүй байна, их согтчихсон байсан. Жолоочийнх нь хажуу талын суудал дээр байсан улаан өнгийн “Айфон-7 плас” маркын гар утсыг аваад Баянхошууны “Сувдан” төвийн хажууд байдаг үсчин эгчид 100,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. 20,000 төгрөгөөр архи авч ууж байтал цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд оруулсан. Өглөө эхнэрээсээ 20,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь аваачиж өгөөд утсыг нь авч өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-30-32),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-34), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт (хх-33), Асап сангийн лавлагаа (хх-35-36), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийн хуулбар (хх-72-74) зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б- согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Д-” авто сургуулийн хажууд байрлаж байсан ____ улсын дугаартай “Хонда Лого” маркын тээврийн хэрэгслээс хохирогч Э.Ж-ы эзэмшлийн “Айфон-7 плас” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 625,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Ж-ы: “...Машиндаа суутал жолоочийн хажуу талын суудал дээр байсан миний гар утас байхгүй болохоор нь ээжээс асуутал “чиний утас байгааг мэдээгүй, саяны залуу аваад явчихсан юм шиг байна” гэж хэлсэн. ...залуу жолоочийн эсрэг талын хаалгыг татаад байсан гэсэн. Тэр үед л миний утсыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-6), “Мастер үнэлгээ” ХХК-ийн ___ дүгээр “Айфон 7 плас загварын, хуучин хэрэглэж байсан, улаан өнгийн, 128gb багтаамжтай 1 ширхэг гар утас 625,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-18-19), гэрч Ц.Ө-ын: “...хаалга онгойлгоод “би цагдаа байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн. “Би чамд яахаараа шалгуулдаг юм” гэтэл хаалга хаагаад алхаж байгаад буцаж ирээд хаалга онгойлгоход би “цагдаа дуудлаа шүү” гэхэд “тэг тэг” гэсэн. ...Тэгээд утсыг нь алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-14), шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн: “...архи уучихсан алхаж явтал “Хонда Лого” маркын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Машины хаалгыг онгойлгосон чинь онгорхой байсан, ...Жолоочийнх нь хажуу талын суудал дээр байсан улаан өнгийн “Айфон-7 плас” маркын гар утсыг аваад ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-30-32) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ы бусдын машинд байсан гар утсыг хулгайлан 625,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ж-д 625,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “Эд зүйлээ эргүүлэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-6/-ийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ____ улсын дугаартай “Хонда Лого” маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогч Э.Ж-ы эзэмшлийн “Айфон-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Ам бүл 6, 6-12 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шунахай зорилгоор хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 625,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ам бүлийн байдал)-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ____овогт ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР