Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00667

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багт оршин суух, Улайр онход овогт Дашдоржийн Эрдэнэбат / РЗ62050738/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Эрдэнэбат нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын бага сургуульд сурч байгаад сургуулиасаа гарч 1975 оноос 1978 онуудад мал маллаж байгаад 1978 оны 10 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь ТМС-д трактор-камбайнчнаар сурч төгсөөд 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд тракторчнаар томилогдон ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаагаар цэрэгт татагдан, улмаар цэргийн албаа хаагаад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны бичилт дутуу, тамга тэмдэг байхгүй зэргээс болоод ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна.

         Иймд Д.Эрдэнэбат намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх 11 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөн 1980 оноос 1983 онд цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлтэй байгаа юм. Би цэргийн батлахаа эх хувиараа нь авчирсан гэв. 

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь

               Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторчноор,1980 оны 6 дугаар сарын 18-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл Ардын армийн 208 дугаар ангид цэргийн алба ,1983 оны 7 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

              Тухайлбал:  Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од  нэгдэлд 1979-1980,                1983-1991 онуудад тракторын жолооч, туслах ажилтан, үтрэмийн слесарь, сахиулаар ажилласан жил, авсан цалин хөлсийг Рашаант сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны  3/94 дугаартай лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,

           Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай “... Шаамарын сургууль комбинат төгссөн ... Дашдоржийн Эрдэнэбат нарыг 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тракторчнаар томилон ажиллуулсугай...” гэх Ажилд томилох ба амралт олгох тухай тушаалын хуулбар,

      Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай “ 1. Хугацаат цэргийн албанд татагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн ... Дашдоржийн Эрдэнэбат .... нарт 14 хоногийн дандаж цалингийн хэмжээгээр халагдсаны тэтгэмж олгосугай...” гэх Ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

          Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай “ 1983 онд Ардын цэргийн алба хааж хугацаа дуусч халагдаж ирсэн хүмүүсийн санал хүсэлтийг харгалзан доорхи ажилд хуваарилсугай.  ...Зургаа. Д.Эрдэнэбат ...нарыг тэжээлийн байнгын бригадад тракторын жолоочоор ... 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай ...” гэх Цэргээс халагдаж ирэгсэдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

       Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай “... Д.Эрдэнэбатыг  тракторын жолоочийн ажлаас чөлөөлж 3 дугаар сарын 25-наас сахиулаар ... томилж ажиллуулсугай...” гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

          Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдлийн даргын 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай “... 1.Д.Эрдэнэбатыг 6 дугаар сарын 20-ноос үтрэмийн сахиулаар чөлөөлж мөн өдрөөс үтрэмийн ажилчнаар... томилон ажиллуулсугай...” гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

            Гэрч М.Түмэнжаргалын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Д.Эрдэнэбат нь Шаамар дахь сургууль комбинатад тракторын жолооч мэргэжлээр 1978-1979 онд суралцаж, улмаар сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд тракторын жолоочоор ажилд орсон юм. Тэгээд 1980 онд хугацаат цэргийн албанд татагдаж цэрэгт яваад 1983 онд халагдаж ирээд мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн тракторын жолоочоор 1992 оныг хүртэл ажилласан. Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд  1975 оноос 1992 он хүртэл ажиллаж байгаад өмч хувьчлалаар хэдэн малтай болоод хувийн малаа маллан амьдрах болсон юм...” гэх мэдүүлэг,

            Гэрч Г.Батнасангийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ”... Д.Эрдэнэбат нь 1978 онд Шаамар дахь сургууль комбинатад тракторын жолооч мэргэжлээр суралцаж 1979 онд  төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд тракторын жолоочоор анх ажилд орсон юм. Тэгээд нэгдэлдээ ажиллаж байгаад 1980 онд цэрэгт яваад 1983 онд халагдаж ирээд мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн тракторын жолооч, үтрэмийн эрхлэгч, слесариэр  тус тус 1992 оныг хүртэл ажилласан. Миний мэдэхийн Д.Эрдэнэбат нь Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1979-1980, 1983-1992 онуудад тасралтгүй ажилласан. Дундуур нь 1980-1983 онд цэрэгт явсан. Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд  1982 оноос 1992 он хүртэл туслах үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж  байсан юм ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/300 дугаартай “....Тус аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1979 оны даргын тушаал шүүж үзэхэд Д.Эрдэнэбатыг тракторын жолоочоос чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улайр онход  овогт Дашдоржийн Эрдэнэбат / РЗ62050738/-г Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан Од нэгдэлд 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, 1980 оны 6 дугаар сарын 18-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл Ардын армийн 208 дугаар ангид цэргийн алба хаасан, 1983 оны 7 дугаар сарын 20-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.       

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА