Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 30 дугаар гудамж 4 тоотод оршин суух, Бичээч овогт Дарьсүрэнгийн Даваасүрэн / РГ62110228/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхгэрэл нэхэмжлэгч Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хоньчноор элсэн орсон. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа юм.

Иймд миний Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн  захиргаанаас 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1984-1989 онуудад   ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын Тамгын газрын 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03/82 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, цалингийн цэсний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 9 дугаартай “ 1. Өөрсдийн саналаар мал аж ахуйн үйлдвэрлэлд  ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж эхлэсэн 10 хүнд нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1986 оны 5 дугаар тогтоолын А заалтыг үндэслэн буцалтгүй тусламж олгохоор хавсралт №1-ийг баталсугай ...” гэх Тэтгэмж олгох тухай тушаал, Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 9 дугаар тушаалын  хавсралт №1 Өөрсдийн саналаар мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийж ажиллагсадад олгох тэтгэмж  “... 4. Овог нэр-Дарьсүрэнгийн Даваасүрэн, олгох тэтгэмж төгрөг-300, мөнгө-00” гэх тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаартай “... 2. ... Д.Даваасүрэн нарыг хоньчноос ... тус тус өөрийн хүсэлтээр чөлөөлсүгэй...” гэх Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

 

Гэрч Л.Дугаржанцангийн  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... Д.Даваасүрэн нь Бүрэнтогтох сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад хоньчноор анх ажиллаж эхлэсэн бөгөөд 1990 оныг дуустал ажилласан. Би 1973 оноос нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад хоньчноор ажилласан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Алтанцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:”...  Д.Даваасүрэн нь 8 ангиа төгсөөд Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад  эцэг, эхийн

 

хамт мал маллах болсон. Тэр цагаас хойш хувьчлал болоод нэгдэл тарах хүртэл малчнаар хамт ажилласан. Би 1980 оноос нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-Уул бригадад малчнаар тасралтгүй ажилласан юм...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Их-уул бригадад малчнаар ажилласан байсан гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь дээрхи хугацаанд нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн ажилласан байсан талаархи гэрчүүдийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй бөгөөд хөдөлмөрийн дэвтэр болон сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 70 дугаар дансны цалин хөлсний лавлагаа, бусад баримтанд  1980-1984 онд нэхэмжлэгчийг ажиллаж байсан талаархи ямар нэгэн баримт байхгүй байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10/277 дугаартай “Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1991 оны нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэл манай архивт байхгүй тул Д.Даваасүрэнд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлсэн  болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бичээч овогт Дарьсүрэнгийн Даваасүрэн / РГ62110228/-г Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар, ажиллаж байсан байдлыг  тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн                58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА