Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/974

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___төрсөн, ____ тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ____дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ___ овогт _____ /РД:______/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______төрсөн, ________ тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ____ дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялы 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны _____дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ял бүрэн биелсэн, ____ овогт _______ /РД:_____________/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Н.Б- бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын арын зам дээр иргэн С.Э-той маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Л- бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын арын зам дээр өөрийн найз Н.Б-ыг өмөөрч иргэн С.Э-ыг хөлөөрөө өшиглөх, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруутайгаа мэдэж байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа мэдэж байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багаар оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн _____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Э-ын: “2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын арын зам дээр явж байгаад нүх тааралдахаар нь хурдаа хастал араас машин мөргөсөн. Буугаад хартал саарал өнгийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 30 гаруй насны согтуу залуу жолоочийн суудал дээрээс бууж ирээд “намайг уучлаарай ахаа, тохиролцоод салъя” гээд гуйхаар нь “тэгье” гээд машинаа замаас гаргах гэтэл машин хөдөлж явж болохгүй байхаар нь “миний машин хөдөлж явж болохгүй байна” гээд хүнтэй утсаар ярьж байтал мөргөсөн залуу хүрч ирээд гэнэт уурлаж “чи муу тохиролцоод явъя гэж хэлчихээд цагдаа дуудаж байгаа юм уу” гээд миний зүүн нүд рүү баруун гараараа цохиж автал толгой манараад барилцаж аваад заамдалцсан чинь хоолой боож байгаад дахин нүүр рүү хэдэн удаа цохисон. Би тухайн үед газар уначихсан байтал намайг цохисон залуутай хамт явж байсан залуу хүрч ирээд дээрээс нуруу, мөр, хоёр гар, булчин, тохой руу өшиглөсөн. Би хоёр гараараа нүүрээ дараад хэвтэж байтал гарын сарвуу хэсэг рүү өшиглөөд хоёр өвдгөөр маань газар чирч байгаад гуя руу өшиглөж байтал хажуунаас хүмүүс болиулсан. Хоёулаа намайг нийлж зодсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Лхагвасүрэн, Батбаяр нар надад эмчилгээний зардал 260,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-12-13, 16),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Э-ын биед зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хх-30-32),

Шинжээч эмч Н.Туяагийн: “Үзүүлэгч С.Э-ын биед учирсан зүүн нүдэнд цус хуралт, чамархайд эмзэглэл буюу зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хх-91-92),

Шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Ажлын газрын тээврийн хэрэгслийг архи уучихсан согтуу жолоодож явж байгаад урдаа явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Жолооч нь “Яаж байнаа” гэхээр нь “Уучлаарай, бага зэрэг уучихсан байгаа юм, тохиролцоод салъя” гэж гуйтал тэгье гэсэн атлаа машинаа хөдөлгөхгүй байхаар нь “машинаа холдуулчих” гэтэл “дугуй нь хөдлөхгүй байгаа юм биш үү” гээд уурлахаар нь миний уур хүрээд хэрэлдэж заамдалцаж аваад баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиод барилцаж газар унатал хажуунаас манай найз Лхагвасүрэн тухайн ахыг өшиглөөд татаад чиртэл танихгүй эмэгтэй хүн хажуунаас “болиоч та нар” гэж хэлчихээд явахаар нь болиод байж байтал цагдаа ирээд Лхагвасүрэн бид хоёрыг авч явж миний жолоодох эрхийг 1 жилээр хассан. Би тухайн гэмт хэргийг найз Лхагвасүрэнгийн хамт үйлдсэн...” гэх мэдүүлэг (хх-76-78),

Шүүгдэгч Б.Л-гийн яллагдагчаар өгсөн: “...Н.Б- тухайн ахын нүүр рүү 2-3 удаа цохиж аваад тухайн ахтай заамдалцаж газар хамт унахаар нь миний уур хүрээд очоод тухайн ахын гар, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөж, чирч татсан чинь хажуунаас танихгүй хүмүүс ирж салгаж удалгүй цагдаа ирж авч явсан. Би архины халуундаа хүн цохисон...” гэх мэдүүлэг (хх-85-86),

Хохирлын баримт (хх-38),

Шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-94), ****” ХХК-ийн “Н.Б- нь тус компанид захирлын жолооч ажилтай” гэх тодорхойлолт (хх-41), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-43), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-44), эд хөрөнгө бүртгэгдээгүй талаарх лавлагаа (хх-45), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-48), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-49-52), Асап сангийн лавлагаа (хх-53-55),

Шүүгдэгч Б.Л-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-93), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-59), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-60), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-61), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хх-62), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-65-66), Асап сангийн лавлагаа (хх-68-69), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ___дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-100-102), Баянзүрх дүүргийн ___дүгээр шийтгэх тогтоолын хуулбар (хх-104-108) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б-, Б.Л- нар согтуурсан үедээ бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын арын зам дээр хохирогч С.Э-той маргалдан шүүгдэгч Н.Б- нь хохирогчийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож “зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл,

шүүгдэгч Б.Л- нь гар, хөл рүү 2-3 удаа өшиглөн, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож “зүүн мөр, зүүн суга, зүүн шуу, зүүн бугуй, баруун тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн булчин, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Э-ын “...тээврийн хэрэгслээс 30 гаруй насны согтуу залуу жолоочийн суудал дээрээс бууж ирээд ...шалтгаангүйгээр миний зүүн нүд рүү баруун гараараа цохиж автал толгой манараад тухайн залуутай барилцаад заамдалцсан чинь хоолой боож дахин нүүр рүү нилээд хэдэн удаа цохисон. Намайг газар уначихсан байтал намайг цохисон залуутай хамт явж байсан залуу хүрч ирээд миний дээрээс нуруу, мөр, хоёр гар, булчин, тохой руу өшиглөсөн. Гараараа нүүрээ дараад хэвтэж байтал гарын сарвуу хэсэг рүү өшиглөөд хоёр өвдгөөр маань газар чирч байгаад гуя руу өшиглөж...” гэх мэдүүлэг (хх-12-13, 16), шүүх эмнэлгийн 6037 дугаар “1.С.Э-ын биед зүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүүнд зулгарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн булчинд цус хуралт, зүүн суганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тготоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-30-32), шинжээч эмч Н.Туяагийн “...Зүүн нүдэнд цус хуралт, чамархайд эмзэглэл буюу зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хх-91), шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн “...архи уучихсан согтуу жолоодож яваад ...миний уур хүрээд тухайн ахтай заамдалцаад баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиод барилцаж газар унатал хажуунаас манай найз Лхагвасүрэн тухайн ахыг өшиглөөд татаад чиртэл...” гэх мэдүүлэг (хх-76-77), шүүгдэгч Б.Л-гийн яллагдагчаар өгсөн “...машинтай гадуур архи ууж яваад ...Н.Б- тухайн ахын нүүр рүү 2-3 удаа цохиод заамдалцаж газар хамт унахаар нь миний уур хүрээд очоод тухайн ахын гар, хөл хэсэгт 2-3 удаа өшиглөж чирч татсан...” гэх мэдүүлэг (хх-85-86) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Б-, Б.Лхагвсүрэн нарын согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч С.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 260,000 төгрөг төлсөн, хохирогчийн “Шүүгдэгч нараас эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-12-13)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Б-, Б.Л- нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын арын зам дээр “цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар хохирогч С.Э-той маргалдан шүүгдэгч Н.Б- нь хохирогчийн нүүрэн тус газар гараа цохих, хүзүүг нь боох зэргээр хүч хэрэглэн зодож, шүүгдэгч Б.Л- өшиглөх, газар чирэх зэргээр хүч хэрэглэн зодож биед ньзүүн нүдэнд цус хуралт, баруун чамархайд эмзэглэл, хүзүү, зүүн мөр, зүүн суга, зүүн шуу, зүүн бугуй, баруун тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн булчин, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Л-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

шүүгдэгч Н.Б- “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байна” гэж,

шүүгдэгч Б.Л- “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг бага дүнгээр оногдуулж өгнө үү” гэж  тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогчийг тус тусдаа хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх, боох, чирэх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 260,000 төгрөгийн эмчилгээний баримт гаргж өгсөн, хохиролд 260,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч нарын хувийн байдал (шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, ам бүлийн байдал, хэрэгт оролцсон оролцоо)-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Улсын яллагчийн “Шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн оролцоо (шүүгдэгч Н.Б- согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж улмаар мөргүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч буюу хохирогчтой маргаан үүсгэн хүч хэрэглэн нүүр рүү нь 2-3 удаа цохисон, шүүгдэгч Б.Л- найз Н.Б-ыгаа өмөөрөн хохирогчийг унасан байхад бие рүү нь өшиглөж, газар чирсэн), гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг ижил хэмжээгээр оногдуулж шийдвэрлэж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-, Б.Л- нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _____ овогт ___________, _______ овогт ________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Б.Л- нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-, Б.Л- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, Б.Л- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР