| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00467/и |
| Дугаар | 00630 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 5-6 тоотод оршин суух, Халх овогт Дугарын Алтанцэцэг /РЙ61060909/-ийн
Талийгаач нөхөр Б.Энэбишийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00467/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Энэбиш бид хоёр охин Энхчимэгийг 2011 онд үрчлэн авсан юм. Нөхөр маань 2012 оны 3 сард өвчний учир нас барсан ба охин Э.Энхчимэг нь нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хувь тэнцүүлсэн хэмжээгээр авч байгаа юм. Учир нь талийгаач нөхөр Б.Энэбишийн ажиллаж байсан байдал тооцогдоогүй учир хувь тэнцүүлсэн хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Одоо талийгаач нөхөр Б.Энэбишийн ажиллаж байсан байдлыг тогтоолгосноор охин Э.Энхчимэг нь тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх юм.
Иймд миний талийгаач нөхөр Б.Энэбишийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Д.Алтанцэцэг нь талийгаач нөхөр Б.Энэбишийн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Энэбиш нь 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь №0000075803-07 дугаартай “Монгол Улсын иргэн 1961 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Тариалан Мандалд оршин сууж байсан, эрэгтэй, Гөрөөчин овогтой Баатархүүгийн Энэбиш 51 настайдаа 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нас барсныг 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсны бүртгэлийн 07-рт бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар,
Д.Алтанцэцэг болон талийгаач Б.Энэбиш нь нар охин Э.Энхчимэгийг үрчлэн авсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн “рй08231100, үрчлэгч эцэг: Гөрөөчин овгийн Баатархүүгийн Энэбиш рй61051010, үрчлэгч эх: Халх овгийн Дугарын Алтанцэцэг рй61060909 нарт үрчлүүлж, 2011/01/31-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын үрчлэлтийн 02-рт Гөрөөчин овгийн Энэбишийн Энхчимэг болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/002409 дугаартай үрчилсэний бүртгэлийн лавлагаа болон №0000554703-26/02 дугаартай рй08231100, хүүхдийн овог: Гөрөөчин, эцэг эхийн нэр: Энэбиш, нэр: Энхчимэг, 2008 оны 3 сарын 11-нд Тариалан төрөхөд төрснийг Тариалан төрсний бүртгэлд 2011 оны 01 сарын 31-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Алтанцэцэг нь талийгаач Б.Энэбишийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох эрхтэй байна.
Талийгаач Б.Энэбиш Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Энэбишийн 1984 оны 2 дугаар сараас 1988 оны 10 дугаар сар, 1990 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1984 оны 8 дугаар сард бригадын 4 айлын орон сууц барьж байх үедээ ажилчидын хамт авахуулсан зураг,
гэрч У.Нямсүрэнгийн “...Д.Алтанцэцэгийн талийгаач нөхөр Б.Энэбиш бид 1977 онд 8 дугаар анги төгссөн бөгөөд Б.Энэбиш нь хугацаат цэргийн албанд явсан юм. Тэгээд намайг Тариалангийн Сангийн аж ахуйд барилгын бригадад ажиллаж байхад Б.Энэбиш нь 1984 онд мужаанаар анх орж байсан. Тэгээд тэндээ 1990 оныг дуустал ажилласан бөгөөд миний мэдэхийн Б.Энэбиш нь Тарилангийн Сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэрт жолоочоор бас ажиллаж байсан... 1984 оноос 1990 онуудад ажиллаж байх хугацаандаа тасрахгүй ажиллаж байсан... Би Тарилангийн Сангийн аж ахуйн барилгын бригадад 1978 оноос 1990 оныг дуустал барилга, засал чимэглэлчнээр тасрахгүй ажилласан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Ганболдын “...Би 1987 онд цэргээс халагдаж ирээд 1990 онд Тариалангийн Сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэрт слесариар анх ажилд орсон бөгөөд тэр үед Б.Энэбиш нь сангийн аж ахуйд сүүний машины жолоочоор ажиллаж байсан. Тэгээд би 3 жил ажиллаад ажлаасаа гарахад Б.Энэбиш нь тэндээ ажилласаар үлдсэн юм... 1990 онуудад ажиллаж байх хугацаандаа тасрахгүй ажиллаж байсан... би Тариалангийн Сангийн аж ахуйн монгол цагаан идээний үйлдвэрт 1990 оноос 1993 онд слессариар, дараа нь 1994 оноос Алтан дуулга ХХК-д тракторын жолоочоор шилжин ажилласан бөгөөд улсад 7 жил ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул талийгаач Б.Энэбишийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Б.Энэбишийн ажиллаж байсан үеийн холбогдох тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тус аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1984-1988 оны тушаал шүүж үзэхэд Б.Энэбишийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/257 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гөрөөчин овогт Баатархүүгийн Энэбишийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА