| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00465/и |
| Дугаар | 00639 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дүгээр багт оршин суух Ханхөхий халх булнай овогт Янсангийн Сэржмаа / РТ65060562 /-ийн
Янсангийн Сэржмаагийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00465/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Я.Сэржмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Сэржмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Янсангийн Сэрмжаа нь 1965 оны 6 сарын 05-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдлийн 3-р бригадад саальчнаар орсон юм.Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад манай нутгийн хүмүүс Янсан гэж дууддаггүй байсан болохоор тэр үү тэр үеийн хүмүүс ээжээр минь овоглоод Цэвэг Сэржмаа гэж миний хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байсан.Тухайн үед уг нь хрэлж байсан боловч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн. Харин одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Цэвэг Сэржмаа гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Янсан Сэржмаа мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд 1965 оны 06 сарын 05 ний өдөр төрсөн Цэвэгийн Сэрчигмаагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Янсангийн Сэржмаа мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Янсангийн Сэрмжаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :... Би аав ээжээс хоёулаа бөгөөд эгч Нарантуяа маань нас барсан. Янсангийн Нарантуяа гэж овоглож явсан хүн юм. Аав ээж хоёр маань биднийг бага байхад тус тусдаа амьдарч эхэлсэн юм. Эгч маань аавтайгаа би ээжтэйгээ хамт өссөн. Тийм болохоор намайг манай нутгийнхан ээжээр минь овоглож Цэвэгийн гэж овоглож дууддаг хүн нилээн олон байдаг. Миний нэрийг мөн Сэрчигмаа гэж хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байна лээ. Намайг Сэржээ Сэрж гэх мэтээр дууддаг байсан бөгөөд яагаад Сэрчигмаа гээд бичсэнийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр олгосон хүн л буруу бичсэн байсан ...гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Янсангийн Сэржмаа нь 1982 оны 6 дугаар сарын 16 ний өдөр Лениний алдар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
1982 оны 6 дугаар сарын 16-ний өдөр Лениний алдар нэгдлээс Цэвэг овогтой Сэрчигмаа гэсэн нэртэй нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Янсан овогтой Сэржмаа болох нь доорхи баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн Отгон овогтой Янсан, Готов овогтой Цэвэг нарын гэр бүлд 1965 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Янсангийн Сэржмаа төрсөн болохыг 1965 оны 6 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төрсний 37-рт бүртгүүлсэн, 00/002379 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан РТ35091062 регистрийн дугаартай Готов огтой Цэвэг нь 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсныг 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийн 12 –рт бүртгэсэн тухай 00/002434 дугаартай лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан Янсангийн Нарантуяа/РТ64051861/ -г 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барсныг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0025-рт бүртгэсэн тухай 00/002435 дугаартай лавлагаа,
Ханхөхий халх булнай овогтой Янсангийн Сэржмаагийн 1965 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн гэх Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3-р багт оршин суух хаягтай иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Янсангийн Сэржмаа нэртэй 2014 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Чандмань-Өндөр сумаас нээж олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэл Овог Цэвэг, нэр Сэрчигмаа гэж 1982 оны 6 дугаар сарын 16-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Очирхуягаас ирүүлсэн Цэвэгийн Сэрчигмаа /РТ65060562/-н төрсний бүргтгэл нь мэдээллийн санд бүртгэлгүй болно гэх албан бичиг,
Гэрч Д.Хишигсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Я.Сэржмаа бид хоёр нэг нутгийн хүмүүс, Сэржмаагийн төрсөн аавыг Янсан гэдэг хөл муутай суга таягтай хүн байсан бөгөөд намайг сургуульд сурч байхад нас баран, ээжийг нь Цэвэг гээд Сэржмаа бид хоёртой хамт нэгдэлд хамт нэг бригадад саальчин хийдэг хүн байсан.аав нь эртр нас барсан болохоор хөдөлмөрийн дэвтэрийг нь нээхдээ ээжээр нь овоглоод Цэвэгийн гэсэн байх Сэрчигмаа гэж дуудаж байгаагүй нэрийг нь буруу л бичсэн байх...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Сэргэлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “....Сэржмаа бид хоёр нэг нутгийн хүмүүс юм. Сэржмаагийн ээж Цэвэг нь Янсантай гэр бүл болоод тэдний дундаас Нарантуяа Сэржмаа хоёр төрсөн аав ээж нь тусдаа амьдардаг байсан. Ээж Ванчиг гэдэг хүнтэй нилээн олон жил хамт амьдарсан. Цэвэг Янсан хоёр нь тус тусдаа амьдарч байсан болохоор Цэвэгээр овоглосон байх гэж бодож байна.Сэржий гэж дууддаг байсан Сэрчигмаа гэж дуудаж байгаагүй Уйгаржин монгол бичгээр Сэржмааг галиглахаар Сэрчигмаа гэж бичигдсэн байх. Хуучин монгол бичиг мэддэг дарга ажиллаж байсантай холбоотой байх ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний алдар” нэгдлээс нээж олгосон Цэвэг овогтой Сэрчигмаа гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Янсангийн Сэржмаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Сэржмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА