| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00408/и |
| Дугаар | 00633 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт оршин суух Хар хуулар овогт Цүлтэмийн Бат-Өлзий / РЦ65111065/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Өлзийбуян, нэхэмжлэгч Ц.Бат-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Цагааннуур сумын бага сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл байрын багшаар, Ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оныг дуустал туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөний амралтуудыг эдлэж байсан.
Иймд миний дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Ой модны
аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Цагааннуур сумын бага сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл байрын багшаар, Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оныг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон №1691977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986-1988 онуудад, Цагааннуур сумын бага сургуульд 1986 онд ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын Тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, цалингийн цэсний нотариатчаар гарчлүүлсэн хуулбар,
Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1986 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “ 1. ... Ц.Бат-Өлзийг 3 дугаар сарын 03-наас туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус томилон ажиллуулсугай” гэх Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Байгаль орчныг хамгаалах яамны харъяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай “ Нэг. Ц.Бат-Өлзийг 9 дүгээр сарын 25-наас барилгын ажилчнаас чөлөөлж сумын ахуйн үйлчилгээний цэгийн мэдэлд шилжүүлж ...” гэх Ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон” овог-Цүлтэм, нэр-Бат-Өлзий, төрсөн он-1965.11.10, гишүүнд элссэн-1987.01.01, улсад биеийн хүчин үнэлж эхлэсэн-1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр” гэх бичилттэй №698968 дугаарын Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний “Бат илэрхийлэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч З.Пүрэвсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...1985 онд Ан агнуур цаа бугын аж ахуй шинэчлэгдсэн байгуулагдахад Ц.Бат-Өлзий нь загас боловсруулах цехэд туслах ажилчин-боловсруулагчаар анх ажилд орж байсан. Тэгээд тэндээ ажиллаж байгаад тэр жилийнхээ намар нь Цагааннуур сумын бага сургуульд байрын багшаар ажиллах болоод ажлаасаа гарах хүсэлт өгч байсныг би сайн санаж байна. Харин Ц.Бат-Өлзий нь сургуульдаа нэг их удаан ажиллаагүй бөгөөд дараа жилийн хавар нь буцаад ан агнуур, цаа бугын аж ахуйдаа туслах ажилтнаар үргэлжлүүлэн 1990 оныг дуустал ажилласан юм. Ц.Бат-Өлзий нь ан агнуур, цаа бугын аж ахуйд ажиллаж байхдаа дундуур нь хэдэн сар сумын бага сургуульд байрын багшаар ажилласан бөгөөд өөр байгууллагад ажиллаж байгаагүй. Тэнд ажиллах хугацаандаа тасралтгүй ажилласан. Би 1971 оноос 1994 оныг дуустал Цагааннуур сумын загасны үйлдвэр гэж байхад нь анх ажиллаж эхлээд Ан агнуур, цаа бугын аж ахуй болох хүртэл тус байгууллагын үйл ажиллагаа зогсох хүртэл 20 гаруй жил тасралтгүй загасчин, жолоочоор ажилласан юм...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/297 дугаартай “ Тус аймгийн Цагааннуур сумын Цаа буга, ан агнуурын аж ахуйн даргын 1985 оны тушаалд Ц.Бат-Өлзийг томилж, чөлөөлсөн тушаал, мөн тус сумын сургуулийн захирлын 1986 оны тушаалд чөлөөлсөн тушаал байхгүй. Мөн аж ахуйн даргын 1985 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ” гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан хуулар овогт Цүлтэмийн Бат-Өлзий / РУ65111065 /-г Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Цагааннуур сумын бага сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл байрын багшаар, Ой модны аж үйлдвэрийн харъяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1986 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бат-Өлзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА