Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Анхтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Уянга,

хохирогч А.Ганболдын өмгөөлөгч С.Чулуунаа,

иргэний нэхэмжлэгч Г.Ариунболдын өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч Д.Анхтуяа, түүний өмгөөлөгч А.Сандагдулам, Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 928 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Ганболдын өмгөөлөгч С.Чулуунаа, шүүгдэгч Д.Анхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Анхтуяад холбогдох эрүүгийн 201301022777 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Барнууд овогт Доржийн Анхтуяа, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Ганган Орхон Дэнжийн 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙР86031701/,

Шүүгдэгч Д.Анхтуяа нь давтан үйлдлээр 2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170/б байрны 67 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа Б.Нарангэрэлд “Зарна” гэж 43.000.000 төгрөгийг,

2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.Доржсүрэнгээс “Дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм, 2-3 хоногийн дараа өгнө” гэж 2.500.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Ганболдоос гаалийн бичигтэй “Ниссан Кашкай” загварын автомашиныг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгөлгүйгээр “Сайн” ломбарданд барьцаалж 18.000.000 төгрөгийн,

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Нэргүйд “Хоёр өрөө орон сууц зарна” гэж 6.000.000 төгрөгийн,

2013 оны 12 дугаар сард “Гаалийн ерөнхий газарт ахлах нягтлангаар ажилладаг. Чамайг гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж Т.Цэнджаваас 1.400.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Балжиннямаас “Хүүтэй зээлнэ” гэж 1.000.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Анхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Барнууд овогт Доржийн Анхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Д.Анхтуяаг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Анхтуяад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Анхтуяагийн цагдан хоригдсон 1060 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хорих ялыг эдэлсэнд тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Анхтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн “Ниссан Кашкай” загварын 08-95 ӨВА улсын дугаартай автомашиныг НШШГАлбанд хүргүүлж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Г.Ариунболдод олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Анхтуяагаас нийт 39.400.000 төгрөг гаргуулж, үүнээс 5.000.000 төгрөг гаргуулж Б.Нарангэрэлд 2.500.000 төгрөгийг гаргуулж, Э.Доржсүрэнд 6.000.000 төгрөгийг гаргуулж, Д.Нэргүйд 1.000.000 төгрөгийг гаргуулж Х.Балжиннямд, 1.400.000 төгрөгийг гаргуулж Т.Цэнджавт, 23.500.000 төгрөгийг гаргуулж А.Ганболдод тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Д.Анхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувийн байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Миний бие энэ хэрэгт анх 2013 оны 9 дүгээр сарын 11-нд холбогдож сэжиглэн шалгаж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тасралтгүй /1060/ хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд маш их гэмшиж өөрийн буруутай үйлдлээ ухаарч ойлгосон. Удаан хугацаанд хоригдож байх үедээ төрсөн эх маань 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нас барж уулзаж чадаагүйдээ сэтгэл санааны гүн хямралд орж эрүүл мэндийн байдал дордож, ар гэрийн нөхцөл ч хүнд болсон. Анх хоригдоход хүү А.Мөнхдалай 6 настай байсан бөгөөд одоо 13 настай болсон охин А.Мөнхжин 5 настай байсан ба одоо 12 настай. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 18-нд бага охин Э.Энхжин төрсөн, одоо 5 сартай. Бага насны хүүхэд минь миний буруу үйлдлээс болж сэтгэл санааны хямралд орох, харж хандах хүнгүй, эрүүл мэндийн хувьд байнга эмнэлэгт хэвтэж, хүмүүжлийн доголдолд орж гадуур тэнэх, тоглоом тоглох зэрэг муу зуршилд автан хараа хяналт алдагдаж байгаагаас тэдний маань эрх зөрчигдсөөр байгаад эх хүний хувьд харамсаж байдаг. Эх хүний үүргээ ухамсарлаж, хариуцлагаа хүлээх ёстойгоо туйлаас хүсэж байгаа бөгөөд үүнд монголын шүүх надад хатуу хандалгүй, надад болон 3 нялх хүүхдэд минь боломж олгооч гэж үнэхээр их хүсэж байна. Миний нөхөр Т.Алтанхуяг нь 3 хүүхдээ асран хамгаалж байгаа боловч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээнд дипетчерийн ажилтай бөгөөд ээлжээр, хөдөө орон нутагт тогтмол урт хугацаагаар ажилладаг зэрэг шалтгаантай юм. Энэ хугацаанд 3 хүүхэд минь эзэнгүй үлддэг, асарч хамгаалах боломж олдохгүй байна.

Би 2017 оноос оршин суугаа газартаа Цайны газар ажиллуулж байсан бөгөөд бизнес эрхэлж олсон орлогоосоо хохирогч талд тодорхой хэмжээгээр хохирлоо барагдуулсаар ирсэн. Энэ талаар хэргийн материалд тодорхой нотлох баримтууд байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Түүнчлэн миний бие 2018 оны 8 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тендерт оролцож 2018 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн ажиллах гэрээг байгуулсан юм. Энэ ажлыг эрхэлж орлогоосоо хохирогчид төлөх үлдэгдэл 39.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Иймээс дээр дурьдсан миний хувийн байдал ар гэрийн нөхцөл, хохирлоо барагдуулах хүсэлт зэргийг харгалзан үзэж хууль журмын дагуу надад оногдуулсан ялыг цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлэн шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

Хохирогч А.Ганболдын өмгөөлөгч С.Чулуунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.Анхтуяагаас 23.500.000 төгрөгийг гаргуулж А.Ганболдод олгохоор мөн “Ниссан Кашкай” загварын машиныг Г.Ариунболдод олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх Д.Анхтуяаг хохирогч А.Ганболдын гаалийн бичигтэй шинэ “Ниссан Кашкай” загварын машиныг 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь зээл авахаар өгнө гэж итгүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзсэн боловч тухайн машины үнэ нь 2013 оны 8 дугаар сард 42.000.000 төгрөгийн 2017 онд 38.000.000 төгрөгийн үнэтэй болох нь хэргийг мөрдөн шалгах мөрдөн байцаалтын явцад хууль ёсны дагуу авагдсан хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ тогтоосон нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр “Ниссан Кашкай” загварын машины 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь нотлогдож байхад нотлох баримтаар хохирлыг үнэлж дүгнэлгүйгээр хохирогчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж илтэд хохироон 23,500,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна.

Шүүх  мөрдөн байцаалтын шатанд “Ниссан Кашкай” загварын 08-95 ӨВА улсын дугаартай авто машиныг битүүмжлэн өөрт нь хариуцуулсан эд хөрөнгө битүүмжилж, тогтоолыг хүчингүй болгохдоо машиныг хууль ёсны өмчлөгч А.Ганболдод өгөлгүй, иргэний нэхэмжлэгч Г.Ариунболдод олгож, эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн шүүх хуралдаан дээр Д.Анхтуяа түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч нар машиныг хохирогч А.Ганболдод олгох хүсэлтийг удаа дараа гаргасныг харгалзан үзсэнгүй.

“Сайн” ломбардны “Ниссан Кашкай” машиныг барьцаалж мөнгө олгосон зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд энэ гэрээг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм. Тус ломбардны эзэн Жадамбааг эзгүйгээр түүний бичиг баримтаар гэрээг баталгаажуулах ажиллагаа хууль бусаар хийгдсэн нь гэрч Шарав, Жадамбаа, Лхамсүрэн, Анхтуяа нарын мэдүүлгээр нотлогдсон байгаа болно.

Улмаар “Сайн” ломбард нь зээл олгогч нь барьцааны зүйл болох машиныг хууль бусаар олж авсан гэдгийг мэдэж байсан ба хуулийн байгууллагаас эцсийн шийдвэр гаргаагүй байхад худалдсан мөн машиныг худалдан авсан гэх Г.Ариунболд гэгч нь ломбарднаас “Ниссан Кашкай” машиныг худалдан авах, бусдад цааш нь зарах үед байхгүй байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсоноос үзэхэд Г.Ариунболдын уг машины гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдэлгүйгээр хууль ёсны гэрээ хэлцэл хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “Ниссан Кашкай” машиныг өмчлөгч А.Ганболдод олгож, хохирлыг зөв үнэлж шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Ариунболдын өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Ариунболд энэ автомашиныг “Тайгын булаг” компаниас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 27.000.000 төгрөгөөр худалдан авсан. Прокуророос 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэх тогтоол гаргаж автомашиныг хураан авч, А.Ганболдод өгч өнөөдрийг хүртэл унаж, ашиглаж байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үнэлгээ хийлгэхээр заасан. Үнэлгээний дагуу 23.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан. Миний үйлчлүүлэгч Г.Ариунболд автомашинаа алдсан, хохирч байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хууль ёсны дагуу авсан бол энэ хүний өмч болно. Харин хохирогч А.Ганболд шүүгдэгч Д.Анхтуяагаас мөнгөө гаргуулж ав гэсэн. Тэр хуулийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ял хөнгөдсөн гэж үзэж прокурор эсэргүүцэл бичсэн. Бусад талууд давж заалдах гомдол гаргаагүй. Өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүхээс “хэргийн зүйлчлэл буруу байна. Хохирлын хэмжээ зөрүүтэй байна” гэж буцаасан. Миний үйлчлүүлэгч Г.Ариунболд “Сайн” ломбарднаас автомашин авахдаа залилсан эсэх талаар огт мэдэлгүй худалдаж авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Анхтуяагийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Анхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хүсэлтийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, өмчлөгчийн эд зүйлийг шилжүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй. Удаан хугацаагаар цагдан хоригдсоны улмаас бусдад төлөх төлбөрөө төлөх боломжгүй болсон. Мөн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Энэ хугацаанд жирэмсэн болж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр амаржсан зэрэг нь нөлөөлсөн. Гэвч цаашдаа бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлдэг. Шүүхээс тогтоосон нийт 39.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэж илэрхийлж байгаа. Мөн Д.Анхтуяа ар гэрийн байдал ам бүл 5 нөхөр, 3 хүүхэдтэй. Эх хүний хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйд маш их санаа зовдог. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болж, шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сар гаруй хоригдож байх хугацаанд хөхний сүү ширгээгүй байдалтай байгаа. Мөн шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээс бол үр хүүхдэдээ, бусдад хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Тухайн үед хүүхдүүдийг нь харж байсан эх нь нас барсан. Энэ нь их хүнд цохилт болсон, нөхрөөсөө тусдаа амьдарч байсан нөхцөл байдлууд ийм гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдаг. Эх нь нас барсан баримт хавтас хэрэгт авагдсан. Тухайн үед шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдөр нийтдээ 1060 хоног цагдан хоригдсон. 2018 оны 6 дугаар сарын 25-аас хойш өнөөдрийг хүртэл 73 хоног цагдан хоригдож байна. Өөрийнхөө гэм буруугаа гэмшиж цаашдаа алдаа дутагдлаа засч чадах боломжтой гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Д.Анхтуяаг нийгмээс тусгаарлахгүйгээр засран хүмүүжүүлэх боломжийг олгож, ажил хөдөлмөр хийж, бусдад учруулсан гэм хорыг барагдуулах, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэх боломж олгож, цагдан хоригдсон хугацаанд нь тохируулан ял шийтгэлийг оногдуулж, ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Анхтуяагийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Д.Анхтуяагийн хувьд хорих ял эдэлсэн байдлыг тооцоход 3 жил 2 сарын ял эдэлсэнд тооцогдож, 2 сарын дараа суллагдахаар байгаа. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж, хохирлоо төлнө гэсэн байр суурьтай давж заалдах гомдол гаргаж байна. Түүнээс хохирол төлбөр төлөхөөс зайлсхийсэн, хугацаанаас өмнө суллагдах гэсэн зүйл байхгүй...” гэв.

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.  Иймээс шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуулаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Анхтуяа нь давтан үйлдлээр 2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170/б байрны 67 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа хохирогч Б.Нарангэрэлээс “Зарна” гэж 43.000.000 төгрөгийг,

2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Доржсүрэнгээс “Дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм, 2-3 хоногийн дараа өгнө” гэж 2.500.000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч А.Ганболдоос гаалийн бичигтэй “Ниссан Кашкай загварын автомашиныг “40 сая төгрөгөөр худалдан авна” гэж автомашиныг авсан атлаа мөнгийг нь өгөлгүйгээр “Сайн” ломбарданд барьцаалж 18.000.000 төгрөгийн,

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Нэргүйд “Хоёр өрөө орон сууц зарна” гэж 6.000.000 төгрөгийн,

2013 оны 12 дугаар сард “Би Гаалийн ерөнхий газарт ахлах нягтлангаар ажилладаг. Чамайг гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж хохирогч Т.Цэнджаваас 1.400.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Х.Балжиннямаас “Хүүтэй зээлнэ” гэж 1,000,000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч А.Ганболдын мэдүүлэг /1хх-86-91, 3хх-28/, хохирогч Б.Нарангэрэлийн мэдүүлэг /1хх-99-100, 2хх-115/, хохирогч Д.Нэргүйн мэдүүлэг /1хх-82-85, 101-104, 3хх-27, 172-174/, хохирогч Т.Цэнджавын мэдүүлэг /1хх-105-107, 3хх-26,178/, хохирогч Э.Доржсүрэнгийн мэдүүлэг /3хх-33,180/, хохирогч Х.Балжиннямын мэдүүлэг /1хх-111-113, 3хх-32/ иргэний нэхэмжлэгч Я.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1хх-92-94/, гэрч Н.Шаравын мэдүүлэг /1хх-119-120, 3хх-38/, гэрч П.Болдхуягийн мэдүүлэг /1хх-130-131/, гэрч Х.Лхамсүрэнгийн мэдүүлэг /1хх-223-232/, гэрч Д.Отгонжаргалын мэдүүлэг /1хх-140-141/, гэрч Б.Түгжийн мэдүүлэг /1хх-142-143/, гэрч Б.Баярцэцэгийн мэдүүлэг /1хх-144-145/, гэрч Т.Анхбаярын мэдүүлэг /1хх-147-149/ шүүгдэгч Д.Анхтуяагийн мэдүүлэг /хх-205/, Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /1хх-239/, Автомашины үнэлгээ /хх-152-153/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2хх-86-90/, байрны гэрчилгээний хуулбар /2хх-99/, Д.Анхтуяад авсан таслан шийдвэрлэх арга хэмжээний захирамжууд /хх-154-194/, Д.Анхтуяаг эрэн сурвалжилж байсан талаарх баримтууд /хх-243-250/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Анхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Мөн шүүх  хэрэгт битүүмжилж ирүүлсэн “Ниссан Кашкай” загварын 08-95 ӨВА улсын дугаартай автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон шударга эзэмшигч  Г.Ариунболдод  олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй  байна.

Давж заалдах гомдлын тухайд:

Д.Анхтуяа нь 6 удаагийн давтан үйлдлээр бусдад  93 900 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж  залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байна.

Гэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Анхтуяаг “5 сартай хөхүүл хүүхэдтэй, ар гэрийн” байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  “хоёроос найман жил хүртэл хугацаанд хорих ялын” хэмжээний дотор буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирчээ.

Иймээс шүүгдэгч Д.Анхтуяагийн гаргасан “ял хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Хохирогч А.Ганболдын өмгөөлөгч С.Чулуунаа “Машины хохирлын үнэлгээг зөв тогтоож шийдвэрлэх”-ийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

  2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн Авто тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 2095 УБЕ улсын дугаартай NISSAN QASHQAI / Ниссан Кашкай/ загварын автомашиныг 23.500.000 төгрөгөөр үнэлсэн /6хх-207/ үнэлгээгээр хохирогч А.Ганболдын хохирлыг тооцож шүүгдэгч Д.Анхтуяагаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

 Хэрэгт буй баримтаас үзэхэд хохирогч А.Ганболд нь  2013 оны 8 дугаар сарын 20-нд  2095 УБЕ улсын дугаартай NISSAN QASHQAI / Ниссан Кашкай/ загварын автомашиныг  40 000 000 төгрөгөөр худалдахаар Х.Лхамсүрэнтэй гэрээ байгуулжээ. /2хх-81-82/

Мөрдөгчийн үнэлгээг дахин гаргуулах талаар гаргасан тогтоолын дагуу “Ашид билгүүн” ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин үнэлгээ гаргасан бөгөөд  №117/28 дугаартай автомашин, техникийн үнэлгээгээр автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2013 оны 8 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 42.000.000 төгрөгийн үнэтэй, 2017 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 38.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэж дүгнэсэн байна. /7хх-168-171/

Эдгээр баримтуудаас харахад А.Ганболд нь 2013 онд  40.000.000 төгрөгийн үнэ бүхий машинаа Д.Анхтуяагийн залилан мэхлэх үйлдлийн улмаас бусдад шилжүүлж хохирсон  болох нь тогтоогдож байх тул “хохирлын үнэлгээг зөвтгөх” талаар гаргасан хохирогч А.Ганболдын өмгөөлөгч С.Чулуунаагийн гаргасан  давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймээс  шүүгдэгч Д.Анхтуяагаас үнэлгээгээр тогтоосон 40.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ганболдод олгуулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 928 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

“8” дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Анхтуяагаас нийт 39.400.000 төгрөг гаргуулж, үүнээсээ 5.000.000 төгрөг гаргуулж Б.Нарангэрэлд, 2.500.000 төгрөгийг гаргуулж Э.Доржсүрэнд, 6.000.000 төгрөгийг гаргуулж Д.Нэргүйд, 1.000.000 төгрөгийг гаргуулж Х.Балжиннямд, 1.400.000 төгрөгийг гаргуулж Т.Цэнджавт, 23.500.000 төгрөгийг гаргуулж А.Ганболдод тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Анхтуяагаас нийт 55.900.000 төгрөг гаргуулж, үүнээс 5.000.000 төгрөгийг Б.Нарангэрэлд, 2.500.000 төгрөгийг Э.Доржсүрэнд, 6.000.000 төгрөгийг Д.Нэргүйд, 1.000.000 төгрөгийг Х.Балжиннямд, 1.400.000 төгрөгийг Т.Цэнджавт, 40.000.000 төгрөгийг А.Ганболдод тус тус олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Ц.ОЧ  

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ