Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0052/З |
Дугаар | 221/МА2023/0619 |
Огноо | 2023-09-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2023/0619
Г.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн Ерөнхий Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0472 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0052/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь “Гаалийн Ерөнхий Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0472 дугаар шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5, 284.2, 284.3-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Н гаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд Гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.41-т “Гаалийн бүрдүүлэлт хийгдэж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно гэснийг зөрчсөн. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1-т сахилгын зөрчилд тооцогдох тул тухайн зөрчилд Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах тухай журам”-ийн 1.3.3-т зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
3.2. Гэтэл 0472 дугаартай шийдвэрт гаалийн бүрдүүлэлт гэж Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхлэх цогц үйл ажиллагааг гэж дүгнэсэн бөгөөд гаалийн мэдүүлгийг “В ” ХХК-ийн гаалийн талбайд хийгдэх тул бүрдүүлэлт А хилийн боомтод хийгдэхгүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Г.Г Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.41-т заасан гаалийн хяналтын бүс эзэмшигч гэж А хилийн боомтод байхгүй” гэж хариулсны дагуу тухайн боомтод хяналтын бүс эзэмшигч гэж байхгүй, гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй тул мөн журмын 5.41-т заасан ажиллагаа нэхэмжлэгч Г.Н хийхгүй.
3.3.Тиймээс улсын 0000 УБМ дугаартай тээврийн хэрэгсэл “В” ХХК-д гаалийн бүрдүүлэлт хийхээр шилжсэнд нэхэмжлэгч Г.Н хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 90 дугаартай тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгохыг хориглоно гэснийг зөрчөөгүй.
3.4. Учир нь Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд Гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.8-т Хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, хяналт, шалгалтын онцлогоос шалтгаалан гаалийн хяналтын технологи ажиллагааны зааврыг гаалийн газар, хороо энэ журамд нийцүүлэн баталж, гаалийн улсын байцаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлж болно гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн Газрын Даргын 2022 оны А/14 дугаартай тушаалаар "Гаалийн Хяналт Шалгалтын Технологи Ажиллагааны Заавар" батлан А хилийн боомтод мөрдүүлж, тус боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх харилцааг нарийвчлан зохицуулжээ. Гэтэл тус зааврын 4.2.4-т Гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж зөрчилгүй бол Кайс программд баталгаажуулалт хийж ХХ (хяналтын хуудас)-д хувийн тэмдэг дарж тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл олгоно" гэсний дагуу улсын 0000 УБМ дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гарах эрх хэмжээ нэхэмжлэгч Г.Н д бус гаалийн улсын байцаагч Н.П-д олгогдсон бөгөөд гаалийн улсын байцаагч Н.П нь тус тээврийн хэрэгслийн хяналтын хуудас болох нарийн хуудаст “В ” ХХК-г томилж, А хилийн боомтоос гаргасанд нэхэмжлэгч Г.Н буруугүй.
3.5. Учир нь гаалийн улсын байцаагч Н.П-н дээрх үйлдлийг хянан шалгаад гаалийн албанаас халах зөрчлийн шинж байдал тогтоогдохгүй байна гэж үзээд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байтал Г.Н г гаалийн албанаас халсан нь зөрчлийн шинж байдалд нийцээгүй тул Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1.4.2-т заасан сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх гэснийг зөрчиж байна. Улмаар тухайн тохиолдлын гомдол, мэдээллийг хүлээн авч Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/64 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журам”-ын 4.3-т зааснаар шалгах ёстой ч тухайн гомдол, мэдээлэл нь байхгүй, тодорхойгүй байгаа нь журмын 4.3-ыг зөрчсөнийг илэрхийлнэ. Улмаар гомдол, мэдээллийг шалгаад тус журмын 4.7-д заасны аль нэг шийдвэрийг гаргах ёстой ч тус шийдвэр байхгүй бөгөөд байцаагч Б.Б-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дүгнэлт нь тухайн журмын 4.7-д заасан шийдвэрийн аль нэгт хамаарахгүй байна.
3.6. Үүний улмаас Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журмын 4.7.1-т заасан сахилгын зөрчил үүсгэх шийдвэргүйгээр Г.Н г Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж “Гаалийн албанаас халах” шийтгэл ногдуулсан нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.5-д заасан эрх хэмжээг хэтрүүлэн зөрчжээ.
3.7. Учир нь сахилгын хорооноос тухайн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эсвэл ногдуулах үндэслэлгүй талаар шийдвэр гарах эрх хэмжээтэй байтал Гаалийн ерөнхий газрын сахилгын хороо нь нэхэмжлэгч Г.Н д “Гаалийн албанаас халах” шийтгэл ногдуулж түүнийх нь дагуу Гаалийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны Б/973 дугаартай тушаал гарсан бөгөөд ингэхдээ хөдөлмөрийн дотоод журмыг баримтлаагүй.
3.8. Тиймээс Б/973 дугаартай тушаал нь нэхэмжлэгч Г.Н д холбогдох гомдлын шалгах журам зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, өөрт олгогдоогүй эрх эдэлж шийдвэрлэсэн, түүнийг үндэслэж гарсан нь үндэслэлгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0472 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, гаалийн албанаас халах тухай” Б/973 дугаар тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтаар “Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Гэрэлийн Н г үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн хяналт шалгалтын хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс бусдад бараа тээврийн хэрэгсэлд ногдуулах татвараас зайлсхийж, уг бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжийг олгосон” гэж үзэж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халахаар шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгч Г.Н уг актыг эс зөвшөөрч “Гаалийн Ерөнхий Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
2.3. Анхан шатны шүүх “…Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын “гурав” дахь хэсэгт заасан авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах зохицуулалтад нийцээгүй байна. Дээрх гаалийн хяналтыг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх чиг үүрэг болох нь албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна” гэж дүгнэж, Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5, 284.2, 284.3-д заасныг тус тус баримтлан” Г.Н гаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
2.4. Маргаан бүхий актад заасан “…Гэрэлийн Н г үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн хяналт шалгалтын хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс бусдад бараа тээврийн хэрэгсэлд ногдуулах татвараас зайлсхийж, уг бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжийг олгосон” гэх зөрчлийг нэхэмжлэгч Г.Н гаргасан болох нь хэрэгт авагдсан сахилгын зөрчлийг шалгасан баримтууд болон Гаалийн ерөнхий газрын статистик, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 203 дугаар “... Сэлэнгэ аймгийн А хилийн боомтоор 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00-00 УБМ дугаартай тээврийн хэрэгсэл гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” гэх дотоод зурвас зэргээр нотлогдож байна.
2.5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “… анхан шатны шүүхийн шийдвэрт гаалийн бүрдүүлэлт гэж Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхлэх цогц үйл ажиллагааг гэж дүгнэсэн бөгөөд гаалийн мэдүүлгийг “В ” ХХК-ийн гаалийн талбайд хийгдэх тул бүрдүүлэлт А хилийн боомтод хийгдэхгүй. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Г.Г “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд Гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.41-т заасан гаалийн хяналтын бүс эзэмшигч гэж А хилийн боомтод байхгүй" гэсэн тул тухайн боомтод хяналтын бүс эзэмшигч байхгүй, гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй тул мөн журмын 5.41-т заасан ажиллагаа нэхэмжлэгч Г.Н хийхгүй. Иймд улсын 0000 УБМ дугаартай тээврийн хэрэгсэл “В ” ХХК-д гаалийн бүрдүүлэлт хийхээр шилжсэнд нэхэмжлэгч Г.Н хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 90 дугаартай тогтоолоор батлагдсан “Гаалийн Улсын Байцаагчийн Сахилгын Дүрэм”-ийн 4.1.7-д заасан гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгохыг хориглоно гэснийг зөрчөөгүй...” гэсэн үндэслэлийг дурджээ.
2.6. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заасан.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А боомт тодорхойгүй хугацаагаар өргөтгөл засварт орсонтой холбогдуулан түр хугацаагаар “В ” ХХК-ийн гаалийн хяналтын бүс дээр боомтын гаалийн хяналтын болон гаалийн зуучлалын үйлчилгээ явагдаж байсан нь тогтоогдож байх тул А боомтыг гаалийн хяналтын бүс эзэмшигч биш гэж шууд дүгнэх боломжгүй.
2.8. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Н гийн албан тушаалын тодорхойлолтод эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих, гаалийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахаар тусган өгсөн байхад “Мицүбиши кантер” маркийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр “В ” гаалийн хяналтын бүс рүү илгээхгүйгээр, барааг нэвтрүүлж, өөрийн үүрэгтээ хайнга хандсан нь Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-д “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална”, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг хавсралтаар баталсан, уг дүрмийн 4.1-д “Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 4.1.7-д “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ хайнга хандах, эсхүл дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж олгох” гэж, Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1-д “... Холбогдох хууль тогтоомж, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй ... албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн албан хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.
2.9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны А/14 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн хяналт шалгалтын технологи ажиллагааны заавар”-ын 4.2.4-т Гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж зөрчилгүй бол кайс программд баталгаажуулалт хийж хяналтын хуудаст хувийн тэмдэг дарж тээврийн хэрэгсэлд гаалийн хяналтын бүсээс гарах зөвшөөрөл олгоно” гэсний дагуу улсын 0000 УБМ дугаартай тээврийн хэрэгсэлийг гаалийн хяналтын бүсээс гарах эрх хэмжээ нэхэмжлэгч Г.Н д бус гаалийн улсын байцаагч Н.П-д олгогдсон бөгөөд гаалийн улсын байцаагч Н.П нь тус тээврийн хэрэгслийн хяналтын хуудас болох нарийн хуудаст “В ” ХХК-г томилж, А хилийн боомтоос гаргасанд нэхэмжлэгч Г.Н буруугүй” гэсэн нь үндэслэлгүй байна.
2.10. Учир нь “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам”-ын 5.41-д “Гаалийн бүрдүүлэлт хийгдэж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно” гэж зааснаар гаалийн улсын ахлах байцаагч зөвшөөрөл өгч гаргахаар байх тул түүнийг гаалийн хяналтын бүсээс гаргах эрх хэмжээ байхгүй гэж үзэхээргүй байна.
2.11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 0472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ