Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1604

 

Б.Оюундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Оюундарийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх  тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                 Ш.Алтангадас

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Б.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ш.Алтангадасын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оюундарь миний бие нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Техник технологийн газрын Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллах болсон. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Архив, бичиг хэргийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Б.Оюундарь нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаагүй болно. ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/56 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Миний бие жирэмсний амралтаа дуусгаад 2015 оны 5 сард ажилд орсон бөгөөд энэ үед үйлдвэрлэлийн баазын нийтийн байрыг ямар хүмүүс түрээслэж байсныг мэдээгүй. Баазын дарга н.Отгонбаяр нь түрээслэгч А.Энхжавхлангаас түрээсийн мөнгө байнга шаардаж байгаад авахыг үүрэг болгосон, түүнээс түрээсийн мөнгө бэлнээр авсан гэдгийг хэлэхэд төвөөс цэвэрлэгээний материалын мөнгө шийдэгдэхгүй бол хэрэглэх тул өөр дээрээ түр байлгаж бай гэсэн. А.Энхжавхлан гэрчээр асуугдахдаа түрээсийн 10 сарын төлбөрийг бүрэн төлсөн, гэрээгээ дүгнэсэн, тооцоогүй, мөнгө хүлээн аваад баримт өгдөггүй байсныг мэдүүлсэн. А.Энхжавхлангийн түрээсийн төлбөрт төлсөн 400.000 төгрөгийг хувьдаа ашиглаж, байгууллагад хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй, хохирол учирсантай холбоотой баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй. Төрийн банкны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулгаар 2016 оны 1, 2 сарын түрээсийг н.Дэлгэрдалай нэрээр тушаасан болох нь тогтоогдоно. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Оюундарийг архивт хадгалагдаж байсан түрээслэгч нартай байгуулсан гэрээг устгаж, үгүй хийсэн гэж байгаа ч үүнийгээ нотлохгүй байна. Мөн түрээсийн 350.000 төгрөгөөр бараа, материал худалдан авсантай холбоотой баримтыг хариуцагчаас ирүүлсэн бөгөөд уг мөнгийг Баазын даргын тушаалаар зарцуулсантай хариуцагч тал маргахгүй байна. Тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэх боловч хурлаас ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байх бөгөөд зөвхөн хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байна. Дээрх байдлуудаар Б.Оюундарийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэж байна. Ажил олгогчтой архив бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 1 сарын цалин 700.000 төгрөг байсан. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны №Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Оюундарийг урьд эрхэлж байсан архив бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 4.298.466 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оюундарийг Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Архив, бичиг хэргийн мэргэжилтний үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.1.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт /Бичиг хэргийн ажилтан бэлэн мөнгөтэй холбогдсон, мөнгө гэрээтэй харилцсан.../ гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай байгууллагын хамтын шийдвэр гаргасан. Баазын дарга 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр солигдсон бөгөөд түрээслэгч А.Энхжавхлангаас түрээсийн төлбөр 200.000 төгрөг, 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг Б.Оюундарь хүлээн авсан мөртлөө баримт өгөөгүй гэх өргөдөл ирсэн. Гэтэл Б.Оюундарь баримт өгөхгүйгээр түрээсийн мөнгийг өөртөө бэлэн авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ асуудал байгууллагын нууц учраас түрээслэгч нарт тооцоогүй гэж дарга хэлсэн юм. Энэ нь А.Энхжавхлангийн тайлбар, түүний мэдүүлгээр нотлогдсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 тоот тушаалын дагуу Үйлдвэрлэл техникийн борлуулалтын албаны үйл ажиллагаа, эд хөрөнгө, хадгалан борлуулж байгаа техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, холбогдох гэрээ бүртгэл тооцоо, орлого зарлагад хяналт шалгалт хийхээр болсон. Уг хяналт шалгалтын комиссын актаар Б.Оюундарь нь түрээслэгч нараас түрээсийн мөнгийг бэлнээр авч хувьдаа ашигласан байж болзошгүй ноцтой зөрчил гаргасныг тогтоосон. Энэ актыг үндэслээд Б.Оюундарь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө тайлбар бичиж өгснийг шүүхэд өгсөн. Төрийн банкны дансны хуулгаас үзэхэд 2016 оны 1, 2 сарын түрээс н.Дэлгэрдалай нэрээр төлсөн байдаг, уг баримтад бичсэн 99396760 тоот утас нь няраваар ажиллаж байсан Д.Энхмаагийнх бөгөөд эзэмшигч нь түүний дүү Д.Энхтөгсийн нэр дээр бүртгэлтэй юм байна. Түрээсийн мөнгийг нярав Д.Энхмаа тушаасан байдаг. Гэтэл Б.Оюундарь түрээслэгч А.Энхжавхлангийн түрээсийн мөнгийг бэлнээр авсан мөртлөө нярав Д.Энхмаагийн түрээслэгч н.Дэлгэрдалайгийн түрээсийн мөнгө төлсөн баримтыг өөрөө тушаасан мэтээр гаргаж ирсэн нь түүний түрээсийн мөнгийг хувьдаа ашигласан гэх үйлдэл нь тогтоогдсон. Мөн архивын бичиг баримт, түүний хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй мөртлөө өөрийн хариуцлагагүй үйлдлээ нуухын тулд түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг устгаж үгүй хийсэн. Үүнийг ноцтой буюу ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн. Түрээсийн гэрээ байхгүй байгааг бичиг баримт устгасан гэж үзэхээс өөр аргагүй. Гэхдээ Б.Оюундариас түрээсийн гэрээг устгасан талаар тайлбар аваагүй. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-ын 4 дэх хэсэгт: Шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол гэж заасан бөгөөд энэхүү ноцтой зөрчлийг Б.Оюундарь гаргасан болох нь баримтаар тогтоогдсон учраас түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Оюундарийн сарын үндсэн цалин 700.000 төгрөг бөгөөд хоол, унааны зардал хоногт 7.000 төгрөг, сард 140.000 төгрөг нэмэгддэг. Гэтэл тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг нэмэгдэлтэй нь хамт оруулан тооцож байгааг зөвшөөрөхгүй. Иймд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй тул Б.Оюундарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Б.Оюундарийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны “Архив, бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтан” ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.298.466 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюундарьд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оюундарийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шийтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгах захирал болон нягтлан болдогчид даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Үнэнбат давж заалдах гомдолдоо: ...Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/27 тушаалаар батлагдсан ажлын хэсэг түрээслэгч А.Энхжавхлангийн өгсөн тайлбарыг судлан шалгахад Б.Оюундарь нь түрээсийн төлбөр болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан гэж зөвшөөрдөг бөгөөд харин авсан түрээсийн төлбөрийг Дэлгэрдалай гэх нэрээр тушаасан гэж байгууллагын дансны хуулга ирүүлсэн байдаг. Гэтэл н.Дэлгэрдалай нь үйлдвэрлэл техник борлуулалтын албаны өөр 1 өрөөг түрээслэгч бөгөөд 400.000 төгрөгийг албаны нярав Д.Энхмаа нь тушаасан байгаа нь Төрийн банкнаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн "Депозит дансны харилцагчийн монгол хуулга" тус банкны тодорхойолт, мөн манай байгууллагын дансны хуулга зэргээр нотлогдож байна. Мөн тус н.Дэлгэрдалай гэх нэрээр тушаасан төлбөрийг байгууллагын нярав Д.Энхмаа нь "түрээсийн төлбөр н.Дэлгэрдайлайгаас" гэж өөрийн гараар бичиж тушаасан гарын үсэг, утасны дугаартай баримт ирүүлсэн байдаг.

            Архив бичиг хэргийн ажилтан нь тухайн албаны түрээслэгч нартай байгуулсан гэрээг хадгалж, хамгаалж, архивын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүргээ санаатайгаар зөрчиж түрээсийн төлбөрийг хувьдаа завшсан үйлдлээ нуун дарагдуулахын тулд А.Энхжавхлан,н.Дэлгэрдалай зэрэг иргэдтэй байгуулсан түрээсийн гэрээг устгаж, алга хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь байгууллагын эд хөрөнгийг дутаасан нь баримтаар нотлогдож байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь хэсэгт заалтын үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар шийдвэр гарсан байдаг. Б.Оюундарийн буруутай ноцтой зөрчлийн талаархи баримт, үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь гэрчийн мэдүүлэг, дотоод хяналт шалгалтын актаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь хариуцагч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Б.Оюундарь баримт өгөхгүйгээр түрээсийн мөнгийг өөртөө бэлэн авсан, архивын бичиг баримтыг устгасан болох нь тогтоогдсон” гэж тайлбарласан  байна. 

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь нь үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны архив бичиг хэргийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.   / хх6/

 

Ажил олгогч нь  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримталжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дотоод хяналт шалгалтын комиссын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр Б.Оюундарийг ...баазын өрөө түрээслэгч нараас мөнгийг бэлнээр хувьдаа авч ашигласан байж болзошгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. /хх 39/

 

            Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан тайлбар, бичгийн баримтыг эс зөвшөөрөн н.Энхжавхлангийн өгсөн түрээсийн мөнгө 2 удаа 200.000 төгрөгөөр өгснийг Төрийн банкны дансанд н.Дэлгэрдалай нэрээр тушаасан гэсэн тайлбарыг гаргасан, хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 400.000 төгрөг тушаасан гэсэн харилцах дансны хуулга, орлогын мэдүүлгийн ордер авагдсан байна. /хх123 -126/

 

            Мөн түрээсийн төлбөрт авсан 350.000 төгрөгийг цэвэрлэгээ болон сантехникийн материал худалдан авсан талаар зохигчид маргаагүй байх ба бараа материал худалдан авсан тухай зарлагын баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь заалтад ажил олгогчийн санаачилгаар ажилтан ...шунахай сэдэлтээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. /хх 9/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

 

            Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Оюундарийг 400.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэм буруутай болохыг эрх бүхий байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

           

Мөн хариуцагч “архивын бичиг баримт, түүний хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй мөртлөө өөрийн хариуцлагагүй үйлдлээ нуухын тулд түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг устгаж үгүй хийсэн” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Оюундарийг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Хэргийн 70-76 дугаар талд захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд Б.Оюундарь нарыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан тухай тэмдэглэсэн байгаа боловч зөвлөлийн хурлын шийдвэрээ шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Ажилтныг ажилд авсан болон халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Б.Оюундарийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны “Архив, бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтан” ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн гэж дүгнэв.

 

            Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “... ажлаас буруу халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 4.298.466 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.    

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо  “...нэхэмжлэгч Б.Оюундарь түрээслэгчээс авсан 400.000 төгрөгийг тушаасан баримт байхгүй” гэсэн үндэслэл заажээ. 

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь түрээсийн төлбөрөө н.Дэлгэрдалайгийн нэрээр тушаасан гэсэн тайлбар гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 400.000 төгрөг тушаасан харилцах дансны хуулга, орлогын мэдүүлгийн ордерийг гаргасан байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                            

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгч В.Үнэнбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.726 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ      

                 ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ    

                                                                  Ц.ИЧИНХОРЛОО