Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00600

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХКомпаний нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны 1-2-3 тоотод оршин суух Шарнууд овогт Баттөрийн Бөхболд /РХ94093016/ -д холбогдох NP10 төхөөрөмж зээлээр худалдан авсны төлөгдөөгүй үлдсэн 180.000 төгрөгний үлдэгдэл, 699 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр  сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бөхболд нь манай компанитай 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1188151 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урдьчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Бөхболд нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд Б.Бөхболдоос “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 699 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90.000 төгрөг буюу нийт 270.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бөхболд нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Жи-Мобайл ХХКомпаний 5007456131 тоот дансанд  “98474037, Б.Бөхболд”-оос гэх утга бүхий 270.000 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлтуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Бөхболдод холбогдуулан 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Б.Бөхболд нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгийг төлж манай компанийг хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпани нь хариуцагч Б.Бөхболдод холбогдуулан төхөөрөмж зээлээр авсны төлбөр болон 699 хоног гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги нийт 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бөхболд нь  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпаний 5007456131 тоот  дансанд 270.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 270.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 8.750 төгрөгийн тал хувийг  гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпаний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бөхболдод холбогдох 270.000 / хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Бөхболд нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 270.000 / хоёр зуун далан мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8750 төгрөгийн тал хувь  4375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  4375 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпанид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА