Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/992

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.______,  

улсын яллагч А.Ганзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-,

шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Л-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ төрсөн, ____тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,_____ овогт ___ /РД:______/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Л- нь _____ тоотод үйл ажиллагаа явуулдаг “______” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сараас мөн оны 3 дугаар сарын хооронд аж ахуйн нэгжүүдээс зээлээр авсан борлуулалтын барааны үнийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ______ суманд үйл ажиллагаа явуулдаг “______” нэртэй дэлгүүрээс 1.302.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1.350.000 төгрөгийг ______ хүнсний дэлгүүр доторх АТМ-ээс тус тус авч хувьдаа завшин нийт 3.652.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 2021 оны 2 дугаар сараас дэлгүүрийн тооцоог өөрийн дансаар авч, эмчилгээндээ зарцуулсан. Гэм буруугаа ойлгож байна. Өршөөлд хамруулж өгнө үү. Хохиролд 800,000 төгрөг төлсөн байгаа. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Г.Л- нь орон нутагт хийсэн борлуулалтын орлогыг завшсан байсан. Тооцоо хийх гэтэл Г.Л- олдоогүй тул цагдаад хандсан. Хохирлоо төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Хохирлоо авсан” гэв.

Эрүүгийн ____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-ын: “Г.Л- нь “______” ХХК-д борлуулагчийн менежерээр ажилладаг байсан бөгөөд орон нутгийн дэлгүүрүүдэд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулагч нарыг хариуцах, тооцоо нийлэх, өр барагдуулах, захиалга хүлээн авах зэрэг ажлыг хийдэг. Г.Л- нь ______дансанд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ______ дугаарын данснаас 1,302,000 төгрөг “______” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо шилжигдсэн мөнгө, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ______ дугаарын данснаас 1,000,000 төгрөг “Ханбогд” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ______гэсэн данснаас 1,350,000 төгрөг Завхан аймгийн Бэрх дэлгүүрээс авч өөртөө завшсаныг надад хэлсэн. ...Г.Л- нь 500.000 төгрөг төлсөн байгаа үлдсэн мөнгийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан байгаа. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-16),

Мөрдөгчийн 2021.08.10-ны өдрийн “...6. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдал, асуултад өгсөн хариулт: ______дансанд 2021.02.02-ны өдөр ______ данснаас 1,302,000 төгрөг “______” гэсэн утгатай “______” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо шилжигдсэн байна. Мөн уг дансанд 2021.02.26-ны өдөр ______ данснаас 1,000,000 төгрөг “Архангай Алтансүх” гэсэн утгатай “Ханбогд” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо шилжигдсэн байна. 2021.03.21-ний өдөр ______данснаас 1,350,000 төгрөг “Буян дааж амьдраарай” гэсэн утгатай Завхан аймгийн “______ хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо хийгдсэн байна. Уг гурван гүйлгээгээр Г.Л-ийн ______дансанд “***” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний 3,652,000 төгрөг орсон байна...” гэх магадлагаа (хх-46),

Гэрч ______ын: “Би “______” ХХК-аас 2020 оноос хойш бараа авч ______ суманд үйл ажиллагаа явуулдаг “______” хүнсний дэлгүүртээ худалдан борлуулдаг. Би “______” ХХК-д өр тооцоо байхгүй. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сард авсан барааныхаа мөнгийг борлуулагч Г.Л-ийн өөрийнх нь данс руу хийж дуусгасан. Тухайн үед 1,000,000 орчим төгрөг хийгээд тус компанитай тооцоогүй болсон...” гэх мэдүүлэг (хх-74),

Гэрч Б.О-ы: ““______” ХХК-аас 2021 оны 4 дүгээр сараас өмнө хугацаанд бараа бүтээгдэхүүн авдаг байсан. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй. 2021 оны 02 дугаар сард яг хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн авснаа санахгүй байна. Хувь хүний данс байсан яг нэрийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-67-68),

Гэрч Б.З-ийн: “Би “Бэрх” хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд “______” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зарж борлуулж байсан. Би “______” ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Би бараагаа борлуулж дуусчхаад тооцоогоо борлуулагч Г.Л-той хийдэг байсан. 2021 оны 02 дугаар сард санагдаж байна Г.Л- борлуулагчтай яриад, өөрийнх нь дансаар 1,000,000 гаран төгрөгийн барааны тооцоог хийж өр төлбөргүй болсон. Би яг хэдэнд, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-71-72),

Шүүгдэгч Г.Л-ийн яллагдагчаар өгсөн: “Би “****” ХХК-д 2011 оны 5 дугаар сараас эхэлж ажилласан. 2021 оны 02 дугаар сард орон нутгаар би бараа түгээсэн юм. ...Дээрх гурван дэлгүүр барааны мөнгөө над руу яриад хийх гэхээр нь өөрийнхөө дансаар авсан. “Бэрх” дэлгүүрээс 1,350,000 төгрөг, “______” дэлгүүрээс 1,000,000 төгрөг, “*****” дэлгүүрээс 1,302,000 төгрөг авсан. Мөнгөө компанийн данс руу шилжүүлэх ёстой. Тухайн үед уг мөнгийг хагалгаандаа зарцуулчихсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Компанитай харилцан тохиролцож төлбөрийг 2021 оны 9 дүгээр сард төлөхөөр болсон байгаа...” гэх мэдүүлэг (хх-28),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-90), банкны дансны хуулга (хх-50-63), “____” ХХК-ийн 2021.08.04-ний өдрийн “Г.Л- нь тус компанид борлуулалтын менежерийн албан тушаалд ажилладаг нь үнэн бөгөөд нэг сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг” гэх тодорхойлолт (хх-100) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Л- нь _____ тоотод үйл ажиллагаа явуулдаг “______” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сараас мөн оны 3 дугаар сарын хооронд аж ахуйн нэгжүүдээс зээлээр авсан борлуулалтын барааны үнийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ______ суманд үйл ажиллагаа явуулдаг “______” нэртэй дэлгүүрээс 1.302.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1.350.000 төгрөгийг ______ хүнсний дэлгүүр доторх АТМ-ээс тус тус авч хувьдаа завшин нийт 3.652.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын 2,852,000 төгрөгийн төлбөртэй” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Шүүгдэгч хохирол төлж барагдуулах талаар гэрээ байгуулсан” гэж,

шүүгдэгч “Өр төлбөрийн талаар компанитай гэрээ байгуулсан байгаа. Гэрээний хугацаандаа төлж барагдуулна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Л- нь “______” ХХК-ийн орон нутгийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа аж ахуйн нэгжүүдийн зээлээр авсан барааны үнийг буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогццэций суманд үйл ажиллагаа явуулдаг “______” нэртэй дэлгүүрээс 1,302,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ______ нэртэй дэлгүүрээс 1,350,000 төгрөгийг ______ хүнсний дэлгүүр доторх АТМ-аас тус тус авч хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-ын “Г.Л- нь 2021 оны 02 дугаар сараас 03 дугаар сард ______дансанд “______” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо болох 1,302,000 төгрөг, “Ханбогд” хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо болох 1,000,000 төгрөг, “Бэрх” дэлгүүрийн бүтээгдэхүүний тооцоо болох 1,350,000 төгрөгийг авч завшсаныг өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-16), гэрч Б.О-ы “...2021 оны 02 дугаар сард яг хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн авснаа санахгүй байна. Хувь хүний данс байсан яг нэрийг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-67-68), гэрч Б.З-ийн “2021 оны 02 дугаар сард санагдаж байна Г.Л- борлуулагчтай яриад өөрийнх нь дансаар 1,000,000 гаран төгрөгийн барааны тооцоог хийж өр төлбөргүй болсон...” гэх мэдүүлэг (хх-71-72), гэрч ______ын “...сүүлд 2021 оны 3 дугаар сард авсан барааныхаа мөнгийг борлуулагч Г.Л-ийн өөрийнх нь данс руу хийж дуусгасан...” гэх мэдүүлэг (хх-74), шүүгдэгч Г.Л-ийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн дансаар уг гурван дэлгүүрээс барааны мөнгийг авсан. ...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-28) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо

Иймд шүүгдэгч Г.Л-ийн хохирогч “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан компанийн бараа бүтээгдэхүүнийг бусдад зарж борлуулан үнийг нь хохирогч хуулийн этгээдэд шилжүүлэхгүй завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Өнхрүүш бэйкери” ХХК-д 3,652,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирлын 3,652,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь банкны дансны хуулга болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч тодорхой ажил эрхэлдэг ч нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь ажилгүй болгочих тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахыг санал болгож байна...” гэж,

шүүгдэгч “Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, ажил олгогчоос өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарж, борлуулсан орлогыг хохирогчид шилжүүлэлгүй хувьдаа ашигласан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч хуулийн этгээдэд нийт 3,652,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн болон эрүүл мэндийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч “Парис бэйкери” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, тодорхой орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Л-ийг 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ____ овогт ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийг торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР