Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох 2140000260060 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  пүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Б.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Үнэгтийн гэзэг” гэх газраас иргэн Ж.А-ийн 12 тооны хонь буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн 80-28 ГСА улсын дугаартай “Toyota Grand Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.А-д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Үнэгтийн гэзэг” гэх газраас иргэн Ж.А-ийн 12 тооны хонь буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн 80-28 ГСА улсын дугаартай “Toyota Grand Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.А-д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.А-ийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин, хүргэн нарын хамт 18 цагийн үед гэрийнхээ баруун талд байх хонины хашаанд хашчихаад гэртээ орж телевизор үзэж байгаад 01 цагийн үед унтацгаасан. Гадаа хүчтэй салхитай байсан. Өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 8 цагийн үед хүргэн Э хонио гаргах гээд хонины хашаан дээр очтол тусгаарлаж хонь хашдаг хашаан дотор 10 орчим хонины гэдсийг гаргаад хаячихсан байна гэж хэлсэн. Намайг хониныхоо хашаанд очиж үзэхэд 10 гаран хонины гэдсийг нь гаргаад арьс, шир махыг нь аваад явчихсан байсан. Өчигдөр шөнө их хүчтэй салхитай байсан болохоор ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Алдагдсан хонинууд маань буруу чих тайрмал, зөв чих урдаасаа хөндсөн имтэй зүсийг нь бол яг тэр гэж зүсэлж мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрийн хойд талаар Бор-Өндөр сумаас Иххэт сум ортол зам байдаг болохоор байнга тээврийн хэрэгсэл явж байдаг. Ойрын хугацаанд манай гэрээр орж гарсан хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/

- Хохирогч Ж.А-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би өмнө нь ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би М-ийг танина. Манай гэрээр орж гардаг байсан. Гэхдээ манай гэрт хонож байгаагүй. Манай гэрийн ойролцоо байгалийн өнгөт чулуу түүхээр ирсэн. Надад учирсан хохирлыг нөхөн төлсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/

- Гэрч А.А-ийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн орчмын үед малаа хашаад гэртээ орцгоосон. Тэрнээс хойш гарч малаа хараагүй. Өчигдөр шөнийн 00 цаг өнгөрөөгөөд бид нар унтацгаасан. Шөнө ямар нэгэн чимээ огт сонсоогүй. Би өглөө 8 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Тэгэхэд миний нөхөр Э хотонд мал ажиллаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад явсан байна гэж хэлсэн. Тэгээд гараад харахад жижиг хашаа руу 10 орчим малын гэдэс гаргаад шидсэн байсан. Зарим нь хээлтэй харагдсан. Мөн хэд байсныг нь тоолоогүй. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Тэгээд би дүү болох Э руу ааваар залгуулж тэд нар Бор-Өндөрөөс ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

- Гэрч М.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урьд шөнө А гэх хадам аав, эхнэр болох А, хүүхэд болох 10 настай М бид дөрөв байсан. Оройны 18 цаг орчимд хонио хашаад гэртээ ороод телевизор үзээд кино үзээд ойролцоогоор шөнийн 00 цаг орчимд унтацгаасан. Ямар нэгэн чимээ гараагүй, нохой ч хуцах чимээ гараагүй. Уг нь нохой дугарвал би гарч хардаг юм. 18 цагийн орчимд хонио хашаад тэрнээс хойш би огт гарч хараагүй. Өглөө босоод 8 цагийн орчимд хот руу ороод хонь тэмдэглэх гэж байсан юм. Гэтэл хорооны урд хэсгийн тусгаарласан хашаанд малын гэдэснүүд гаргаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дугаар хуудас/

- Гэрч Г.Т-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэх залуу надад 2021 оны 02 дугаар сарын 27-ны 11 цагийн орчим хар хөх өнгөтэй гранд марк2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд, бой хийдэг хүмүүс чинь байвал өгөөч ахаа гэж ирэхээр нь, ажил явагдахгүй байна, гэхдээ манай эгчийн хүүхэд энд байна наад хүнтэйгээ уулзчих гэсэн чинь, М танайд авчраад арьсыг нь хуулъя гээд яваад өгсөн. Тэгээд удалгүй 12 тооны хонь гэдсийг нь гаргаад хаячихсан авчраад, манай эгчийн хүүхдээр нэгийг нь 5,000 төгрөгөөр бодож арьстай нь авчирсан хониныхоо арьсыг хуулаад гулууз болгоод надад зарсан. Би гулууз махыг нь базаад 5, 7 гэж жин дээр тавьж авсан. Тэгээд 5-г нь жин дээр тавьж үзээд 79 кг болохоор нэг килограммыг нь 6,000 төгрөгөөр бодож 474,000 төгрөг болсон. 7-г нь мөн жин дээр тавихад 149 кг болохоор нэг кг нь 6,500 төгрөгөөр бодоход 962,000 төгрөг болоод нийт 1,436,000 төгрөг болгоод хаан банкны дансанд хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

-Гэрч Ч.Ч-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрийн үед М чулуунд явна гээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын наад талд байх нэрийг нь мэдэхгүй байна нэг газар руу явна гээд 80-28 ГСА улсын дугаартай “Гранд марк2” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэх болоод нөхөр М-той утсаар ярьж хэлтэл за тэгвэл маргааш яваад очъё гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 28 минутад М над руу залгаад чулуугаа зарчихлаа мөнгийг нь чиний данс руу хийчихлээ гэж хэлсэн. Удалгүй миний 5032...... дугаарын Хаан банкны дансанд 1,430,000 төгрөгийн орлого М-оос гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. Би тухайн үед чулуугаа зарсан мөнгө нь байх л гэж бодсон. Орой 18 цагийн үед М хоол авчирч өгөнгөө эмнэлэг дээр ирж уулзсан. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед эмнэлэгт байж байтал хадам ээж А залгаад М дээр байна мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байна, чи очоод уулзчих гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний дансанд 1,430,000 төгрөгийг М бид урьд өмнө нь байрны ордероо 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан. Тэрийгээ уг мөнгөөр буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07, 14-17 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн    9-13 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21, 26-30 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” хулгайлагдсан гэх 12 тооны хонийг 1,760,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний хэрэгт битүүмжлэгдсэн 80-28 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,635,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

-Хаан банк, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 79-87 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.М-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би өмнө нь буюу 2018, 2019 оны үед Хэнтий аймгийн Дархан сумын нутгаар явж байгалийн өнгөт чулуу түүж зарж борлуулж мөнгө болгодог байсан. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байх байгалийн өнгөт чулуу түүдэг газраар чулуу түүх гээд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүмбэр суманд байх гэрээсээ ганцаараа өөрийнхөө эзэмшлийн 80-28 ГСА улсын дугаартай гранд марк-2 маркийн автомашинтай явсан. Би байгалийн өнгөт чулуу түүх газраа ирээд чулуу хайж машиндаа 2, 3 хоног болсон. Чулуу хайгаад олдохгүй байсан, мөнгөний хэрэгцээ байсан учраас мал хулгайлахаар шийдсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед чулуу түүх гэж ирсэн газраас урагшаа 10 гаран км зайд байх А гэх айлын хойд талд замаас гарч, гэрээс нь нилээн зайтай зогссон. Тэгээд машинаасаа буугаад ганцаараа явган алхаж А гуайн малын хашаа руу очоод, хашаанд ороод хонинуудаас нь нэг нэгээр нь барьж аваад амийг нь таслаад, гэдсийг нь гаргаад малын хашааны хажуу талд байсан гэдсийг гаргаж хаяад хонинуудаа арьсыг нь хуулалгүй машин руугаа нэг нэгээр нь зөөсөн. Ийм байдлаар би нийт 12 тооны хонь хулгайлсан. Би хулгайлж нядалсан 12 тооны хониныхоо 5-ыг нь машиныхаа багаж /тээш/-нд хийгээд, 7-г нь машин дотор ар талын суудал дээр тавьсан. Би хонь хулгайлаад, амийг нь таслаад зөөхөд ганцаараа байсан болохоор 4 цаг гаран болсон. Би тэндээс хөдлөөд Дархан сумын урд талаар явдаг замаар явсаар байгаад Говьсүмбэр аймгийн төвд ирсэн. Говьсүмбэр аймаг руу явж байх замдаа зогсолгүйгээр хонь ажилласан хутгаа гаргаж хаясан. Би хаана хаясанаа мэдэхгүй. Говьсүмбэр аймагт очоод 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Төгсдорж гэдэг хүний мал нядалгааны цэгт оруулж, хулгайлсан хониныхоо арьсыг хуулж аваад, хонины махыг Төгсдорж гэдэг ченжэд зарсан. Хонины махаа зарж борлуулахад нийт 1,436,000 төгрөг болсон. Тэгээд хонины арьснуудаа, толгойгоо машины багажиндаа хийгээд гэртээ харьсан. Хашаандаа очоод 1 хонины толгой, 6 арьсыг нь хогийн поошгиндоо хаяад үлдсэнийг машины багажиндаа байлгаж байсан. Би хулгай хийж олсон мөнгөөрөө 1,500,000 төгрөгний барьцаанд тавьсан байсан байрны ордероо мөнгө нэмээд эргүүлж авсан юм. Ийм асуудал болсон” гэх мэдүүлэг  /хх-ийн 153-154 дүгээр хуудас/

- Шүүгдэгч Б.М-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ж.А-д 12 хонины хохирлын 1,760,000 төгрөгийг төлсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал,  амар хялбар аргаар мөнгө олох хүсэл зориг нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь өөрийн холбогдсон үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлэв.

Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Үнэгтийн гэзэг” гэх газраас иргэн Ж.А-ийн 12 тооны хонь буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн 80-28 ГСА улсын дугаартай “Toyota Grand Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.А-д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас:

Хохирогч Ж.А-д 12 тооны бог мал /хонь/ буюу 1,760,000 төгрөгний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Хохирогч Ж.А-д 12 хонийг Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,760,000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 64-66 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.А-д 12 хонины үнэлгээ бүхий 1,760,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч нь хохирогч Ж.А-д учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.М-д хоёр жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч Б.М-ийг өөрийн оршин суух газраас гадагш явахыг хориглох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох саналтай байна” гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан үзлээ.

           Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч  Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд өөрийн оршин суух газраас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих ба оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “...Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Б.М-д хүлээлгэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-д анхааруулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото Гранд Марк-2 /Toyota Grand MarkII/ маркийн 80-28 ГСА улсын дугаартай авто машин нь шүүгдэгч Б.М-ийн өмчлөлд байсан болох нь №03030063 авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото Гранд Марк-2 /Toyota Grand MarkII/ маркийн 80-28 ГСА улсын дугаартай авто машин битүүмжлэгдсэн байх тул хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШД92 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,635,172.31 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёото Гранд Марк2 /Toyota Grand MarkII/ маркийн, арлын GX1106087518 дугаартай, хөх өнгийн, 80-28 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.М-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч Б.М-ийг өөрийн оршин суух газар болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Б.М-д хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.

9. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,635,172.31 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёото Гранд Марк-2 /Toyota Grand MarkII/ маркийн, арлын GX1106087518 дугаартай, хөх өнгийн, 80-28 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ