Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/738

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

         шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

         улсын яллагч М.Анхбаяр

         шүүгдэгч *******түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105014251231 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эхийн хамт Хан-Уул дүүрэг  дугаар хороо, Сонсголонгийн  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******.

       

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          *******2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна М.Э-цонхон доор шуугилдлаа гэх шалтгааны улмаас биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний хараа 0.2 зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, хацрын дээд хэсэгт шарх, духны зүүн хажуу хэсэгт цус хуралт, хамар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлбөрт баримтаар 1.259.965 төгрөг төлсөн, нийт 6.768.000 төгрөг төлсөн.” гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч М.Э- мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнө 01 өнгөрч байхад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны урд өөрийн найзууд болох Б, Т-нартай уулзаад тухайн байрны хамгийн хойд талын орцон дээр сууж байгаад бид гурав юм яриад сууж байсан. Тэгтэл тухайн байрны 1 дүгээр давхрын цонхноос 2 залуу ээлжлэн уурлангуйгаар цонхоороо...яв...гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид гурав уучлалт гуйгаад явна гэдгээ хэлсэн. Тэгээд 5 минут орчим бид тэндээ суунгаа дахин юм ярьж байтал дахиад цонхон дээрээ нэг залуу гарч ирээд...зайл яв...гээд уурлангуйгаар харааж эхэлсэн. Тэгсэн чинь манай найз Т-ямар сүртэй юм бэ, ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн залуучууд наанаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд бид гараад ирэх вий дээ гээд явах гэж байтал цонхоор нэг эмэгтэй та нар одоо юу гээд байгаа юм бэ явцгаагаач гэхээр нь би уучлаарай одоо явлаа гэж хэлсэн. Тэгээд явах гэж байтал тухайн орцноос 4 залуу гараад ирсэн. Тухайн залуус бүгд дээгүүрээ нүцгэн, царай зүсийн хувьд хоорондоо их төстэй байсан. Тэгээд гарч ирээд нэг өндөр залуухан царайтай нэг хөгшин дээгүүрээ нүцгэн, сааралдуу шорттой залуу нь Т- хацран тус газар нь гараараа нэг удаа цохисон, тэгээд Т-унасан чинь түүний дээрээс цохиод, өшиглөөд байсан. Харин Бийг нэг хөгшин, дээгүүрээ нүцгэн ах хоолойг нь боож заамдаад байсан. Тэгэхээр нь би Т-ээс нөгөө залууг салгах гээд дөхөж очиход миний араас нөгөө гарч ирж байсан залуусын нэг нь үсдээд авсан, нэлээн чанга үсэдсэн. Тэгээд би ах аа уучлалт гуйсан хүн нь шүү дээ гэхэд Т- цохиж, өшиглөөд байсан залуу миний нүдэн тус газар 2-3 удаа цохисон. Тухайн үед миний нүд юм харахгүй, ухаан балартаж, доош газар унасан чинь тухайн 2 залуу намайг дээрээс 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Тэмүүжинд цагдаа болон эмнэлгийн байгууллага дууд гэж хэлсэн. Тэр үед тухайн залуус тэр цагдаагаа дуудаарай гээд намайг басамжилж, тохуурхаж, доромжилсон. Тэгээд би газар унаад босож чадахгүй 10-15 минут болсон. Тэгээд тухайн залуучууд гэртээ орцгоосон. Тэгээд цагдаагийн байгууллага ирсэн. Араас нь түргэний машин ирсэн. Би тухайн хүмүүсийг танихгүй. Миний биед тухайн залуучуудын нэг нь намайг үсдэж миний үс халцарсан. Харин нэг залуу нь миний зүүн нүдэн тус газар 2-3 удаа цохисон. Миний зүүн нүд хавдаж, улайсан, мөн цус харвасан байсан. Мөн намайг унасны дараа тухайн хоёр залуу нийлээд миний гуя, нурууны хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Тухайн залуусыг харвал танина, хэн нь намайг өшиглөж зодсоныг. Дөрвөн залуу байсан. Бүгд ижил дээгүүрээ нүцгэн, ижил царай төрхтэй байсан. Тухайн залуус дөрвүүлээ байсан. Нэг нь Т- цохиж зодоод байсан ингэхдээ эхлээд Т- гэрийнхээ орцны хаалганаас гарч ирээд зүүн хацран тус газар нь нэг удаа цохиод газар унахад нь өшиглөөд байсан. Харин Бийг нэг хөгшин ах нь заамдаж, хоолойг нь боогоод байсан. Харин тухайн залуусын нэг нь бидэнд хүрээгүй хараад зогсоод байсан. Ямар нэг салгах үйлдэл хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Гэрч *******мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 109 тоотод гэрийнхнийхээ хамтаар унтах гээд хэвтэж байсан. Манай гэр 1 давхарт байдаг юм. Гэрийн цонхны доор хүмүүс шуугилдаад байсан. Тухайн үед манай аав 3-4 удаа тухайн хүүхдүүдийг битгий шуугилдаад бай гэсэн. Тэгтэл манай ээжийн даралт нь ихсээд унтаж чадахгүй, хүмүүс шуугилдаад байсан тул аав тэдгээр хүүхдүүдийг дахин шөнийг 02 цагийн алдад битгий шуугилдаад байгаач, одоо ингээд явцгаагаач гэхэд тэдгээр хүүхдүүд гараад ир, ална тална гээд шуугаад байсан. Тэгтэл манай дүү нөгөө талын жижиг өрөөнд унтаж амрах гэж байгаад босоод гарахаар нь би А.Н-ахтай араас нь гарсан. Тэгээд гарахад манай дүү сэгсгэр үстэй залуутай зууралдаад зогсож байсан. Харин хажууд нь хэд хэдэн хүн шавчихсан байсан. Араас аав Наранбаатар гарч ирээд бид нар дүү ******* салгаад гэр лүүгээ орсон. Тухайн үед дүү ******* тухайн хүнээс салгаж байхад тэр залуу нүд юм харахгүй байна шүү дээ миний нүд рүү цохчихлоо гээд орилоод байсан. Тэгээд бид гэртээ ороод байж байтал тухайн залуус мөн доор дахиад гараад ир гээд орилоод байсан ба удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс орж ирсэн. Тухайн үед би хэн нэгний биед халдаагүй Би тухайн үед салгах гэж оролдсон. Тэрнээс хэн нэгний биед халдсан зүйл байгаагүй. Өөрийн дүү ******* салгаад гэртээ авч орсон. Тухайн үед надад хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Хоёр талаасаа хэн хэнийгээ салгах гэж бие биеийнхээ биед гар нь хүрсэнээс биш зодоон цохионы шинжтэйгээр миний биед хэн нэгэн халдаагүй. Надад ямар нэг бэртэл гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Гэрч А.Н-мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 109 тоотод ахындаа очиж хонохоор болоод бид нар унтах гээд хэвтэж байсан. Тэгтэл манай ахын гэр нь 01 давхарт байдаг бөгөөд гэрийн цонхны доор хүмүүс шуугилдаад байсан. Тэгтэл манай ах Наранбаатар 5-6 удаа хэлэхэд тухайн залуус тоохгүй байсан. Тухайн үед манай ах Наранбаатарын эхнэр Отгончимэг хүнд өвчтэй даралт нь ихсээд унтаж чадахгүй байсан. Тэгтэл шөнийн 02 цагийн үед тэдгээр залуус орилолдоод байхаар нь манай ах Наранбаатар битгий шуугилдаад байгаач, одоо ингээд явцгаагаач гэхэд тэдгээр хүүхдүүд ална тална гараад ир пиздаа ална шүү гээд орилоод байсан. Тэгтэл манай бага хүү ******* гараад явсан бөгөөд би араас нь хувцсаа өмсөөд Э-той араас нь гарахад нэг улаан эрээн цамцтай залуу ******* руу хажуугаас нь дайрч байсан бөгөөд тухайн үед ******* нэг залуутай барьцалдаад байсан. Тэгэхээр нь би тухайн улаан эрээн цамцтай залууг хажуугаас нь цааш нь түлхээд цамцнаас нь зулгаагаад холдуулсан. Тэр үед манай ах Наранбаатар гарч ирсэн Э- тэр хоёр ******* тухайн залуугаас салгаад авсан. Тэгээд бид нар гэртээ орсон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед бид нар дөрвүүлээ байсан. Дүү Наранбаатар түүний 2 хүү, *******, Э- нарын хамт байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч С.Н-мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 109 тоотод гэрийнхэнтэйгээ байсан. Тухайн үед манай эхнэр Г.Отгончимэгийн бие их тааруу байсан юм. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан бөгөөд манай гэр нэг давхарт бөгөөд хэсэг хүүхдүүд байнга манай гэрийн цонхон доор ирж суудаг байсан. Тухайн өдөр тэдгээр хүүхдүүд байгаад 3-4 удаа та нар яваач, энд хүний бие тааруу байна гэж тухайн хүүхдүүдэд шаардлага тавьсан. Тэгтэл нэг хүүхэд нь гараад ир ална шүү пизда гэсэн. Хэн нь ямар хувцастай нь тэгж хэлснийг мэдэхгүй байна. Харанхуй модны сүүдэрт тэдгээр хүүхдүүд сууж байсан. Тэгсэн чинь манай бага хүү ******* гүйгээд гарсан. Би тухайн үед том өрөөнд байсан. Харин ******* жижиг өрөөнд байж байгаад гараад гүйчихсэн. Тэгсэн чинь Э-, А.Н-хоёр түүний араас гарсан бөгөөд сүүлд нь би араас нь гарсан. Тэгээд гарахад зодоон болчихсон нэг хүүхэд нь орилоод нүд юм харахгүй байна гээд байсан. Тэгээд би очиж салгаад аваад орсон. Хэн нь хэнийг яаж цохиж зодсоныг би хараагүй. Тэгээд удалгүй манай гэрт цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд “...Т-гараад ир пизда, ямар лайтай юм бэ гэж хэлсэн. Тэр үед Э-...уучилаарай ахаа одоо бид нар явлаа гэж хэлээд бид нар суудлаас боссон...тэгээд бид яг явах гэж байсан чинь орцноос 4 хүн гарч ирсэн. Тухайн 4 хүний эхлээд гарч ирсэн залуу нь Т- нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Э- тэрийг салгах гэхэд Т- цохисон залуу Э-ийг нүдэн тус газар нь хэд хэд цохисон. Тэгээд нүдээ бариад зугтаж байгаад машины дунд ороход Э-ийг цохисон залуу араас нь хөөгөөд Э- газар унасан. Тэгээд би юу болсоныг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн27/

 

        Яллагдагчаар *******мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 24-нд хоёр ахтай гадуур явж байгаад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадаа ирээд гэртээ ороход гадаа ээжийн бие өвддөг учир даралт нь ихсээд хэвтэж байсан тэгэхэд гадаа танихгүй залуучууд орилолдоод байсан тэгэхээр нь манай ах цонхоо онгойлгоод чимээ битгий гаргаад бай өвчтэй хүн байна гэсэн уг залуучууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд манай аав хоёр удаа чимээ гаргахгүй явчихаа гэж гуйсан тэгээд уг хүүхдүүд за гээд явахгүй байгаад байсан. Тэгээд ээж амарч чадахгүй байхаар би цонхоор та нар яваач ээ гэж чанга дуугаар хэлсэн тэгэхэд нэг залуу нь хэн гэдгийг нь мэдэхгүй ална шүү пизда минь гараад ир гээд орилсон. Тэгэхээр нь би гараад хэн сая хэлсэн бэ гээд очиход урдаас нэг буржигар үстэй Э- гэх залуу нь над руу хүрээд ирэхээр нь би татаж унагаасан. Тэгэхэд хамт байсан залуучууд нь намайг тойроод зогссон тэгэхэд байрнаас манай хоёр ах гарч ирээд салгасан тэгэхэд Э- надаас зуураад байсан тэгээд зууралдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд салаад гэр рүүгээ орсон тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн тэгээд гэртээ орсон байхад чаддаг юм бол гараад ир цагдаа дуудна гээд орилоод байсан тэгээд удаагүй хаалга тогшоод цагдаа нар ирсэн. Манай ээжийн бие муу байдаг бөгөөд тухайн үед ээжийн даралт ихсээд байдаг тэгээд уг хүүхдүүд гадаа орилолдоод байсан тэгээд боль гэж зөндөө олон удаа гуйж хэлэхэд урдаас хэл амаар доромжилсон тэгээд би гарч очоод Э-тэй зууралдаад цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 660 дугаартай “М.Э-ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний хараа 0.2 зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, хацрын дээд хэсэгт шарх, духны зүүн хажуу хэсэгт цус хуралт, хамар, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайн урд хэсэгт үсний халцрал, баруун шууны ар дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний харааны бууралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 20 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. М.Э-ийн баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.2 болжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-40/,

 

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 53-70, 79-83/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******2021 оны 7 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна М.Э-цонхон доор шуугилдлаа гэх шалтгааны улмаас биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний хараа 0.2 зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, хацрын дээд хэсэгт шарх, духны зүүн хажуу хэсэгт цус хуралт, хамар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.*******ын “...Э- надаас зуураад байсан тэгээд зууралдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нүүр хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ин 108-109/, хохирогч М.Э-ийн“...нэг залуу нь миний зүүн нүдэн тус газар 2-3 удаа цохисон. Миний зүүн нүд хавдаж, улайсан, мөн цус харвасан байсан. Мөн намайг унасны дараа тухайн хоёр залуу нийлээд миний гуя, нурууны хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Тухайн залуусыг харвал танина, хэн нь намайг өшиглөж зодсоныг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч Э.Бийн “...Т- цохисон залуу Э-ийг нүдэн тус газар нь хэд хэд цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, шинжээчийн 660 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40/, хохирогч М.Э-ийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 53-70/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.******* “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, гэмт хэрэг  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хяналтын прокуророос ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч оролцсон.  

 

         Шүүгдэгч ******* Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тус тус хамаарна.

 

           Шүүгдэгч *******нь  цонхон доор шуугилдлаа гэх шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн,  урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

         

           Хохирогч М.Э-ийн хохиролтой холбогдох /хх-ийн 53-70/ талуудад авагдсан 1.259.965 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудаас /хх-ийн 79-82/ талуудад 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргасан Хаан банкны дипозит дансны хуулганы баримтуудаас 5.708.800 төгрөгийг өгсөн буюу нийтдээ 6.768.000 төгрөг төлсөн баримт болон хохирогч М.Э-ийн гаргасан “гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг харгалзан шүүгдэгч Н.******* бусдад төлөх төлбөргүйд тооцов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                              

     ТОГТООХ нь:

         1. *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

         4. *******энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ