Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/736

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          11           18                                          2021/ШЦТ/736      

 

                       

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч *******-түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-холбогдох эрүүгийн  2105000001334 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “МҮИС”-ийн ажилтай, ам бүл , эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Овоотын  дүгээр гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор “Бурханы хайр халамжийн төв”-ийн байр болох Баянгол дүүргийн  дүгээр хороо Горькийн  дугаар гудамжны  тоотод түр оршин суух хаягтай,

урьд нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: / *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******-нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх-Ундарга нэртэй дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар зүй зохисгүй байдлаар биеэ авч яваа байдлыг анхааруулж хэлсэн Б.Р-цохиж унагаан улмаар нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дух, зүүн зулайн тархины эдэд жижиг цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүүний цус хуралт, баруун нүдний зовхины арьсны зулгаралт, дээд эрүүний баруун хажуугийн 5 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Б.Р- мөрдөн байцаалтанд “Би 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 9-р хороо Горькийн 4-94 тоотод оршин сууж байгаа юм. Би одоо хувиараа автомашины кузов засварын ажил, заримдаа хүмүүстэй хамтарч барилгын ажил хийдэг юм. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 18 цагийн орчим би гэртээ байхдаа ганцаараа хоёр лааз шар айраг ууж байгаад оройн 20-21 цагийн орчим шиг санагдаж байна дахиад шар айраг авах гээд гэрийнхээ хажуу талын “Энх-Ундарга” нэртэй хүнсний дэлгүүр рүү орж байсан чинь “Энх-Ундарга” хүнсний дэлгүүрийн гадна талд 25-30 орчим насны дэлгүүрийн гадна согтуурсан байдалтай хүнсний дэлгүүрийн цонхыг нь хагалчихсан орилчихсон байсан. Би тэр залуугийн хажуугаар өнгөрөхдөө чи болиоч гэж хэлтэл тэр залуу шууд намайг барьж аваад чи юу юм бэ гээд намайг цохиж унагаагаад миний нүүр рүү олон удаа цохиж зодсон. Тэр залуу намайг зодож байгаад газраар чирээд, газраар чирч байхдаа миний нүүр рүү цохиод байсан. Тэр залуу нэлээн согтуу байсан ба намайг зодож байхад манай хүүгийн найз гэх би бүтэн нэрийг мэдэхгүй байна М.Д- гэдэг залуу хүрч ирээд надаас тэр залууг салгасан. Тэгээд М.Д-  намайг манай гэрт оруулж өгөөд ахаа та гэртээ байж байгаарай би эхнэрийг чинь дуудаадахъя гээд манай гэрээс гарсан. Миний нүүр амнаас цус гарчихсан, баруун талын араа шүд хугарчихсан байсан. Удалгүй манай эхнэр Туяа гэртээ орж ирээд манай хүүгийн найз М.Д- таныг хүн зодчихлоо гэхээр нь би “Энх-Ундарга” хүнсний дэлгүүр дээр очиход чамайг зодсон хүнийг цагдаа нар хүрч ирээд залууг аваад явсан, тэр дэлгүүрийн хүмүүс нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм шиг байна лээ гэж хэлсэн. Би тухайн өдөртөө гэртээ байж байгаад маргааш нь Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлчихээд тархины зураг авхуулсан. Намайг зодсон залууг танихгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Гэрч Л.Т- мөрдөн байцаалтанд “Би 2000 оноос эхлэн Б.Р-хамт амьдарч байна. 2002 онд гэрлэлтээ батлуулж байсан, бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, манай хоёр хүүхэд одоо сургуульд явж байгаа, би өөрөө нэг жижиг дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Манай нөхөр Б.Р- нь хувиараа автомашины кузов засвар хийдэг юм. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байхад оройн 21 цагийн орчим шиг санагдаж байна. Манай том хүүгийн найз болох Дагвадорж гэж залуу хүрч ирээд эгчээ “Энх-Ундарга дэлгүүрийн үүдэнд Б.Р- ах хүнд зодуулсан байсан. Нэг залуу Б.Р- ахын дээр нь гарчихсан зодож байхаар нь би тэр залууг нь арай гэж салгаад Б.Р- ахыг гэрийнх нь хашаанд нь оруулчихлаа гэхээр нь би М.Д- манай гэрийн түлхүүрийг авч яваад Б.Р- ахыгаа гэрт нь оруулаад байж бай, эгч нь удахгүй тараад очлоо гээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн юм. Би М.Д- гэрийнхээ түлхүүрийг өгчихөөд дэлгүүрээ хаагаад гэртээ орсон. Намайг гэр рүүгээ явж байхад “Энх-Ундарга” дэлгүүрийн үүдэнд цагдаагийн машин ирчихсэн байсан. Би гэртээ ороход Дагвадорж манай нөхөртэй хамт байсан. Манай нөхрийн нүүр нь аймаар хавдчихсан, ам, хамраас цус гарч байсан. Би нөхөртэйгөө уулзчихаад Дагвадоржийн хамт “Энх-Ундарга” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан цагдаагийн машин дээр очоод цагдаа нараас энэ дэлгүүрийн үүдэнд агсан согтуу тавьсан байсан залуу хаана байгаа бэ гэж асуухад цагдаагийн алба хаагч машинд сууж байгаа гэхээр нь Дагвадорж бид хоёр харахад Дагвадорж Б.Р- ахыг зодсон залуу энэ мөн байна” гэж таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Гэрч М.Д-мөрдөн байцаалтанд “Би төрснөөсөө хойш Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа юм, манай ойролцоо гудамжинд Төгөлдөр гээд хүүхэдтэй хамт бид хоёр ерөнхий боловсролын 77-р сургуульд хамт сурч байсан юм. Төгөлдөрийн аавыг нь Б.Р- гэдэг юм. Б.Р- ах хувиараа автомашин кузов засвар хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 20 цаг өнгөрч байхад би дадлагын ажлаа дуусгаад гэр рүүгээ харих гээд “Энх-Ундарга” дэлгүүрийн урдуур явж байхад манай найз Төгөлдөрийн аав Б.Р- ах газар уначихсан 20-25 орчим насны залуу дээр нь гарчихсан нүүр рүү нь нэг гараараа цохиод зодож байсан. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү залгаад танай аавыг энд нэг хүн зодоод байна гэж хэлэхэд Төгөлдөр  манай ээж хойд талын дэлгүүрт байгаа, очоод ээжид хэлээдэх гэхээр нь би хойшоо Төгөлдөрийн ээжийн ажиллаж байгаа дэлгүүрт очоод Б.Р- ахыг хүн зодоод байна гэхэд Туяа эгч миний ажил тараагүй байна гээд надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд Б.Р- ахыгаа гэрт нь оруулж өгөөрэй гэсэн. Би буцаад “Энх-Ундарга” дэлгүүр дээр очиход Б.Р- ах газар хэвтчихсэн, хажууд нь Б.Р- ахыг зодсон залуу “Энх-Ундарга” дэлгүүрийн хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Би Б.Р- ахыг зодсон хүнийг тэр хүмүүстэй муудалцаад зогсож байхаар нь хойноос нь татаж газар унагаагаад Б.Р- ахын хажуугаас нь холдуулаад Б.Р- ахыг өргөж босгоод гэрт нь оруулж хэвтүүлсэн. Б.Р- ахын ам хамраас  нь цус гарчихсан, хоёр хацар нь хавдчихсан, нүд нь хөхөрчихсөн байсан. Удалгүй Туяа эгч гэртээ ирээд бид хоёр хамт “Энх-Ундарга” дэлгүүр дээр оччиход цагдаа нар ирчихсэн байсан. Туяа эгч цагдаа нартай уулзаад манай нөхрийг зодсон хүн хаана байна гэхэд цагдаа нар машиндаа суулгачихсан гэхэд автомашины хойд талын суудал дээр Б.Р- ахыг зодсон залуу согтуурхаад орилоод сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “Би хоёр сарын өмнөөс Монголын Үндэсний Их сургуулийн хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Би ээжтэйгээ хамт амьдардаг, манай ээж нэг хувийн компанид үйлчлэгчээр ажилладаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байгаад дэлгүүр оръё гээд явж байтал манай найз охин нэг танихгүй залуутай хамт хөтлөлцөөд явж байхаар би найз охин дээрээ очоод маргалдаж байгаад буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд би ажил дээрээ хоноод маргааш нь ажил дээрээсээ буугаад гэр рүүгээ харих замаараа нэг шил 0.33 литрийн архи аваад гэртээ ганцаараа авсан архиа уугаад гэртээ унтаж байгаад орой 18 цагийн орчим гэрээсээ гараад гэрийнхээ хажуу талын “Энх-Ундарга” дэлгүүр орж гар утсаа цэнэглээд өгөөч гэж гуйж байгаад дэлгүүрээс нэг том хуванцар савтай шар айраг аваад дэлгүүрийн гадаа ганцаараа уугаад сууж байхад 40-45 орчим насны нэг ах хүрч ирээд ахын дүү хамт хуваагаад ууя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр миний авсан шар айраг ууж байгаад дахиад нэг том хуванцар савтай шар айраг аваад ууцгаасан. Тэгээд ууж байсан газраа унтчихсан. Тэгээд удаагүй байж байгаад би дэлгүүрийн цонх хагалаад ухаан орсон, тэгээд дахиад ухаан балартаад нэг сэрэхэд цагдаа нартай хамт саатуулах байранд хүргэгдсэн байдалтай байсан. Маргааш өглөө нь цагдаа нар намайг дэлгүүрийн цонх хагалчихсан юм байна гэж байтал нэг эмэгтэй хүн над руу залгаад чи манай нөхрийг зодсон байна гэж ярихаар нь би хамт архи ууж байсан хүнээ зодсоноо мэдсэн юм. Би тухайн үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тэр хүнийг ямар нэг шалтгаангүйгээр зодчихсон юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 8677 дугаартай “Б.Р-гийн биед баруун дух, зүүн зулайн тархины эдэд жижиг цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүүний цус хуралт, баруун нүдний зовхины арьсны зулгаралт, дээд эрүүний баруун хажуугийн 5-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

          Шүүгдэгч *******-нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх-Ундарга нэртэй дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар зүй зохисгүй байдлаар биеэ авч яваа байдлыг нь анхааруулж хэлсэн үл таних Б.Р-цохиж унагаан улмаар нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дух, зүүн зулайн тархины эдэд жижиг цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүүний цус хуралт, баруун нүдний зовхины арьсны зулгаралт, дээд эрүүний баруун хажуугийн 5 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-“...Би тухайн үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тэр хүнийг ямар нэг шалтгаангүйгээр зодчихсон юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, хохирогч Б.Р-гийн “...Би тэр залуугийн хажуугаар өнгөрөхдөө “чи болиоч” гэж хэлтэл тэр залуу шууд намайг барьж аваад “чи юу юм бэ” гээд намайг цохиж унагаагаа миний нүүр рүү олон удаа цохиж зодсон...Миний нүүр амнаас цус гарчихсан, баруун талын араа шүд хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/, Гэрч М.Дагвадоржийн “Энх-Ундарга” дэлгүүрийн урдуур явж байхад манай найз Төгөлдөрийн аав Б.Р- ах газар уначихсан 20-25 орчим насны залуу дээр нь гарчихсан нүүр рүү нэг гараараа цохиод зодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Гэрч Л.Т-гийн “...Дагвадорж, Б.Р- ахыг зодсон залуу энэ мөн байна” гэж таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, шинжээчийн 8677 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,  

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний ар гэр эхийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

*******-холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэсэн ялын сонгомол санкцтай.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж, энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүгдэгч *******- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж  хохирогчид 900.000 төгрөг өгсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.        

         

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

         1. *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.         

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ