| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0592/И |
| Дугаар | 00691 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00691
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 30-06 тоотод оршин суух Хавчин овогт Борбаатарын Цээсувд /РГ93092806/-ын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороолол 12а байр, 30 тоотод оршин суух Халиугчин овогт Лхагвасүрэнгийн Отгонбаяр /РЭ93100918/-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цээсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 онд Л.Отгонбаяртай танилцаж үерхэж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Чойжинхүүг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очиж амьдарч байсан. Хүүхдээ гарсанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотод хамт амьдарсан. Амьдрах хугацаанд хоорондоо таарахгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хүү Чойжинхүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-30-06 тоотод аав, ээжийн хамт амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ утсаар болон биеэр ганц ч удаа асуугаагүй. Иймд хүү Чойжинхүүд төрсөн эцэг болох Л.Отгонбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Цээсувдтай 2015 оны 7 дугаар сард танилцаж, 9 дүгээр сарын 23-ны өдреөс эхлэн үерхэж эхэлсэн. Бид үерхээд ердөө 3 сар буюу 2015 оны 12 дугаар сар хүртэл үерхээд, зан харилцааны тааламжгүй байдлын улмаас салсан.
Салснаас 1 сар орчмын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 29-нд Б.Цээсувд нь “Би жирэмсэн болчихлоо” гэж надад хэлсэн. Тухайн үед би огт дургүйцэлгүйгээр цаашид яах талаар уулзсан. Уулзах үед миний зүгээс бол цаашид хамтран амьдрах боломжгүй, харин хүүхэд төрсний дараа “би хүүхдээ өөр дээрээ авна” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэвч Б.Цээсувдын надад хэлэхдээ “Чи надтай хамт амьдрахгүй юм бол би эцэггүй хүүхэд төрүүлж чадахгүй. Эм л олж ууна даа, эрсдэл их байдаг юм байна лээ” гэж хэлж байсан.
Миний бие хүүхдийн эрх ашгийг бодоод, хүүхдээ төрүүлээд Б.Цээсувдтай “хамтран амьдраад үзье” гэж шийдсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 16-нд хүү Чойжинхүү төрсөн. Чойжинхүүг төрөхөд би Улаанбаатар хотод байсан, төрснийг нь мэдээд ажлаасаа 7 хоногийн чөлөө аваад Хөвсгөл аймаг руу явсан. Хүүг ээжтэй нь хамт Хөвсгөл аймгийн төрөх эмнэлгээс гаргаж авч байсан. Чойжинхүүг өөрийн хүү гэж бодон Хөвсгөл аймгийн Иргэний бүртгэлийн газарт өргөдөл гарган өөрийн нэрээр овоглосон.
Гэтэл Чойжинхүү өсөж бойжихын хэрээр гадаад төрх байдал нь миний зүс царайтай огт адилгүй болох нь улам бүр мэдрэгдэх болсон. Харсан үзсэн хүн бүр “Чиний хүүхэд мөн юм уу тэс өөр юм байна” гэх зэрэг үгс маш их яригдах болсон. Үүнээс улбаалаад миний итгэл үнэмшил суларч, эргэлзээ төрсөн.
Ингээд 2017 оны 3 дугаар сард Гистоген шинжилгээ, оношлогооны лабораторид эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу нь “Л.Отгонбаяр нь Отгонбаяр овогтой Чойжинхүүгийн биологийн эцэг гэж үзэх боломжгүй байна” гэсэн хариу гарсан. Иймд хүү О.Чойжинхүүд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цээсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хариу тайлбартай танилцсаны үндсэн дээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цээсувд нь хариуцагч Л.Отгонбаярт холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Цээсувд нь хариуцагч Л.Отгонбаярт холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.534 төгрөгийн тавин хувь болох 14.767 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон