Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1006

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ______ дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____төрсөн, __________ тоотод оршин суух,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед машин дотор гэртээ харих замдаа болон ______ тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч ______ыг намайг хөдөө ажиллаж байхад эрэгтэй хүмүүстэй олон удаа шоудаж гадуур явлаагэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар таславчийн мурийлт, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун нүдний алим, зүүн баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогч ______тай хамтран амьдардаг, ирэн очин л байдаг. Нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн ______ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ______ын: “...Б.Э-ын гэр лүү явж байтал Э- “чи надаас өөр хүнтэй унтдаг” гээд намайг машин дотор алгадаад, зодоод эхэлсэн. Тэгээд гэртээ оруулаад гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Миний хамраас цус гараад эхэлсэн. Унагааж байгаад хөлөөрөө миний салтаа руу өшиглөсөн. Э- надад 1,000,000 төгрөг өгсөн. Би эмчилгээ хийлгэсэн. Одоо Э-тай хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (хх-9-10, 58-59),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ______ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун дээд, доод зовхи, зүүн, баруун нүдний алим, зүүн, баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-12-13),

Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг шил архинд нилээн согтсон байсан. ______тай хэрэлдээд, машин дотор нүүр лүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон, нэг удаа мөргөсөн. Бид хоёр манайд очоод ______ хэрэлдээд салахгүй болохоор нь би газар унагааж байгаад хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Тэгтэл ______ манайхаас гараад явчихсан байсан. Би 1,000,000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг (хх-53),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-45), хохирлын баримтууд (хх-63-66), нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх лавлагаа (хх-30-32), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй талаарх лавлагаа (хх-39-40), шүүгдэгч, хохирогч нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-82, 83), прокурорын “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-85-86), прокурорын “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-87) зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э- согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн орчим машин дотор болон ______ тоотод байрлах гэртээ хохирогч ______ыг намайг хөдөө ажиллаж байхад эрэгтэй хүмүүстэй олон удаа шоудаж гадуур явлаагэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөргөх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун дээд, доод зовхи, зүүн, баруун нүдний алим, зүүн, баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ______ын “...Э- чи надаас өөр хүнтэй унтдаг” гээд намайг машин дотор алгадаад зодсон. Гэртээ оруулаад гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа хүчтэй цохисон. ...унагааж байгаад салтаа руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-9-10, 58-59), шүүх эмнэлгийн 7114 дүгээр “1. ______ын биед хамар ясны хугарал, хамар таславчийн мурийлт, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун нүдний алим, зүүн баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-12-13), шүүгдэгч Б.Э-ын ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Машин дотор ______ын нүүр лүү хэд хэдэн удаа гараарааа цохисон, нэг удаа мөргөсөн. ...газар унагааж байгаад хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн...гэх мэдүүлэг (хх-50) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ______тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, гараараа цохих, өшиглөх, мөргөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ______ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” /хх-83/ гэснийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Б.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед машин дотор гэртээ харих замдаа болон ______ тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч ______ыг намайг хөдөө ажиллаж байхад эрэгтэй хүмүүстэй олон удаа шоудаж гадуур явлаагэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар таславчийн мурийлт, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун нүдний алим, зүүн баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Э- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх мөргөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ___ овогт _____ Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР