Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 377

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “АБ” ХХК /РД: /

Хариуцагч: Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г

Гомдлын шаардлага: “...Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г гийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , хариуцагч Б.Г  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтан үзэхдээ “АБ” ХХК-г Банкны тухай хуулийн 31.3.1 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзсэн. Банкны тухай хуулийн 31.3.1-д төлөөлөн удирдах зөвлөл нь “банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;” хэмээн заасан байдаг бөгөөд Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот тушаал нь ТУЗ-н өөрийн эрхэд халдсан байна гэж үзсэн. Гүйцэтгэх захирлын 2018 оны 243 тоот тушаал дараах эрх зүйн үндэслэлийн хүрээнд гаргасан байна. Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр зүйлд “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын уйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Мөн Гүйцэтгэх захирал нь ТУЗ-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №2018/01 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-ний “Ажил үүргийн хуваарь”-н 6 дугаар зүйлд “...дотоод бүтэц зохион байгуулалтыг бий болгох...“ хэмээн заасан байгаагаас үзвэл бүтэц зохион байгуулалтыг бий болгох эрхийг гэрээнд заасны дагуу ТУЗ-өөс Гүйцэтгэх захиралд олгосон гэж үзэхээр байна.

Эдгээрээс үзвэл бүтэц орон тоог шийдэх эрхийг ТУЗ-аас болон компанийн дүрмээр Гүйцэтгэх захиралд харьяалуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд банк нь Банкны тухай хуулийн 31.3.1 дүгээр зүйлийг зөрчөөгүй гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд уг асуудлыг шийдсэн гэж үзэхээр байна. Аливаа хуулийн этгээд иргэн хувь хүн бусдад хуулиар олгогдсон эрх үүргээ шилжүүлэхэд харшлах зүйлгүй юм. “АБ” ХХК-ны ТУЗ нь Гүйцэтгэх захиралд Банкны тухай хуулийн 31.3.3 дугаар зүйлд заасны дагуу эрх хэмжээгээ шилжүүлсэн байна. Гүйцэтгэх захирлын уг 243 тоот тушаал нь шинээр бүтэц бий болгосон тушаал биш бөгөөд зарим нэгжийн харьяаллыг өөрчилсөн тушаал байгаа билээ.

Мөн дээрх 31.3.1 дэх эрх хэмжээний асуудал нь компанийн дотоод эрх хэмжээний асуудал бөгөөд үүнд “АБ” ХХК нь Банкны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж хадгаламж эзэмшигчид болон банктай холбоотой бусад гуравдагч этгээдэд хохирол учруулсан үйлдэл байхгүй болно. Хэрвээ эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа бол банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлага нарын хооронд яригдах компанийн дотоод эрх хэмжээний асуудал байхаар харагдаж байна. Банкны ТУЗ-аас гомдол гаргаагүй эрх хэмжээгээ дүрэм болон гэрээгээр шилжүүлсэн асуудал байхад Монголбанкны хянан шалгагчаас торгууль оногдуулсанд гомдолтой байна. Тус яригдаж буй тушаалын эрх хэмжээний асуудал Компанийн тухай хууль, Компанийн эрх зүйтэй холбоотой бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.19 дүгээр зүйлд заагдсан Монголбанкны хянан шалгагчийн эрх хэмжээний асуудал биш байж болохуйц байна. Дээрх хууль зүйн бодит үндэслэлүүдийг харгалзан үзэж Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу АБны үйл ажиллагаа нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар, журмуудтай нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж, АБны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Н*******ын гаргасан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар тушаалаар банкны бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалтыг зөрчсөн болно. АБнаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1129 дүгээр албан бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэн дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Гүйцэтгэх захирал нь ТУЗ-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2018/01 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1-т “Ажил үүргийн хуваарь”-ийн дагуу 6 дугаар зүйлд дотоод бүтэц зохион байгуулалтыг бий болгох “эрхийг гэрээнд заасны дагуу ТУЗ-өөс гүйцэтгэх захиралд олгосон гэж үзэхээр байна. Эдгээрээс үзвэл бүтэц, орон тоог шийдэх эрхийг ТУЗ-өөс болон Компанийн дүрмээр гүйцэтгэх захиралд харьяалуулсан гэж үзэхээр байна.

Тайлбар: АБны дүрмийн 11.5 заалтад “Гүйцэтгэх захирал нь Хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаас бусад гэрээгээр олгогдсон Компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд бүх асуудлыг ганцаар захирах зарчмын дагуу бие даан шийдвэрлэнэ” гэж заасан ба банкны ТУЗ-д хамаарах “банкны бүтэц зохион байгуулалтыг батлах” эрхийг хөдөлмөрийн гэрээгээр Гүйцэтгэх захиралд харьяалуулсан гэж үзэх үндэслэлгүй, АБны ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн тогтоолоор Р.Н*******ыг АБны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилсон ба компанийн дүрэмд энэхүү этгээдийн эрх үүргийг зохицуулсан зохицуулалт байхгүй.

2. АБны ТУЗ нь гүйцэтгэх захиралд Банкны тухай хуулийн 31.3.3 дугаар зүйлд заасны дагуу эрх хэмжээгээ шилжүүлсэн байна. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3 дахь “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих, түүний цалин урамшууллын хэмжээг тогтоох” заалтад банкны ТУЗ-ийн бүрэн эрхийн талаар заасан ба ТУЗ эрх хэмжээгээ гүйцэттэх захиралд шилжүүлэх талаар дурдаагүй байна. АБ хуулийн шаардлагыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийн, хамааралтгүй хуулийн заалтаар гомдол үүсгэсэн байна.

3. Гүйцэтгэх захирлын 243 тоот тушаал нь шинээр бүтэц бий болгосон тушаал биш зарим нэгжийн харьяаллыг өөрчилсөн тушаал. Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот тушаалын дагуу зарим нэгжийн харьяаллыг өөрчлөхөөс гадна банкны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах, батлагдсан орон тооны дагуу хамаарах ажилтнуудын шилжилт хөдөлгөөн хийх, хөдөлмөрийн гэрээг байгуулах, шинэчлэгдсэн бүтцийн дагуу холбогдох журам, заавар, тушаал шийдвэрт өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон. Мөн АБны гүйцэтгэх захирал банкны бүтэц орон тоонд нэг бус удаа өөрчлөлт оруулсан талаар холбогдогч АБны Хүний нөөц, цалин урамшууллын хорооны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 47, 2018 оны 87, 157 дугаар тушаалаар банкны бүтцэд өөрчлөлт оруулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хэлэлцсэн байна.

4. Мөн дээрх эрх хэмжээний асуудал нь компанийн дотоод асуудал нь компанийн дотоод эрх хэмжээний асуудал бөгөөд үүнд “АБ” ХХК нь Банкны тухай хуулийн ноцтойгоор зөрчиж хадгаламж эзэмшигч болон банктай холбоотой бусад этгээдэд хохирол учруулсан үйлдэл байхгүй болно. Хэрвээ ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа бол байгаа бол банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нарын хооронд яригдах компанийн дотоод эрх хэмжээний асуудал байхаар харагдаж байна. Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйл, 19 дүгээр зүйлд заасны дагуу банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг “Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны А-151 дугаар тушаалаар баталсан “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-аар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрх, үүргийн хүрээнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу АБны үйл ажиллагаа нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар, журмуудтай нийцэж байгаа эсэхийг шалгасан. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дүгээр заалтад заасны дагуу АБны Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны 2 хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн байдаг. ТУЗ нь банкны хувьцаа эзэмшигчид, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгийг удирдах эрх бүхий этгээд юм. Энэхүү этгээдийн “банкны бүтэц зохион байгуулалтыг батлах” эрхэд халдсан үйлдэл нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн. Түүнчлэн банканд Монголбанкнаас тогтоосон банкны удирдлага, зохион байгуулалтын зарчим, хэм хэмжээ алдагдах нь зохицуулагч байгууллагын оролцох асуудал мөн.

5. Тус яригдаж буй эрх хэмжээний асуудал Компанийн тухай хууль, Компанийн эрх зүйтэй холбоотой бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.19 дүгээр зүйлд заагдсан Монголбанкны хянан шалгагчийн эрх хэмжээний асуудал биш байж болохуйц байна. Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхийн хүрээнд АБны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн болно. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 6,19 дүгээр зүйл заалт байхгүй. АБнаас ирүүлсэн гомдлыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “АБ” ХХК нь Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г д холбогдуулан “Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г гийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагч Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г гаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр баталсан удирдамжийн дагуу АБны үйл ажиллагаа нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар журмуудтай нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж, АБны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Н*******ын гаргасан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар тушаалаар банкны бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэн Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсаар 10.000.000 төгрөгөөр торгожээ.

Хэрэгт авагдсан “АБ” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.17-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь Банкны тухай хууль, Компанийн тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаас бусад гэрээгээр олгогдсон компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд хамаарах бүх асуудлыг ганцаар захирах зарчмын дагуу бие даан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хуулиар олгосон бүрэн эрхийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхгүй байхаар компанийн дүрмээрээ нарийвчлан зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй.

  Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.3.1-д “Банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах” гэж заасны дагуу банкны төлөөлөн удирдах зөвлөл нь банкны дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах эрх хэмжээтэй байтал “АБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Н******* нь дээрх хуулийн заалтыг зөрчиж тус банкны зохион байгуулалтын бүтэц болон орон тоог тушаалаараа баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдсан гэж хариуцагчаас Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянан шалгалт хийж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг зөрчсөн гэсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн “11 дүгээр зүйлийн 11.15 дахь хэсэгт заасныг” гэж уг хуульд байхгүй заалтыг шийтгэлийн хуудас ногдуулахдаа үндэслэсэн байх тул уг шийтгэлийн хуудсыг шүүх хэвээр үлдээх боломжгүй юм.

Түүнчлэн тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 01 дүгээр 12-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “АБ” ХХК-ийн Манлай дэмжигчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад олгох асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд уг хөдөлмөрийн гэрээгээр “бүтэц зохион байгуулалтыг бий болгох” эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэн захиргааны албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.1, Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч  “АБ” ХХК-иас Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г д холбогдуулан гаргасан “Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г гийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА