Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н , Б.П

Нэхэмжлэлийн шаардлага: Ц  ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, зөвлөмжийг, захиалагч Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/0000тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, эрчим хүчний яамны 202302009 дугаартай Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр Ц ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  0625 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эн, Б.П , Б.Н

Хэргийн индекс: 128/2023/0533/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0625 дугаартай шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ц  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч Ц  ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 6 дцугаар сарын 16- ны өдрийн шийдвэр, зөвлөмж, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16- ны едрийн В/0000тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Ц  ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлж, гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг Үнэлгээний хороо, Эрчим хүчний яаманд даалгаж”  шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “Хариуцагч нар нь “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6-д заасан чадавхийг магадлахад ашиглана” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтад худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам батлахгэж тус тус заасны дагуу Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тушаалын хавсралтаар харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас давсан төсөвт өртөгтэй ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалт зохион байгуулахад баримтлах Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг-ийг хавсралтаар шинэчлэн баталсан.

2.2. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны едрийн А/38 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд заасан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны 06 дугаар сард бэлэн болгосон байх шаардлага болон энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын тоо, хэмжээтэй уялдуулан холбогдох нөхцөл шаардлагуудыг тусган тендерийн баримт бичгийг боловсруулж, батлуулсан. Дээрх тендерийн баримт бичгийн ерөнхий зүйлийн 17.7 дахь хэсэг Төрийн өмчийн хороонд шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт 7-ын дагуу ирүүлнэ. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана гэж заасны дагуу 17.7 дахь хэсэгт ирүүлсэн мэдээллийг Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахдаа ашигласан.

2.3. Анхан шатны шүүх шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа маргаж буй Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6 дахь хэсэгт Ф200 мм болон түүнээс дээш голчтой дулааны шугамын барилга угсралтын ажлыг 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд 1-ээс доошгүй удаа, батлагдсан төсөвт өртгийн 30 хувь буюу 1,530,000,000.0 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна гэж заасан байх бөгөөд дараагийн хэсэг болох Тендерийн үндсэн оролцогч нь 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад хийсэн ижил төстэй барилга угсралтын ажлуудаа бүрэн дуусгасан байна гэсэн нь дээрх төсөвт өртгийн 30 хувиас үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ажлыг дуусгасан байна гэж тайлбарлаж хэрэглэнэ гэж тайлбарласан. Гэтэл шүүгч шийдвэр гаргахдаа ...Ц ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлж... гэж тусгайлан дурдсан нь Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл-ийн монголын талын хөрөнгө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон Ц ХХК-иас гадна 7 компани эрх ашгийг хөндөж байна. Учир нь маргаж буй тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6 дахь заалтыг шүүгч, Үнэлгээний хорооны тайлбарласанаас өөрөөр тайлбарласан тул дээрх 7 компанийн тус тендерийн чадавхийн болон туршлага, өөр бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг мөн адил дахин үнэлэх нөхцөл байдал үүсч байна.

2.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн 0625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Ц ” ХХК-аас “тендерээс татгалзсан үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, зөвлөмж, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/0000тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож,   тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...маягт 7-оор ирүүлсэн ажлуудын мэдээлэл нь ТӨХ-ийн ТШЗ-ны 17.7 дахь заалтын шаардлагын дагуу “хийгдэж байгаа ажлын мэдээлэл” болохоос маягт 8-аар гаргах ёстой. 17.6 дахь заалтын шаардлагын дагуух ижил төстэй ажлын мэдээлэл, материал биш юм. Тиймээс уг ажлуудыг хийж гүйцэтгэж дуусгасан байхыг, улсын комиссын дүгнэлт гаргасан байхыг шаардаж, энэ үндэслэлээр буюу “ижил төстэй ажил нь дуусаагүй” гэж тендерээс чадавхийн болон туршлагын ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6 дахь “ашиглагч байгууллагын тодорхойлолт, ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт ирүүлэх” шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, хууль бус болжээ” гэж дүгнэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар “мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчаас тогтоосон чадавхийн шаардлагыг, техникийн тодорхойлолтыг, бусад нөхцөл шаардлагыг хангасан гэж үзвэл шаардлагад нийцсэн тендер гэж үзэх тул 28 дугаар зүйлд зааснаар “тендерийн үнийн шалгуурыг үнэлж” гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэж, “Ц ” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/0000тоот мэдэгдлийг хүчингүй болгож, Ц ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлж, гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг Үнэлгээний хороо, захиалагч Эрчим хүчний яаманд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх хариуцагч нар нь хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан чадавхийг магадлахад ашиглана” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй ... Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тушаалын хавсралтаар Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас давсан төсөвт өртөгтэй ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалт зохион байгуулахад баримтлах Ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг-ийг хавсралтаар шинэчлэн баталсан ... Төрийн өмчийн хороонд шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн маягт 7-ын дагуу ирүүлнэ. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана гэж заасны дагуу 17.7 дахь хэсэгт ирүүлсэн мэдээллийг Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахдаа ашигласан. Анхан шатны шүүх Ц ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлжгэж тусгайлан дурдсан нь Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл-ийн монголын талын хөрөнгө төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон Ц ХХК-иас гадна 7 компанийн эрх ашгийг хөндөгдөж байна” гэжээ.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”, ТШЗ-ийн 29.7-д “ТШЗ-ны 29.6-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзана” гэж  тус тус заасан.

2.5. Хариуцагч Эрчим хүчний яамнаас тендерийг шалгаруулж 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр в/1669 дүгээр албан бичгээр “Ц ” ХХК-ийг “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн Тендер шалгарууулах зааварчилгааны 17.6 дахь заалтыг хангаагүй байна” гэж үзэж татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч “Ц ” ХХК нь уг татгалзлыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасныг тус яам хүлээн авч хянаад 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 03/4218 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулах зааварчилгааны 17.6-дахь заалтыг хангаагүй байна” гэж захиалагч үзсэнийг үндэслэлгүй болохыг тогтоож,  Эрчим хүчний яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэн байна.

2.6. Гэтэл Эрчим хүчний яам тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж дүгнэлт гаргахдаа 2023 оны 06 дугаар саын 16-ны өдрийн В/0000тоот албан бичгээр өмнөх татгалзсан үндэслэлтэй яг ижил үндэслэлээр буюу “бохир усны шугам сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон “Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээ дуусаагүй болох нь ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6-д заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн “Ц ” ХХК-ийн тендерээс дахин татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.7. Учир нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр, хэрэгжих Эрчим хүчний яамны 202302008 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-н тендерт нийт 8 компани өрсөлдсөнөөс захиалагч 1 компанийг шаардлага хангасан гэж шалгаруулаад үлдсэн 7 компанийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэж үзэж хассан. Үүнээс хоёр компани Сангийн яаманд гомдол гаргаснаар шалгарсан компанид хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгож гомдол гаргасан 2 компаниас “Ц ” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлтэй бөгөөд захиалагчийн татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй байна гэж үзэж Тендер шалгаруулалтын үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэсний дагуу тендерийг дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн байхад хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр дахин тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5 –д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж захиргааны байгууллгын шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах зарчимыг нарийвчлан зохицуулж өгсөн.

2.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Ц ” ХХК нь тендерт шаардлагад нийцсэн материалаа ирүүлсээр байхад мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэдэг үндэслэлээр “Ц ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үндэслэлгүйгээр дахин татгалзсан хууль бус байна.

2.10. Өөрөөр хэлбэл хариуцагч дахин тендерийг үнэлээд Тендер шалгаруулах зааварчилгаа /ТШЗ/-ны 17.6-д заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж дүгнэж байгаа бол татгалзсан үндэслэлээ тодорхой зааж өөр үндэслэлээр татгалзах байтал дахин нэг үндэслэлээр татгалзаж байгаа нь буруу болжээ.

2.11. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.7-д “ТӨХ-д шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт 7-ын дагуу ирүүлнэ. Тендер шалгаруулах зааварчилгаа /ТШЗ/-ны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана” гэж заасаны дагуу нэхэмжлэгч компани тендерийн баримт бичгээ ирүүлсэн байхад Тендер шалгаруулах зааварчилгаа /ТШЗ/-ны 17.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , Б.П  нарын гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

                       ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ