Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1532

 

    “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК –ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Пүрэвдаваад холбогдох

 

            Үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 6.720.000 төгрөг, нэмэгдүүлсэн                             1.344.000 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 38.073.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаар хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               Д.Дэлгэрмаа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               Г.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдүүлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК нь зээлдэгч Д.Пүрэвдаваатай харилцан тохиролцож энэхүү зээлийн болон барьцааны гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан.  Зээлдэгч Д.Пүрэвдаваа нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  Үйлдвэр туул 72-1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206038874 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлийн төлбөрт төлбөр төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн хүүгийн хэмжээг 2016 оны 6 дугаар сараас эхлэн 3,2 хувь болгон бууруулсан.  Д.Пүрэвдаваа нь зээлдүүлэгч “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Отгонбаяртай найз нөхдийн холбоотой байсан. Тийм учраас барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй харин Д.Пүрэвдаваагаас авто зогсоолыг бусдад худалдах итгэмжлэлийг Б.Баярбатын нэр дээр олгосон. Б.Баярбат нь уг итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр итгэмжлэлийн үндсэн дээр Э.Даштай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, авто зогсоолын өмчлөх эрхийг Э.Дашид шилжүүлсэн. Э.Даш гэдэг хүн бол нэхэмжлэгч компанийн ажилтан бөгөөд хэдийгээр нэр шилжсэн ч гэсэн Д.Пүрэвдаваа нь авто зогсоолоо ашиглах, эзэмших эрх нь нээлттэй байгаа. Д.Пүрэвдаваа нь зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд автозогсоолын өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхэд ямар ч саад байхгүй. Тухайн авто зогсоолыг үнэлгээ нь зээлийн төлбөрийн хэмжээнд хүрэхгүй.  Д.Пүрэвдаваа нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн. Д.Пүрэвдаваагийн өөрийн Хаан банк дах дансанд зээл болох 30.000.000 төгрөгөөс гэрээнд заасан 0,5 хувийн үйлчилгээний шимтгэлийг суутган авч 29.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлгийн утга дээр “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-иас гэж тодорхой бичсэн байгаа. Иймд хариуцагч Д.Пүрэвдаваагаас үндсэн зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, зээлийн гэрээний 1.2-т заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 6.720.000 төгрөг, зээлийн гэрээний 1.3.4.-т гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.344.000 төгрөг, нийт 38.064.000 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөгийг нэхэмжилж байна. Барьцааны зүйл болох авто зогсоол Э.Дашийн өмчлөлд байгаа учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага байхгүй байна. Зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд зогсоолыг буцаан өмчлөлд нь шилжүүлнэ. Зээлийн хүүг тооцохдоо 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сар бүр 3,2 хувиар тооцож 6.720.000 нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүгийн 20 хувиар тооцсон” гэв.

 

Хариуцагч Д.Пүрэвдаваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэлд “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК нь зээлдэгч Д.Пүрэвдаваатай харилцан тохиролцож энэхүү зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан гэжээ. Миний бие “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК дээр нэг ч удаа очиж байгаагүй бөгөөд харин Л.Отгонбаяр нь надад 29.850.000 төгрөгийг зээлсэн. Дээрхи мөнгийг Л.Отгонбаяр миний Хаан банкны 5099116979 тоот дансруу бэлнээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 72 дугаар байрны зоорийн 2 тоот 24 м.кв зогсоолыг авсан болно. Харин “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-иас би нэг ч төгрөг зээлээгүй бөгөөд энэхүү гэрээг Л.Отгонбаяр надад 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг зээлэхдээ юу ч гэсэн энэ ББСБ-ын гэрээнд гарын үсгээ зурчих, тэгэхгүй бол надаас олон зээл гарах гээд байна, энэ 29.000.000 төгрөгт ямар нэг баримтгүй байж дахин зээл олголоо гээд нөхөр дургүйцээд байна гээд л зуруулсан. Л.Отгонбаярт би өөрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 72 дугаар байрны эоорийн 2 тоот 24 м.кв авто зогсоолыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд Л.Отгонбаяр нь 2016 оны 9 дүгээр сард өөр хүнд шилжүүлж худалдсан болно. Ингээд Л.Отгонбаяраас асуухад төлбөртөө тооцоод  бусдад худалдсан гэсэн. Өөрөөр хэлбэл миний бие Л.Отгонбаяраас 2013 онд 30.000.000 төгрөг, 2015 онд 20.000.000 төгрөг мөн 29.850.000 төгрөг, 2016 онд 17.000.000 төгрөг гээд нийт 4 удаа мөнгө зээлсэн. Үүнээс 2015 оны 20.000.000 төгрөг, 2016 оны 17.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан байдаг. Миний 2015 оны 29,850,000 төгрөгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгө нь 2 автомашин зогсдог зогсоол байсан бөгөөд 45.000.000 төгрөгийн ханштай байсан. Харин Л.Отгонбаяр 30.000.000 төгрөгт тооцон үнэлж барьцаалсан. Харин миний бие “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас биш мөнгө аваагүй, нэхэмжлэгч байгууллагатай ямар ч зээлийн үйл ажиллагаа хийгээгүй, бүр очиж ч үзээгүй, түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж байгаагүй. Би 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвдаваагаас үндсэн зээлийн төлбөрт 30.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.304.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.260.800 төгрөг, нотариатын зардалд 9.500 төгрөг, нийт 37.574.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 499.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 335.821 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Пүрэвдаваа давж заалдах гомдолдоо:...Анхан шатны шүүх "Магна профит энд инвестмент ББСБ" ХХК-иас 30.000.000 төгрөг аваагүй гэж тайлбарладаг боловч "Магна профит энд инвестмент ББСБ" ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗБГ-2015041701 дугаартай "Зээлийн гэрээ"-г Д.Пүрэвдаваатай бичгээр байгуулж, мөн өдөртөө Д.Пүрэвдаваагийн Хаан банк дахь 5099116979 тоот дансанд 29.850.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн "Орлогын мэдүүлзг" 2015.04.17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариатч О.Жаргалсайханы гэрээний үнэн зөвийг баталсан ЗБГ-2015041701 дугаартай "Зээлийн гэрээ"-ээр тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал энэхүү үндэслэлээр үгүйсгэгдэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэт нэг талыг барин үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн зээлийн гэрээ байгуулагдсаныг зээл гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь тус ББСБ-ын данснаас дээрх төлбөр гараагүй бөгөөд тэрээр иргэн Отгонбаяраас зээл авч, Отгонбаяр нь бүүр сүүлд 9 сард энэхүү зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэдгээ хариуцагчийн зүгээс хангалттай тайлбарласан болно. "Магна профит энд инвестмент ББСБ" ХХК бол зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бөгөөд олгож байгаа зээлтэй холбоотой баримтыг бүрдүүлсэн байх ёстой байтал зээлийн үйл ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй, ББСБ-аас дээрх төлбөр огт гаргаагүй зэрэг нөхцөл байсаар байхад шүүх таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК нь хариуцагч Д.Пүрэвдаваад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 38.073.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Пүрэвдаваа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-иас зээл аваагүй иргэн н.Отгонбаяраас зээл авсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

 Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гэрээ байгуулан ЗБГ-2015041701 дугаар гэрээ байгуулж барьцаа хөрөнгийн үнэ нь 30.000.000 төгрөг байхаар тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талуудын гаргасан тайлбараас үзэхэд Д.Пүрэвдаваа гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1.200.000 төгрөгийг “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-д төлсөн байна. /хх77/

 

Хариуцагч Д.Пүрэвдаваа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Пүрэвдаваагаас үндсэн зээлийн төлбөрт 30.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.304.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.260.800 төгрөг, нийт 37.564.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн уг шаардлагын үлдэх хэсэг болох 499.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ ... “нэхэмжлэгч байгууллагаас зээл аваагүй, иргэн н.Отгонбаяраас зээл авсан” гэж заажээ.

 

Хариуцагч Д.Пүрэвдаваа нь зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-тай байгуулж, уг байгууллагад зээлийн гэрээний үүргийг төлж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зээлийг хувь хүнээс авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч Д.Пүрэвдаваагийн ХААН банкны 5099116979 дугаар дансанд 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 29.850.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга дээр “Магна Пүрэвдаваа” гэж бичсэн, хариуцагч зээлийн төлбөрөөс нэхэмжлэгч байгууллагын дансанд хийсэн зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтаас үзэхэд “Магна профит энд инвестмент ББСБ” ХХК-аас зээл авсан нь нотлогдож байна гэж үзнэ. /хх24/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвдаваагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Пүрэвдаваа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ                 

                  ШҮҮГЧИД                            Т.ТУЯА              

                                                               Ц.ИЧИНХОРЛОО