Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                   Прокурор Б.Мөнгөншагай

                                   Хохирогч Б.П

                                   Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Г.Наранбаатар,

                                   Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох эрүүгийн 1826001100073 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Гачин овгийн Б.А

Б.А нь 2018 оны 02 дүгээр сарын 27-ны өглөө согтуурсан үедээ өөрийн гэртээ төрсөн дүү Б.П-н хэвлийд 1 удаа хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.А-д Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариул нь 11 см урттай бор өнгийн модон материалаар хийсэн хутга 1 ширхгийг устгахаар, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдснаар, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д эаасан хэрэгт холбогдсон Б.А-н хэргийг шүүх хянан хэлэлцээд түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх ...Уг хэрэг "болгоомжгүйгээр үйлдэгдсэн" гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаахдаа....шүүгдэгч Б.А, хохирогч Б.П-н хэвлийд 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь болон хэвлийд хана нэвтэрсэн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж тогтоогоогүй.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь уг хэрэг үйлдэгдсэн газар цаг хугацаа, хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлж нотолсон.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг, түүний биед учирсан шархны ул мөр, эд мөрийн баримтаар хураагдсан зэвсэг, эдгээрийг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.А хохирогч Б.П-н биед хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэхээр байна. Хохирогч П-с ....ах А намайг хэзээ ч санаатай хутгалах хүн биш. Би хутгатай гарыг барьж авснаас өөрийгөө гэмтээсэн. Үүндээ хариуцлага хүлээхэд ч бэлэн гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогчийн санал хүсэлтэнд шүүх дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгч Б.А хохирогч Б.П-г айлгах зорилгоор шүүгээнээс хутга авсан боловч түүнийг хутгална, гэмтээнэ гэсэн санаа зорилго, үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Хохирогч уг үйлдэл санаа зорилгыг үгүйсгэж байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж энэ зүйл хэсгээр ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн энэ хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хохирогч Б.П давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, дүү Б.П-н эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан .... нотлох баримтууд болон шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь миний ойлгож байгаагаар энэ хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогч нарын хооронд болж өнгөрсөн үйл явдлыг буруу үнэлж, шүүгдэгч Б.А-н хохирогч гэх Б.П миний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учируулсан гэж дүгнэж хэргийг зүйлчилсэнд гомдолтой байна. Учир нь эцгийн оронд эцэг болсон миний төрсөн ах Б.А нь хэзээ ч төрсөн дүүгээ битгий хэл хэн нэгнийг санаатай гэмтээх хүн биш. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь миний ааш зангаас болсонд би үнэхээр харамсаж, гэмшиж байна. Хэрвээ би ахыгаа өдөөн хатгаж ёс бус авирлаагүй бол ах ухаанаа алдтал уурлахгүй байсан. Миний өнгөрсөн аавын хөөргийг ах та хоёр хоорондоо наймаа хийж надад өгсөнгүй авчихсан. Энийг чинь би айлын хамгийн бага хүү учраас үнэгүй авах ёстой. Та эзэнд нь хөөргийг өгч чадахгүй бол намайг алчихгүй юу гээд өмсөж явсан цамцаа дээш нь сөхөөд гэдсээ гаргаад намайг шаачих шаачих гээд өөдөөс нь явсан. Би ингэж Б.А ахад монгол ёс заншлаа алдсан үг согтуугаараа хэлж, үнэлж авсан үнэт эдлэлийг нь хүчээр авах гэж оролдоогүй бол ийм хэрэг болохгүй байсан. Миний энэ хорон муу үг, гаргасан ёс бус үйлдлээс болоод ах ухаанаа алдтал уурлаж өөрийнхөө юу хийж байгааг ч мэдээгүй байх гэж бодож гэмшиж байна. Ахыг тогооны савнаас хутга авах үед нь би барьж авахдаа хутгатай гарыг нь татсанаас болж хутганд өртсөн байсан. Бидний хооронд болсон үйл явдал хоромхон зуур болж өнгөрсөн. Ах юу болсныг мэдмэгцээн, ах нь дүүгээ хутгална гэж бодоогүй шүү дээ. Чи яах гэж ирсэн юм бэ гээд орилоод толгой дээр үнсээд байсан. Хэрэв санаатай байсан бол өөр зан авир гаргах байсан. Манай ах долоо найман дүүтэй. Бидний хэн алиныг нь урд өмнө аашилж зандарч байгаагүй хүн. Хэрэг учрал болдог тэр өдөр л миний хэлсэн муу үг, этгээд ааш авираас болж ах маань санаа сэтгэлээ захирах чадваргүй болтлоо гомдол цөхрөлд орж өөрийнхөө зан үйлдлийг захирах чадваргүй болтлоо гэнэтийн цочрол, давчдалд орсноос болж хутга авсан гэж үзэж байгаа. Бидний хооронд болсон асуудал бол хэн нэгнийгээ дийлэх гэсэн болгоомжгүй үг болчимгүй үйлдэлээс болсон байхад хуулийн байгууллагууд хэрэг учралыг зориуд санаатай гэж дүгнэж байгааг буруу гэж бодож байна. Миний бие аавынхаа албан ёсоор өөрт өвлүүлээгүй хаш хөөргийг ах өөрийн мөнгөөр худалдаж авсныг мэдсээр байж Б.А ахаас хүчээр санаархан гэр оронд согтуугаар очиж, ахыгаа үл хүндэлж элдэв цээртэй үгээр дарамталж, бүдүүлэг ааш авир гаргаагүй бол энэ хэрэг гарахгүй байсан гэж бодохоос би өөрийгөө буруутгаж байна.

Б.А намайг хутгалах үйлдэл шууд хийгээгүй, ухаанаа алдтал уурлаж бачимдахдаа гал тогооны сав уудалж байхад нь би хутгыг булаацалдах явцдаа миний бие хутганд өртсөн байхад ахыг санаатай хүн хутгалсан гэж байгаа нь бүрч ойлгомжгүй. Энэ хэргийг мөрдөн шалгасан, хянасан, шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгч нар болсон хэрэг явдлын нотлох баримтыг тал бүрээс нь ул суурьтай үнэлж үзэлгүй хийсвэр сэтгэлгээгээр, санаатай гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Би ахыг уурлуулсан, ах хутга эрсэн нь үнэн боловч хутгаар ах намайг дүрсэн үү, би хутгыг булаацалдаж байхдаа өөрийгөө гэмтээсэн үү гэдгийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж би үзэж байна. Миний эрүүл мэндэд учирсан гэмтэл бол хэн нэгний санаатай үйлдэл биш гэдгийг хохирогч гэх би өөрөө хэлсээр байхад, ах чинь санаатай хутгалсан гэж хөндлөнгөөс үнэлж дүгнэж байгаа нь асуудалд хэтэрхий хөнгөн гоомой хандаж байна. Энэхүү хэрэг учрал нь хоёр хүний хоорондын үл ойлголцлоос үүссэн болгоомжгүй үйлдэл гэдгийг мэргэжлийн улс ойлгомоор.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 80-р шийтгэх тогтоолоор Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Б.А-г Б.П-н эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан .... нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-р зүйлийн 3-т заасан хэм хэмжээний дагуу нотлох баримтын эх сурвалжийг судалж үзэхэд, шүүгдэгч Б.А-н хохирогч гэх дүү Б.П-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үнэлэхэд эргэлзээтэй байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг судалж үзэхэд шүүгдэгч Б.А-н үйлдэлдээ хандсан сэтгэхүйн талаас нь харьцуулан дүгнэлт хийхэд хэрэг учрал болох үед тэрээр өөрийнхөө үйлдлийг хянах боломж байсан уу гэсэн асуулт зүй ёсоор гарч байна. Миний өнгөрсөн аавын хөөргийг ах та хоёр хоорондоо наймаа хийж надад өгсөнгүй авчихсан, энийг чинь би айлын хамгийн бага хүү учраас үнэгүй авах ёстой. Та эзэнд нь хөөргийг өгч чадахгүй бол намайг алчихгүй юу гээд өмсөж явсан цамц дээш нь сөхөөд гэдсээ гаргаад  шаачих шаачих гээд өөдөөс нь явсан гэж хохирогч мэдүүлсэн байна. Ахынхаа орон гэрт согтуугаар ирж үндэсний ёс заншилд харш зан авирийг гаргалаа гэж шүүгдэгч дүүдээ ахархаж, санаа сэтгэлийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болтлоо давчуурсан байх магадлал энэ хэрэгт өндөр байна. Энэ хэргийг мөрдсөн, хянасан, эцэслэн шийдвэрлэсэн үйл явцыг бүхэлд нь дүгнэж үзвэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт илүү анхаарал тавьж, шүүгдэгч Б.А-н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүйгээр хэргийг зүйлчилсэн байна. Хохирогчийн мэдүүлэгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.А-н үйлдлийг буюу үйлдсэн гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 зааснаар зүйлчлэхэд эргэлзээ байна.

Шүүгдэгч Б.А нь дүүгийнхээ хэлсэн үг, авир, сэтгэл санаанд  давчдал үүссэн байх магадлал өндөр байна. Мөн хохирогч Б.П бол ах намайг зориуд
хутгалаагүй бид хоёр барилцаж аваад ноцолдож байхад ийм юм болчихсон гэж мэдүүлж байна. Эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж үзвэл шүүгдэгч Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахад хангалттай эргэлзээ бий болгож байгаа тул хэргийн нөхцөл байдал, хохирогчийн хүсэлт зорилгыг ойлгож энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15-р зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2, 11.3 т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 80-р шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 -р зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Улсын яллагч нь нотлох баримтыг цуглуулахдаа яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх талын аль алиныг нь баримтлах ёстой. Гэтэл хуульд заасан шаардлагыг хангаж нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Хохирогч нь хохирогчийн өмгөөлөгчийн хэлснээр Монгол ёс заншилд харш зан авирыг гарган ахынхаа гэрт согтуугаар агсан согтуу тавьж өмнөх хөөргийг тогтоож чадаагүй байж дахиад үгүй хийх нь үү? хөөргийг эзэнд нь чадахгүй бол, намайг алчихгүй юу гээд өмсөж явсан цамцаа сөхөөд гэдсээ гарган шаачих шаачих гээд өөдөөс нь явж танхайрсан байдаг... Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байдал тогтоогддоггүй. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү тайлбарлахдаа болгоомжгүйгээр хутгалсан гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч нарын мэдүүлгээр тухайн болгоомжгүй гээд байгаа үйлдэл нь үгүйсгэгдэж байна. Хохирогч  гал тогооны өрөөнд ороод тогооны сав ухаж байгаад шууд намайг эргэж хараад хутгалсан гэж нь мэдүүлсэн байдаг. Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлээд байгаа санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Тухайн этгээд хэрвээ цочрон давчидсан бол өөрийн үйлдлээ хянах чадваргүй байх ёстой байсан. Гэтэл шүүгдэгч нь миний уурыг хүргээд би тогооны саваа ухаж байгаад хутга гаргаад шууд эргэж хараад хутгалсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн ах дүү 2 байдаг. Энэ байдлуудаас үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах ёстой гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Б.А нь 2018 оны 02 дүгээр сарын 27-ны өглөө согтуурсан үедээ өөрийн гэртээ төрсөн дүү Б.П-н хэвлийд 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Б.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Д.Ж /хх-18-19/, гэрч Г.О /хх-20-21/, гэрч Н.Э /хх-ийн 22/, гэрч Б.Ж /хх- 23/, гэрч Б.У /хх-26/ нарын мэдүүлэг, хохирогч Б.П-н эрүүл мэндэд “хэвлийн дотор хана нэвтэрсэн шарх” бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-33/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх-7-8/, хохирогч Б.П-н өвчний түүх /хх-55-70/, шүүгдэгч Б.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, нотлох баримтыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, хохирогч Б.П нар нь төрсөн ах дүү болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ч шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй гэж үзэн Б.А-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Б.П, хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Б.А-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.П, хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх шүүдэгчийн цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.