Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/752

 


 

 

 

 

 

 

  2021            11           24                                2021/ШЦТ/752

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105020081631 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Хэнтий аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/ *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжиж шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Улс” зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Д-нүүр рүү цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дух, уруул, сарвуу, шуунд цус хуралт, уруулд язарсан шарх, тавхайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      

        Шүүх хуралдаанд шүүгдэгч *******-“Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэх зүйлгүй. Миний буруу. Гэмшиж байна. Шүүхээс надад торгох ял оногдуулж өгнө үү. ” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Х.Д- мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн нөхөр *******- 22 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хермэс худалдааны төвийн ойролцоо байдаг нэг зочид буудалд орсон. Манай нөхөр маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэж байсан тул нөхөр бид хоёр гадуур хамт хонож байсан юм. Бид хоёр буудалд байж байтал манай нөхөр унтаад өгсөн. Би шөнө 03 цагийн үед утсаараа дуу сонсож хэвтэж байгаад нөхрөөсөө дууны нэр асуух гээд сэрээтэл *******-намайг гэнэт цохиод эхэлсэн. Манай нөхөр намайг 3-4 удаа гараараа миний зүүн хацар руу алгадаад, мөн гараа атгаж байгаад миний толгойны баруун зүүн хэсэг рүү 3-4 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалаад нүүр ам хөхөрчих вий гээд доош хараад нүүрээ таглаад хэвтэж байсан. Манай нөхөр *******-намайг цохихоосоо өмнө ойролцоогоор 2-3 минут миний хоолойг хоёр гараараа багалзуурдаж боосон. Энэ үед би орон дээр хэвтэж байсан ба *******-миний дээр гарчихсан хоолой боогоод би амьсгалж чадахгүй түүнийг болиулж дийлэхгүй байсан тул эсэргүүцэж байхдаа түүний нүүрийг хумсаараа самардсан байсан. Тэгээд *******-намайг орон дээрээс өргөөд газарт буюу шал руу намайг шидсэн. Тэгээд миний нүүр рүү баруун гараараа нэг удаа нэлээн хүчтэй цохисон. Энэ үед миний амнаас маш их хэмжээний цус гарсан. Би миний шүд уначихлаа гэж бодсон. Учир нь миний амнаас цус гарч буудлын өрөө маш их цус болсон. Тэгээд *******-буудлын өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Би өөрийн хүүхдийн эцэг *******- 2019 оны 7 дугаар сарын 12-нд танилцаж байсан. Ингээд бид хоёр уулздаг байсан ба тэр үед би өөрийн нөхөр *******- салах нь зөв юм байна гэж боддог байсан. Тухайн үед *******-нь ажил төрөл хийдэггүй гадуур их тэнэдэг байсан тул би энэ их бүтэхгүй нөхөр юм байна гэж бодоод салах гэсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сард *******- салах гэтэл би тухайн үедээ жирэмсэн болсон байсан ба тухайн үед хүүхдээ авхуулж байсан. Ингээд хүүхдээ авхуулчхаад би сэтгэл санааны хувьд маш их гутралд орсон ба энэ үед манай хүүхдийн аав болох *******-нь надаас салахгүй эргээд нийлье гээд байсан тул бид 2 буцаж нийлж 2021 оны 3 дугаар сард дундаасаа нэг хүүтэй болсон. Одоо бид 2 хараахан тусдаа гараагүй байгаа тул гэр гэртээ байдаг. Манай нөхөр ихэвчлэн хөдөө ажилладаг ба ажилдаа нэг явахаараа ойролцоогоор 1-3 сар орчим болдог. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/

 

        Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Их-Уулс зочид буудлын 3 давхрын 304 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Долгионтой 1 ширхэг Сэнгүр гэх нэртэй пиво аваад орсон, бид хоёр пиво уугаад 01 цагийн үед унтсан, 03 цагийн үед хамтран амьдрагч Долгион намайг сэрээгээд дууны нэр асуугаад байсан би унтаж байсан учраас сэрээлээ гээд уур минь хүрээд Долгионы нүүр рүү нь 2 удаа цохисон, хоолойг нь боосон, уруул руу нь баруун гараараа цохисон, хоолойг нь багалзуурдсан. Тэгээд би буудлын өрөөнөөс гараад явсан. Буудлаас гартал 2 цагдаа ирчихсэн намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би хамтран амьдрагч Долгионтой буудал орж хоночхоод маргааш нь Өмнөговь руу ажлаар явах гэж байсан юм. Сайн унтаж амрах ёстой байсан, Долгион намайг унтуулахгүй сэрээсэн тул уур хүрээд Долгионыг цохиж зодсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9327 дугаартай “Х.Д-биед дух, уруул, сарвуу, шуунд цус хуралт, уруулд язарсан шарх, тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна .” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

        Шүүгдэгч *******-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжиж шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Улс” зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Д-нүүр рүү цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дух, уруул, сарвуу, шуунд цус хуралт, уруулд язарсан шарх, тавхайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Долгион намайг унтуулахгүй сэрээсэн тул уур хүрээд  цохиж зодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ин 51-52/, хохирогч Х.Д-“...манай нөхөр намайг 3-4 удаа гараараа миний зүүн хацар руу алгадаад, мөн гараа атгаж байгаад миний толгойны баруун зүүн хэсэг рүү 3-4 удаа цохисон...миний хоолойг хоёр гараараа багалзуурдаж боосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/, шинжээчийн 9327 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

       

        Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******-нь хамтран амьдрагч Х.Д-ыг “унтуулсангүй шөнө сэрээлээ” гэх шалтгааны улмаас түүнийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч *******-шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

 

        Шүүгдэгч *******-үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд согтуугаар хамтран амьдрагч Х.Д-нүүр рүү цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дух, уруул, сарвуу, шуунд цус хуралт, уруулд язарсан шарх, тавхайнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Х.Д- хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргагдаагүй байх тул шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. *******-ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин *******-болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч *******-бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ