| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/181 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Сад холбогдох эрүүгийн 2107 00000 0231 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа баар ажиллуулдаг, ам бүл 5, хадам аав, ээж, эгч, хүүхдийн хамт ..................................................................................................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
РД: ...................., ******* овогт Б.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............. амралтын газрын орчимд байрлах гэр амралтад Э.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараар болон унь модоор цохих зэргээр халдаж түүний биед "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаарх нөхцөл байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Миний буруутай үйлдлээс болоод хохирогчид гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна. Миний буруу...” гэв.
Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 21 билүү 22 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэг гэр амралтанд эхнэрийн болон өөрийнхөө найзтайгаа хамт очиж амарсан. Тухайн үедээ бид хэд 0.75 литрийн “Күйн” нэртэй архи 2 шил, том савтай пиво 1 ширхэгийг хувааж угаад бүгдээрээ л согтчихсон байдалтай байж байсан. Тэгтэл манай амралтын гэрт хажуу талын амралтын гэрт амарч байсан хоёр залуу орж ирээд бид хэд рүү орилж чарлаад манай эхнэр Мтэй хэрэлдээд байхаар миний уур хүрүүд эхнэрээ өмөөрөөд тэр хоёр залуутай муудалцсан. Тэгсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би цохиулсандаа уурлаад тэр залуугийн араас гарсан чинь намайг анх цохисон залуу нэг гартаа хугархай Монгол гэрийн унь барьчихсан миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би шууд буцаж өөрийнхөө амралтын гэрлүү ороод толгойгоо боолгоод сууж байсан чинь намайг цохисон залуу гэрт орж ирж надаас уучлалт гуйсан. Миний биед гэмтэл учруулсан залууг цагдаа нар ирээд эрүүлжүүлэхээр аваад явчихсан... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дээрх гэмтлийг миний биед Б.С гэх залуу миний толгой руу хугархай униар цохиж дээрээс нь гэр дотор надтай маргалдаж байхдаа миний нүүрлүү 1 удаа цохиж учруулсан Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхүй...." /хх-05-07/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 02 билүү 03 цагийн үед манай амралтын гэрт хажуу талын амралтын гэрийн үл таних 2 залуу орж ирчихээд гэрээс гарахгүй хоёулаа согтчихсон байдалтай байхаар нь М тэр хоёр залууд "өөсрдийнхөө амралтын гэрлүү орооч ээ бид нар амрах гэж байна, эндээс гар" гэж хэлсэн тэгсэн чинь тэр хоёр Млүү согтуурхаад хэрэлдээд байхаар нь манай найз Б эхнэрээ өмөөрч тэр хоёр залуутай маргалдаж муудалцсан. Тэгсэн тэр хоёр залуугийн нэг нь болох нөгөөгөөхөөсөө арай өндөр нь Бгийн нүүрлүү нь гараараа 1 удаа цохиод гэрээс гараад яваад өгсөн. Ардаас манай найз Б бас дагаад гарсан. Ингэхээр нь би найздаа санаа зовоод тэр хэдийн араас гартал нөгөө өндөр залуу нь гартаа нэг хугархай унь барьчихсан Бгийн толгой руу 1-2 удаа цохисон. " /хх-09/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг манай гэр амралтанд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 21 цагийн үед хэсэг хүмүүс ирж амралтын гэр авч амарсан. ...шөнө 03 билүү 04 цагийн үед манайд амарч байсан хүмүүсийн нэг нь намайг дуудаж сэрээгээд "манайхан хоорондоо маргалдаж муудалцаад байна, та очоод салгаад өгөөч" гэж гуйхаар нь би тэр хэдийн амарч байсан гэрлүү орсон чинь хоёр залуу хоорондоо муудалцсан байдалтай намхан нуруутай бор царайтай залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан..." /хх-11/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 билүү 23 цагийн үед өөрийн найз Сын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг гэр амралтанд очиж амарсан. Очоод бид хоёр 0.75 литрийн “Eden” нэртэй архи 1 шил, лаазтай пиво 15 ширхэгийг хувааж ууцгаагаад нэлээн согтсон. Тэгээд шөнө 02 билүү 03 цагийн манай найз С бид хоёр хажуу талын амралтын гэрлүү ороод байж байсан чинь тэнд байсан нэг эмэгтэй бид хоёрыг загнаад амралтын гэрэсээ хөөгөөд байхаар нь С уурлаад тэр эмэгтэйтэй хэрэлдсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу орноосоо босож ирснээ С бид хоёрлуу эхнэрээ өмөөрч хэрэлдэж байгаад би Сыг дагуулаад тэр гэрээс гараад өөрсдийнхөө амралтын гэрлүү явж байтал нөгөө залуу бид хоёрын араа гараад ирчихсэн бид хоёртой муудалцах гээд байсан. Тэгэхээр нь С газар байсан хугархай унь аваад гартаа бариад тэр залууг айлгах санаатай зогсож байсан чинь тэр залуу бүр зодолдох гээд дайраад байхаар нь С барьж байсан униараа түүний толгой руу 2-3 удаа цохисон юм. /хх-13/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 билүү 23 цагийн үед би найзуудын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг гэр амралтанд очиж амарсан. Тухайн үедээ бид хэд бүгдээрээ л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтоцгоосон байсан. Тэгээд хажуу гэрт амарч байсан танихгүй хүмүүстэй хоорондоо танилцаж нэг нэгнийхээ гэрээр орж гарцгаагаад байцгааж байсан. Тэгтэл шөнө 02 билүү 03 цагийн үед манай хоёр найз болох С, Ц хоёр хажуу талын гэрийн хүмүүстэй хоорондоо хэрэлдэж муудалцаад байгаа бололтой байсан нэг мэдсэн гадаа чанга орилолдоод хоорондоо зодолдоод байх шиг байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө найзуудын хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж рүү амрах зорилгоор яваад шөнө 21 билүү 22 цагийн үед нэг гэр амралтанд очиж амарцгаасан. Тухайн үедээ бид хэд амралтынхаа гэрийг авчихаад хоол унд хийж идээд 1 шил 0.75 литрийн “Eden” нэртэй архи, хэдэн ширхэг лаазтай пиво бөөндөө хувааж уусан. Тэгэхэд манай амралтын гэрийн хойд талд бас нэг хэсэг бүлэг хүмүүс амарч байгаа болотой бид хэдтэй адилхан ууж идэцгээгээд байж байхаар нь манай найз Ц тэдгээр хүмүүстэй очиж уулзаж хоорондоо танилцацгаагаад байсан. Тэгтэл шөнө 01 билүү 02 цагийн үед манай найз Ц тэр хойд талын гэрийн хүмүүстэй хэрүүл хийгээд байх шиг байхаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод хойд талын гэр лүү орсон, намайг орох үед манай найз Ц нэг эмэгтэйтэй хэрэлдээд зосгож байсан тэгтэл удаагүй амралтын гэрийн орон дээр байсан нэг залуу босож ирээд Цтой хэрэлдээд байсан эмэгтэйг өмөөрч Ц бид хоёртой бас хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд тэр залуугийн нүүрлүү гараараа 1 удаа цохиод найзыгаа дагуулаад амралтынх нь гэрээс гараад явсан. Ингээд өөрсдийнхөө амралтын гэрт ороод сууцгааж байсан чинь манай гэрийн гадаа нөгөө хойд талын гэрт байсан залуу бас нэг найзтайгаа хамт хэрүүл хийгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсож байхаар нь би тухайн амралтын газрын хашаан дотор хугархай уньнууд байхаар нь нэгийг нь аваад анх гэр дотор манай найз Ц бид хоёртой хэрүүл хийгээд байсан залуугийн толгой руу 2-3 удаа цохисон юм. Тэгтэл нөгөө залуу нь хүрч ирээд надад цохиулсан найзыгаа аваад яваад өгсөн. Тэгээд би ч тэр хугархай униа газар шидэж хаячихаад амралтын гэрлүүгээ орсон.... Дээрх гэмтлийг би тухайн үед Э.Бгийн биед толгой руу нь униар цохиж, нүүрлүү нь гараараа 1 удаа цохисны улмаас үүсгэсэн юм. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна....” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-19-20/,
Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-21/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............. амралтын газрын орчимд байрлах гэр амралтад Э.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараар, унь модоор цохих зэргээр халдаж түүний биед "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Мтэй хэрэлдээд байхаар миний уур хүрүүд эхнэрээ өмөөрөөд тэр хоёр залуутай муудалцсан. Тэгсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би цохиулсандаа уурлаад тэр залуугийн араас гарсан чинь намайг анх цохисон залуу нэг гартаа хугархай Монгол гэрийн унь барьчихсан миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би шууд буцаж өөрийнхөө амралтын гэрлүү ороод толгойгоо боолгоод сууж байсан чинь намайг цохисон залуу гэрт орж ирж надаас уучлалт гуйсан..." гэх мэдүүлэг, Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгсэн тэр хоёр залуугийн нэг нь болох нөгөөхөөсөө арай өндөр нь Бгийн нүүрлүү нь гараараа 1 удаа цохиод гэрээс гараад яваад өгсөн. Ардаас манай найз Б бас дагаад гарсан. Ингэхээр нь би найздаа санаа зовоод тэр хэдийн араас гартал нөгөө өндөр залуу нь гартаа нэг хугархай унь барьчихсан Бгийн толгой руу 1-2 удаа цохисон ”гэх мэдүүлэг, Гэрч Б.Уь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нэг нь намайг дуудаж сэрээгээд "манайхан хоорондоо маргалдаж муудалцаад байна, та очоод салгаад өгөөч" гэж гуйхаар нь би тэр хэдийн амарч байсан гэрлүү орсон чинь хоёр залуу хоорондоо муудалцсан байдалтай намхан нуруутай бор царайтай залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан. гэх мэдүүлэг, Гэрч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгсэн чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу орноосоо босож ирснээ С бид хоёрлуу эхнэрээ өмөөрч хэрэлдэж байгаад би Сыг дагуулаад тэр гэрээс гараад өөрсдийнхөө амралтын гэрлүү явж байтал нөгөө залуу бид хоёрын араа гараад ирчихсэн бид хоёртой муудалцах гээд байсан. Тэгэхээр нь С газар байсан хугархай унь аваад гартаа бариад тэр залууг айлгах санаатай зогсож байсан чинь тэр залуу бүр зодолдох гээд дайраад байхаар нь С барьж байсан униараа түүний толгой руу 2-3 удаа цохисон юм. Тэгтэл хажуунаас тэр залууг найз нь гэх нэг залуу хүрч ирээд Саас найзыгаа салгаж аваад буцаад гэрлүүгээ орсон...”гэх мэдүүлэг, Гэрч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл шөнө 02 билүү 03 цагийн үед манай хоёр найз болох С, Ц хоёр хажуу талын гэрийн хүмүүстэй хоорондоо хэрэлдэж муудалцаад байгаа бололтой байсан нэг мэдсэн гадаа чанга орилолдоод хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тухайн үед би согтчихсон байсан учраас гарч харж чадаагүй ингээд удаагүй нөгөө хэд маань гэрт орж ирчихээд буцаж дахиад гэрээс гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна, тэгээд унтаад өгсөн...”гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн амралтын газрын хашаан дотор хугархай уньнууд байхаар нь нэгийг нь аваад анх гэр дотор манай найз Ц бид хоёртой хэрүүл хийгээд байсан залуугийн толгой руу 2-3 удаа цохисон юм. Тэгтэл нөгөө залуу нь хүрч ирээд надад цохиулсан найзыгаа аваад яваад өгсөн. Тэгээд би ч тэр хугархай униа газар шидэж хаячихаад амралтын гэрлүүгээ орсон.....Дээрх гэмтлийг би тухайн үед Э.Бгийн биед толгой руу нь униар цохиж, нүүрлүү нь гараараа 1 удаа цохисны улмаас үүсгэсэн юм. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна...”гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зан авиртай холбоотой байдлыг гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Сад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Б нь шүүгдэгч Б.Сад гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД